12-р сарын 2-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Ван И, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойг нар Москва хотноо Хятад - Оросын стратегийн аюулгүй байдлын 20 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтыг даргалан явуулж, хоёр улсын стратегийн аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой томоохон асуудлаар иж бүрэн, гүнзгий ярилцаж, шинэ нийтлэг ойлголцолд хүрч, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлжээ.
Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын стратегийн аюулгүй байдлын салбарт хүрсэн чухал нийтлэг ойлголтыг бүрэн хэрэгжүүлж, хоёр талын стратегийн хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хүргэхээр хоёр тал санал нэгдлээ. Ван И хэлэхдээ, энэ онд Хятад, Оросын харилцаа өндөр түвшинд хөгжсөн.
Хоёр тал Хятад, Оросын стратегийн аюулгүй байдлын зөвлөлдөх механизмын үүргийг сайтар гүйцэтгэж, стратегийн харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, гаднын сорилтуудыг үргэлжлэн хамтдаа даван туулах ёстой гэжээ.

Хоёр тал Японы асуудлаар стратегийн байр сууриа уялдуулан нэгтгэж, өндөр түвшний нийтлэг ойлголтод хүрсэн юм. Фашизм болон Японы цэргийн үзлийн дахин сэргэх оролдлогыг эрс шийдэмгий эсэргүүцэн, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах, түүхэн үнэнийг сахин хамгаалах, олон улсын шударга ёсыг дэмжихэд санал нэгдсэн байна. Хоёр тал мөн Украины хямралыг шийдвэрлэх асуудлаар санал бодлоо гүнзгий солилцжээ.
Сергей Шойгу Оросын талын байр суурь, анхаарал хандуулж буй зүйлсийг танилцуулж, Хятадын талын энх тайвныг дэмжих хүчин чармайлтыг сайшааж, Оросын тал стратегийн зорилгодоо хүрэх бүрэн чадавхтай, тууштай хүсэл эрмэлзэлтэй бөгөөд хямралыг уг үндсээр нь арилгахын төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлсэн байна.
Ван И Хятадын талын баримталж буй байр суурийг танилцуулж, энх тайвныг тогтоох бүхий л хүчин чармайлтыг дэмжиж, бүх талыг хамарсан, урт хугацааны энх тайвны гэрээ байгуулахыг дэмжинэ гэдгээ илэрхийлж, уг асуудлаар Оросын талтай стратегийн харилцаа холбоогоо хадгалахад бэлэн байна гэжээ.

Хоёр тал мөн дэлхийн стратегийн тогтвортой байдал, их гүрнүүдийн харилцаа, Ази, Номхон далай болон хөрш зэргэлдээ бүс нутгийн нөхцөл байдал зэрэг хамтын анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар гүнзгий ярилцаж, байр сууриа уялдуулан зохицуулж, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн байна.
Лхагва - 12 сарын 03,
2025

Сэтгэгдэл0