Асар тунгалаг үзэсгэлэнт цагаан лагшны хот мандал ану
Аялгуут биван хөгжмийг эгшиглүүлэн алман саран мэт мүшээсэн
Адистидын дээдийг хайрлагч Сарасвадийн сэрүүн тунгалаг гэрлээр
Агуу хэлний эрхэт гүмүда цэцгийг дэлгэрүүлэн зохио
Зава Дамдин Лувсандаяан “Алтан Дэвтэр”-ийн Үндэс “Хорчойнжүн Зава”
Ийнхүү дээдсийн алдрыг аймшиг үгүй дуудаж, басхүү Урлагийн Охин Тэнгэрийн өлмийн өмнө зарим нэгэн зүйл өгүүлж болохуйн соёрхлыг өчүүхэн хөвүүн бээр атгахан зүрхнээсээ сөгдөн өчиж, мэдлэг дулимаг ч бусад дор ямарваа тустайн үүднээс урлагийн зарим нэгэн зүйлсийн тухай өөрийн оюуны молхи самбаагаар үл өгүүлэн өгүүлвээс ийн:
1. ШИНИЙН ХОЁРНЫ САРАН
Өвлийн эхэн сарын шинийн хоёрны саран гойд үзэмж төгс ургаж, Сарасвад Охин тэнгэрийн мүшиеэл болон тэнгэр огторгуйг чимэн гялалзахуй лугаа сац Азийн Цагаан Дагина хэмээн мэргэд эш үзүүлсэн ба тэдний балгад болох Цогт Цагийн Хүрднээс эш үзүүлсэн ирээдүй Шамбалын эриний Улаанбаатарын Балгад хэмээх нэгэн гайхамшигт хот буй боловч эдүгээ тэмцэлт цөвүүн цагийн эрхээр үйл хийгээд нисваанисын хорт утаа манан дор даамай хучигдан энэлэхүй мэт оршин буй авч цаг цагийн шуурган дор сөрөн гарч, урган тодордог чин зоригт мэргэдийн ёсоор олон олон онцгой мэргэд чуулсны дотроос эдүгээ цаг дор "Ялгуусны Дуваазын Оройн Чандмань" хэмээх орчлон дор нэн ховор алдрыг эх, эцгээс авч, түүнийгээ Монголын болон Дэлхийн урлаг дор дуурсган буй аялгуу эгшгийн амьд уурхай сан хөгжмийн зохиолч тэр нэгэн бээр өөрийн эрдмийн дотно садан "Насны Бүтээлч" хэмээх аруухан эрдэмтэн зохиолч, яруу найрагч хүмүүний зохиол бүтээлийн нэгээхэн хэсэг болох хорин дөрвөн ярууслын шүлгийн цомог дор аялгуу эгшгийн цомнол зохион түүнийгээ ард олны соёл гэгээрлийн төлөө зориулжухуй. Үзэсгэлэнт саран авхайг ч сааралтуулан сүүмэлзүүлэх тэрхүү утаа манан ч эл "эгшиг дууны дууриал жүжиг" ургахуйн нэгээхэн шалтгаан нөхцөл болсон буй заа.
2."ЭГШИГ ДУУНЫ ДУУРИАЛТ ЖҮЖИГ" ХЭМЭЭХҮЙ
Их хөгжмийн зохиолч тэр бээр өгүүлрүүн; "өнөөдрийн энэ бүтээл бол дуу бус, энэ бол романс" хэмээх тэргүүтнийг өгүүлжүхүй. Тийн бөгөөс "романс" хэмээх нэр томъёо болон түүний гарвал, түүх зэргийг орхиж гагцхүү утгыг ану ухваас хүмүүний сэтгэлийн болон сэтгэлгээний амьдралын торгон мэдрэмж нүгүүдийг яруу найраг, эгшиг аялгуу лугаа хослуулан тухай тухайн гаргасан санааны онцлог дор тохирсон хоолойтон дор дуулуулан дууриалуулдаг ажээ.
Ер тэдгээр дуурийн болон дууриалт дуучдыг шинжиж сонгодог урлаг дор ангилан тодорхойлсныг дотоод сэтгэлгээний хөрсөн дор буулгаж, танин барихуй лугаа дөхөм болгож, монгол хэл бээр томъёолбаас ийн; "галбингаан хоолойт", "ангир хоолойт", "эрслэн хоолойт", "адуун хоолойт", "буган хоолойт", "луун хоолойт", "гургалдай хоолойт", "тогоруун хоолойт", "хон хоолойт", "эсүрийн уншаач хоолойт”, “чонон хоолойт”, “тэнгэрийн хөвгүүний хоолойт”, “хөлөг баатрын хоолойт”, тэргүүтэй маш өндөр зэрэглэлийн болон маш ховор хоолойтон нугуудаар дуулуулдаг агаад дууриалагчид бээр дүрдээ орох ба гадаад, дотоод, хоолойн хэв намбыг тааруулан "Эгшиг дууны дууриал жүжиг" болох энэхүү гайхамшигт толилийг нийгмийн болон хувь бодгалийн шударга сайн явдал, харуусал гуниг, хайр энэрэл, халуун сэтгэл, хатан зориг, эх нутгийн уул ус тэргүүтний төлөө үлэмж сэтгэлээр идэвхийлэн зориулдаг ажээ. Эл үдэш тав таван дуулаач нугуудаар багцалж, цомнолоо гаргасан дор дээр дурдсан хоолойт нугуудаас таван өнгийн хоолойгоор дууриалжухуй.
Тийн бөгөөс "Романс"-ыг утгачлан хөрвүүлбээс "Эгшиг дууны дууриалт жүжиг" хэмээх лүгээ буух бөгөөд шууд нэг үгээр хөрвүүлбээс "Дууриалт" хэмээн шууд орчуулж болохуй мэт сэтгэгдэх тул мэргэд болгооно буй заа.
Харин "Дууриалт" ану яагаад "Дуурь" хэмээх нэгэн их урлагийн төрлөөс ялгаатай буй? хэмээвээс: Дуурийг бодвол ихэвчлэн сэтгэл хөдлөлийн айзам эгшгийг голлодог ба дуурийн дууриалаас богиновтор хэмжээний болоод дуурийн гоцлол шиг огцом сүржин бус. Уянгын хүүрнэл шиг түүх ярьдаггүй. Хөнгөн хэмнэлт дуу шиг хэмнэл давамгай бус. Хайрын дуутай төстэй боловч илүү нарийн, уян налархай эгшиг дууны дууриалт жүжиглэл тул ялгаатай аж.
3.УЛААН ХӨТӨЛБӨР
Тэрхүү алман сар мандсан үдэш дууриалт тоглолтыг үзэх завшааныг тэр нэгэн бээр чин сэтгэлээс тохируулж, үзэж сонсохуйг эдэлсэн өчүүхэн хөвгүүн би бээр нэгэн зүйл онцгой санагдсан тул бодрол юугаан үлгэрлэл хийгээд утгын үүднээс үл бичин бичвээс ийн:
Багш гэгээнтэн ном тавихуй дор шавь нарын өмнө ширээн дээр заларч авшиг, даган соёрхол, увдис, хөтөлбөр тэргүүтнийг нарийн нягт ойлгомжтой тайлбарлан ухааруулж, ойлгуулж, уламжлуулан айлддаг ёсон буй.
Тэдгээрийн дотроос төрөлхийтний сэтгэлийг хөтөлдөг "хөтөлбөр" хэмээх маш чухаг зүйл буй дор "улаан хөтөлбөр", "түргэн хөтөлбөр", "номлол хөтөлбөр", "амсуулах хөтөлбөр", “хуруугаар заах хөтөлбөр" тэргүүтэн буйгаас "улаан хөтөлбөр" хэмээх инү үлгэрлэвээс их эмч багш ану шавь дороон хүмүүний хүүрийг улайлган бүхүй биеийн судал шөрмөс, дотор эрхтэн тэргүүтэй махбодыг задлан үзүүлж, таниулан хөтөлдөг адил Их хөгжмийн зохиолч тэр үдэш тайзан дээр найрал хөгжимчид болон дуулаачдын хажууд даруухан суудал дээр саатаж, урдаа нам ширээ тавин, хүн бүрд дууриалт шүлгийн бяцхан ном бариулаад, ялгамжаат чанар болон шүлэг бүрийн уран санаа, аялгуу эгшиг бүрийн мэдрэмж, дулаачдын хоолойны ур чадвар, ер бүтээл бүрийн утга учрын тухай үзэгчид дор улайлган айлдах ба угтаа улаан хөтөлбөр үзүүлэн буй аж. Хамгийн гол ану хоёр туйл лугаа унах үгүй байхыг хүмүүс дор сануулан буй ану тун голчтой.
Юун хэмээвээс хүмүүс шүлгийн үгээ хэт анхаараад хөгжмийн аялгуу хэлийг умартах вий, хөгжмөө хэт анхаараад дуулаачийн гаргаж буй дотоод сэтгэлийн жүжиглэлтийг огоорох вий, тиймийн тул бүгдийг цогцоор ану мэдэрч, ойлгож хүлээж авахуйг үе үе мэргэн аргын үүднээс сануулан бүгдийн сэтгэлийг додомдож байлаа.
Басхүү бэлгэ чанар төгөлдөр багшийн эрдэм нүгүүд дор утгыг гүн хийгээд дэлгэр, зарим үе нойроос сэрээж инээлгэх ба омгийг дарж уйлуулах тэргүүтэй олон эрдэм нүгүүдээс ч үзэгдэх аж. Бус орон дор хөгжмийн зохиолчид ану ийн суугаад улаан хөтөлбөр үзүүлснийг харсан үгүй ба үзүүлдэг болов уу? яадаг бол хэмээн өөрийн эрх үгүй бодогдсон юм. Хэрэв зээ, Их хөгжмийн зохиолч бээр ийн хөтлөөгүйсэн бол над мэтээс аваад олон хүмүүн урлагийн эл гоц үзэгдлийг сайтар ойлгох үгүй гэртээ харих байсан ану магад буй заа. Их хөгжмийн зохиолч болон лам багшийн айлдвар чухам ямар ялгаатай буй хэмээвээс лам гэгээнтэн шавь нарыг ертөнцийн үзлээс хагацуулж, чинагшлаад орчлонгийн хүлээснээс ангижруулж, юмс үзэгдлийн мөн чанар, туйлын үзлийг олж гэгээрүүлэх зам айлддаг бол Их хөгжмийн зохиолчийн бүтээл хийгээд айлдвар ану орчлонгийн хүмүүсийн ёс зүй, өндөр соёл, хүмүүн байхуйн утга учрыг урлагаар, тэр тусмаа ховор төрлийн сонгодог урлагаар толилуулан буй аж.
Тийн бөгөөтөл энэ хоёр гал ус шиг харшлах буюу? хэмээвээс; үгүй бөгөөд ертөнцөөс ялангуйт болох зам дор одсон төрөлхийтэн болон өндөр эрдэмт, гүн билигт, хурц авьяаст болоод ёс зүйт хүмүүний ёс журам, зориг санаа тэргүүтэн угаас авьяасын эрхээр бүрдсэн байх тул эгэл хийгээд эгэл үгүй бодгаль тэдэн бээр хүмүүний амьдрал дор чухал хэрэглэхүүн болох урлагийг ялдар хаях үгүй бөгөөд урлагийн зам мөрөөр орчлонгийн олон төрөлхийтнийг соёл гэгээрэл дор хөтлөхүй ба тийнхүү хөтөлсний үрээр амар амгалан орших шалтгаан нөхцөлийг бүрдүүлдэг тухай Урлагийн Эр Тэнгэр "Хутагт Залуу Болсон Зөөлөн Цогтын Алдрыг Өгүүлэхүй Судар" дор нарийвчлан айлдсан буй агаад басхүү Винапа хэмээх хөгжимч хан хөвгүүн хутагт багшийг шүтэж увдис авч дияан дор оршсон бөгөөтөл хөгжмөө орхил үгүй дотоод бясалгал бүтээл үйлдэж, төгс гэгээрсэн ба галт уул, мэст далай дор оршсон мэт цагийг тохинуулагч Өндөр гэгээн бээр дайн дажны хөл дор сөхрөх бүү хэл төр улс, ард олон, ном бүтээлээ орхил үгүй ажирсан хийгээд хэцүү цаг үе дор урлагаа ч мөн орхил үгүй дэлхий дахинаа алдартай Очир Дара, Ногоон Дарь Эх тэргүүтэй урлагийн шүтээн нүгүүдийг бүтээж, басхүү өөрийн айлдсан дуулал нугууд дор ая зохиосон ба дэлхий дор хаана ч үгүй "маань татах ёс" тэргүүтнийг үлдээснээс үзвээс аливаа төрөлхийтэн дор урлаг хийгээд түүнийг хөтлөн ухааруулахуй ану хэр чухаг болохуй ану ухагдах болмуй.
4.ХАЙР НАЙР ҮГҮЙ
Соёл гэгээрлийн сонгодог урлаг ану гагц хүмүүнийг аргадан байдаг зүйл буюу хэмээвээс; бас ч зарим үе, зарим тохиолдол дор тийм ч найртай сайхнаар толгойг ану илж таалан хайрладаг үгүй аж. Яруу найрагчийн зарим шүлэг инү харуусах ёстойг ану голыг ану харлатал харуусуулах, басхүү донгодох ёстой нугуудыг үгийн ташуураар ороолгох ба нэг бол тэнгэр бууж, аянга ниргэх мэт шударга өгүүлсэн буйг хөгжмийн зохиолч бээр тэдгээрийг яг таг гүн мэдэрч харуусал ганцаардлын харгуй лугаа "за чи ухаарах үгүй, бусдыг хайрлах үгүй явсаар ийн болсон тул, ингээд чи харуус! Ингээд чи гутар!" хэмээх ба хатуухан донгодох хэрэгтэйг ч бас ар араас ану нижигнүүлэн "ичих нүүртэй бол ингээд ич! Чиний энэ инээдтэй, адгийн байдал чинь ийм тийм байна!" хэмээн хөгжмөөр дүрслэн жүжиглэж шүлгээр дууриалуулахуй байдлаар хайр найр үгүй талбижухуй. Үүгээрээ орчлонгийн гэм халдаж өөрийн мэдэл үгүй энэлэн яваа төрөлхийтнийг сэрээн шийтгэж, сэхээрүүлэх бөгөөд тийн гэм халдаагүй ч тийм цалгар явбал ийм гэмтэй шүү хэмээн анхааруулан дурдсан санаа ажээ.
5. ЯРУУ ӨГҮҮЛЛИЙН ЦОМОРЛИГ
Яруу найрагч төрөлхийтэн бүр өөр өөрийн онцлогтой. Басхүү тэд гүн, ёгт, далд, тодорхой, товч, дэлгэрэнгүй, шууд, магадлалын, уянгын, үлгэрлэлийн тэргүүтэй элдэв зүйл шүлэг нүгүүдийг өөр өөрийн өвөрмөц өнгөөр бичдэг.
Жишээ инү зарим шүлэгчид Алтайн уулсыг дагина, ээж, охин тэнгэр тэргүүтэн лүгээ төсөөлж хардаг бол зарим ану Алтайг эцэг, эр тэнгэр, хүчит баатар, онгод сахиус, бурхан хэмээх мэт лүгээ төсөөлөн буулгадаг.
Угтаа Алтайн уулс бол нэгэн зүйл уул бөгөөд нас, хүйс, хол, ойрын ялгал үгүй. Гэвч түүн дор оршсон сүнс сүлд, үүх түүх, үлгэр домог тэргүүтний мэдээлэл ба өгөгдлөөр хийгээд тийн үгүй байсан ч зохист аялгуучид ба яруу найрагчид өөр өөрсдийн тухайн цаг үеийн мэдрэмжээрээ шүлэг, дуулал болгон буулгадаг хэмээлтэй. Тийн бөгөөс энэхүү өгүүлэн буй эгшиг дууны дууриал жүжгийн үүсгэлийн эзэн, яруу найрагч "Насны Бүтээлч" абугайн нэгэн шүлэг дор Отгон Тэнгэр Хайрханыг "Охин тэнгэр" хэмээн магтан дуулжухуй.
Монголчууд бол эрт цагаас Буддын судар дор айлдсанаар Отгон Тэнгэр Хайрханыг Очирваань бурхан буюу Хүч чадлын ядам бурхан оршсон учир "эр тэнгэр" хэмээн сүслэн дээдэлдэг учир "охин тэнгэр" хэмээн шууд сэтгэл дороон буулгаж авч хүрэлцэх үгүй ч найрагч бээр хайрханы цаст оройгоос шижим авч уулын ам, гуу жалга бүрээр урсаж буй тунгалаг гол горхи бүрийг ятга хөгжмийн чавхдас нугууд лугаа дүрслэн буулгаснаар хайрханыг тэрхэн үе дор л охин тэнгэрээр өөрийн эрх үгүй хүлээж авах шидийг туурвижухуй. Чингэтэл эл цомнолын амьсгалын эзэн Их хөгжмийн зохиолч бээр эл шүлгийн дууриалтын аяыг зохиож, найрал хөгжмийг найруулахуй дороон ятга хөгжмийг гоцлуулан тоглуулснаар чухамхүү хөгжмийн хэлээр ярих увдисыг улам тодорхой үзүүлжүхүй. Хөгжмийн хэл хэмээх үг үгүйгээр уянгалан эгшиглүүлж яруусахуй дороон бусад дор яруу утгыг ойлгуулж, сэтгэлийг инү булааж чаддагаараа зохист аялгуу буюу. Яруу найраг буюу. Яруу өгүүлэл буюу. Үг үгүй үг буюу.
6.ТҮҮХИЙН АМЬД ДУУРЬ БОЛОН ДУУРИАЛТЫН ТУХАЙ
Аливаа төрөлхийтэн бээр үзэгдэл бүгдийг өөр өөрийнхөөрөө хүлээж авдгийн адил би бээр эл эгшиглэнт дууриалт жүжгийг үзэж, сонордохуйн ялдраа Буддын сүм хийд нүгүүдийн ая дангийн ялгамжаа нугуудыг ч өчүүхэн бодож үзэхүй дор ерөнхий хурлын уншлагын тухайлсан ая дан нугууд өөр хоорондоо өнгө аяс ижил үгүй ба урин дуудсан, бишрэн хүндэлсэн, тахин дээдэлсэн, харамсаж гэмшсэн, даган дурдсан, айлтгал өчсөн, гуйлт өчсөн, зорин ерөөсөн хэмээн урин дуудахуй лугаа сац долоон гишүүн өнгө аяс голлох ба ядам бурхадын уншлагын ая дан нугууд ану омог төгөлдөр, онцгой дурдлага, магтан дуулахуй, бясалган тахихуй тэргүүтэй өнгө аястай ба баатар дагинасын дуулал нугууд ану илүүтэй яруу уянгалаг, гайхан баяссан, санан дурдсан, гутран уйдсан, гүн бясалгалын агаар дор найгасан өнгө аястай байх ба догшид буюу номын сахиулсан нугуудын ая дан бөгөөс тэдний алхаа гишгээ, цамын бүжиг, үсрэлт, дэвэх хийгээд мөн морь, луу, арслан, заан, хан гарьд тэргүүтэй уналга нугуудын гишгэгдэл тэргүүтэн лүгээ тааруулах хийгээд мөн амарлингуй, дэлгэрэнгүй, эрх хүчний, догшин үйлсийн ба нийт үйлсийн, тааллыг хангасан, магтан сайшаасан, өчил өчсөн, сануулан дуртгасан хэмээх тэргүүтэй тус тусын ая дан жаягтай буй.
Эдгээр хурал нугууд дор ч хөгжмийн зэмсэг арвихан хэрэглэх ба судрын ёсны хурал дор цангилзуур, диншаг, хэнгэрэг, лавай, дуу дарам, бишгүүр тэргүүтэн орох ба тантрын ёсны хурал дор хонх, дамар, цангилзуур, цан, их бүрээ, бишгүүр, ганлин, хэнгэрэг тэргүүтэн голлох буй. Өдөр тутмын хурал нугууд ая дан шаардлага үгүй ч тодорхой хэмнэл бүхүй айлддаг.
Хурал хэмээх нэр томъёо ану олон хувраг хуран чуулж нэгэн зэрэг ном айлдахуйг хэлэх бөгөөд гоцлон уншаачийг "унзад" буюу "тэргүүлэн зохиогч" хэмээн нэрийдэх бөгөөд унздын туслах уншаач нарыг бага унзад, голч, босооч хэмээн нэрийдмүй.
Өндөр Гэгээний "Маань татах ёс" бол шуранхай, эгзэг, өргөлт, уналт тэргүүтнээрээ уртын дуутай төстэй мэт боловч илүү хүнд хийгээд гүн бясалгалын аястай тул "басс" буюу "луун хоолойт"-ны дуулах дууриал лугаа адил төстэй мэт санагдсан буй.
Басхүү Буддын ном болон түүхэн дор гарсан зарим зохиол туурвил нугууд дор дэлхийн сонгодог урлагийн түвшин дор бүтээгдсэн бүтээл олон буй агаад Цогт Хун Тайж бээр Мади Тайхал хатан эхийн хамт дуртган хөрвүүлүүлсэн "Хутагт Миларайбын Намтар" хийгээд басхүү дэлгэрэнгүй намтар болох "Буман Дуулал" хэмээх Хөх Хотын Гүүш Цоржийн орчуулга болох алдарт зохиол, нугууд ану тэр чигээрээ амьд түүхэн дуурь юм. Хэрэв дуулал нугуудыг нэг нэгээр инү эгшиг дууны дууриалт жүжиг хэмээн сэтгэвээс тун дөхөм санагдаж буй. Эдгээр дуурийг бясалгалч хийгээд дияанч нар өөр өөрсдийн бясалгалын агаар дор тольдон сонорддог гүн нарийн уламжлал буй. Үүгээрээ юун хэлэхүйг хүссэн хэмээвээс түүхийг болон амьдран буй орчлоо, ирээдүй үеийнхний амьдралыг дотоод сэтгэлгээний болоод гадаад үзэгдлийн урлаг болгон бүтээх инү өндөр дээд соёлт хүмүүний ёс журам учир эртэн, эдүгээгийн төр, шашин, нийгмийн урлагийн төрөлхийтэн нүгүүдийн зохиол үйлс ард олныг амар амгалан оршоохуйн тэргүүн гол хүчин зүйл болсоор буй хэмээн айлтганам.
7. ШҮТЭН БАРИЛДЛАГА
Эдгээрийг бүгдийг хөдөлгөгч удирдаач болон төгөлдөржүүлэгч хөгжимчид ба хөгжмийн зэмсэг нүгүүд инү шүтэн барилдахуйн ухааныг үг үгүй үзүүлэн буй агаад шүлэгч, аялгууч, удирдаач, хөгжимчид, хөгжмийн зэмсэг нүгүүд, дулаач нугуудын хаана ану цомнолт дууриал оршин орчиж буй? хэмээн хайваас шүлэгчийн баригдах үгүй оюун бодлоос ургасан баригдах үгүй нэрийтгэлийн авиа, үг, үсэг, утга, илэрхийлэл, үлгэрлэл нүгүүд дор бус. Аялгуучийн сэтгэлийн баригдах үгүй авьяасаас үзэгдэл бүрийг аялгуу эгшиг болгон тольдоод тэдгээрийг эгшиг дууны тэмдэг тэмдэглэгээний дүрсэн лүгээ буулгасан дор бус.
Удирдаачийн цээжиндээ багтаасан найрал хөгжимчдийн тус бүр дор хамаарал бүхүй хэмнэл, айзам, аялгууг баригдах үгүй хоосон агаар дор зураглан гагц саваагаар амин зүрх болж буй түүн дор бус.
Хөгжимчдийн авьяас, боловсрол хийгээд түүнээс зохицуулагдан гарч буй тоглолтын бүжих мэт хөдөлгөөн нэжгээд дор бус. Хөгжмийн зэмсэг нэг бүр дор бус. Хуурын цар хийгээд чавхдас тэргүүтэн нэжгээд дор бус. Дуулаачдын амны хайрцаг, уушгины багтаамж, хоолойн цар, жүжиглэлт тэргүүтэн нэжгээд дор бус. Тийн бөгөөс туйлын өөрийн мөн чанараар бүтсэн хийгээд орчиж буй нэгээхэн зүйл үгүй бөгөөтөл ягахин ийн дууриалт цомнол буй болов хэмээвээс алин нэгний оюунаар хийгээд гараар баригдах үгүй утгаар эдүгээ хэмээтэл өнгөрч буй цаг лугаа аль хэдийн шилжиж, ирээдүй цаг лугаа одож буй мэт баригдах үгүй бөгөөд өнгөрсөн дор дуртгал төдий, эдүгээ цаг дор үзэгдэл төдий, ирээгүй цаг дор зоригдох төдий хоосон чанар буюу амгалан хийгээд хоосны агаар дор илбийн уран яруу, утга төгөлдөр урлагийн үзэгдэл болж буй нэгэн гайхамшигт "шүтэн барилдлага" дор биширмү. Үүгээр төрөлхийтэн бүхэн соёл гэгээрлээр явах болтугай!
Сарасвадийг баясгагч хөвгүүн 25.11.2025
Дэлгэрцогт Уул, Монгол Улс


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Лхагва - 12 сарын 03,
2025

Сэтгэгдэл0