sonin.mn
С.Зоригийг гадуурхах оролдлого ба МоАХ-ны анхны бага хурал  
 
1991 оны IY сард МоАХ-ны анхны Бага хурал хуралдав.
Хурал 5 хоног үргэлжлэн сүүлчийн өдөр өглөөний 9.00 цагаас маргааш өглөөний 9.00 цаг хүртэл завсаргүй мэтгэлцэн хуралдаж билээ.
Бага хурлын гол зорилго С. Зоригийг МоАХ-ны Ерөнхий Зохицуулагчаас буулгахад чиглэж байв. 
Хурлын төлөөлөгчид хот, хөдөөгөөрөө хоёр хэсэгт хуваагдан хотын хэсэг Зоригийг унагах, хөдөөгийнхөн Зоригоо хамгаалж авч үлдэх гэсэн фронтоор тэмцсэн юм.
Монгол оронд өрнөсөн ардчилсан үйл явц эргэж буцахааргүй эрчээ авч, улс төрийн намууд ээлж дараалан мэндлэн, МоАХ цаашид ямар бүтэц, зохион байгуулалттай байх, улс төрийн манлайллыг хэрэгжүүлэх намуудаас хэрхэн ялгагдах гээд олон асуулт нэхсэн ээдрээтэй цаг үе тохиож байж.
МоАХ-ны үйл ажиллагаа өмнөх шигээ эрч хүчтэй бус зогсонги тал руугаа хэлбийж эхэлсэн тул буруутныг хайх эрэлд зарим нь мордон “хэргийн эзэн”-С.Зоригийн асуудлыг авч хэлэлцэхээр “уухилж” байлаа.
 
С.Зоригийг унагах “хор” найрагдаж  байна гэдгийг мэдэрсэн МоАХ-ны хөдөө, орон нутгийн зохицуулагчид хурлын санаачилгыг өөртөө авахын тулд нэгдэж чадав. 
Тэр үед өнөөгийнх шиг зоосоор урхидах талаар ойлголтгүй, тийм зоос нь ч байхгүй, хүний эрх, эрх чөлөөг хангасан нийгмийг байгуулахаар сэтгэл, зориг шулуудсан хүмүүсийг МоАХ нэгтгэж байлаа. 
 
МоАХ-ны бага хурал эхлэхээсээ ширүүн, илэн далангүй, сэтгэл цагаан хэлэлцүүлгээр дүүрэн байж билээ.
Бага хурлыг удирдахаар томилогдсон тэргүүлэгчдийг тэр дор нь сольж, санал хураалтаар Эрдэнэтийн МоАХ-ны төлөөлөгч Б.Баттүвшин, Завханы МоАХ-ны төлөөлөгч Ц.Ганхуяг, Ногоонтны хөдөлгөөний Б.Жияандож нарыг сонгон удирдуулжээ.
МоАХ-ны анхны зохицуулах зөвлөлийн гишүүдийг ээлж дараалан байцаан, МоАХ-ны хүч сулрахад нөлөөлсөн хэргийн жинхэнэ эзэд нь тэд гэдэг дээр санал нэгдэв. 
5 өдрийн маргаан, мэтгэлцээн, халуухан тулааны үр дүнд С.Зориг МоАХ-ны Ерөнхий Зохицуулагч хэвээр үлдэн, харин МоАХ-ны гүйцэтгэсэн үүргийг дүгнэж, цаашдын зорилтыг тодорхойлохоор МоАХ-ны II Их хурлыг мөн оны 6 дугаар сард зарлан хуралдуулахаар тогтож, хуралд бэлтгэх Ажлын хэсгийг С.Зориг, Дарь.Сүхбаатар, Эрдэнэтийн МоАХ-ны зохицуулагч Б.Баттүвшин, Завханы МоАХ-ны зохицуулагч Ц.Ганхуяг, Сэлэнгийн МоАХ-ны зохицуулагч Г.Нороврагчаа зэрэг нөхдөөр байгуулав.
 
 
87-ын бүлэг ба Санжаасүрэнгийн ЗОРИГ
 
1991 оны 4-р сарын эхээр хуралдсан МоАХ-ны анхны Бага хурлын үеэр МоАХ-ны цаашдын зорилт ямар байх талаар удаан хэлэлцэв.
МоАХ анх үүсэхдээ тогтсон дэглэмийг нураах зорилготой улс төрийн шаардлагууд тавьж, дуу хоолойгоо өргөх Ардчилал сонин хэмээх мэдээллийн мундаг хэрэгсэлтэй болж, Монгол Улс даяар үндэсний маш хүчтэй хөдөлгөөн болон үйлс нь түгэн дэлгэрсэн билээ.
Нэг нам төвт улс төрийн дэглэм олон нам бүхий дэглэмээр солигдох үйл явц идэвхтэй өрнөн 1990 онд шинэ намууд дараалан мэндэлсний дотор 4-р сарын 8-9-нд Монголын Ардчилсан нам (МоАН) анхдугаар Их хурлаа Улаанбаатар хотноо зохион байгуулав. МоАН-ын гишүүд бараг тэр чигээрээ МоАХ-ны давхар гишүүнчлэлтэй болов. Харин С.Зориг МоАХ нь улс төрийн хөдөлгөөн тул хөдөлгөөний удирдагчийн хувьд өөрөө МоАН-д элссэнгүй.
Энэ үеэс МоАХ цаашид улс төрийн хөдөлгөөний шинжээ хадгалж явж чадах уу гэсэн асуулт тавигдав. МоАХ-ыг МоАН-аас ялгахад маш түвэгтэй, “сиамийн ихэр” лугаа гэж үзэгсэд нэмэгдсээр...
МоАН нь чансаагаараа эрх баригч МАХН-ын удаахь том нам болон хувирч тэр хэрээр МоАХ-ны улс төрийн үйл ажиллагаа улам бүдгэрч, хүчин чадал нь сулрах болсон юм.
МоАХ гэх байгууллагаа цаашид хэрхэн оршин тогтнуулах вэ, зорилгоо хэрхэн зөв тодорхойлох вэ, зорилгодоо нийцсэн ямар бүтэц зохион байгуулалтад орох вэ гэсэн асуултууд овооров.
Бүгд гарц хайв. МоАХ улс төрийн байр сууриа бусдад булаалгасан буруутныг хайх эрэлд мордоцгоон гол буруутан нь С.Зориг гэж нэг хэсэг нь үзэж байхад нөгөө хэсэг нь С.Зоригийг Монголын ардчиллын удирдагч, ардчиллын бэлгэдэл хэмээн үнэн сэтгэлээсээ түүнд бурууг нялзаах хүсэлгүй байсан юм.
С.Зориг хөндий хүйтэн харьцаатай л гэнэ, дэлхийн олон улсаар доншуучилж холбооныхоо ажлыг урсгалд нь орхив л гэнэ. Өөр сүрхий шалтгаан байсангүй.
МоАХ улс төрийн хөдөлгөөн (улс төрийн намын шинжтэй)-ний шинжээ бүрэн хадгалах уу эсвэл ардчиллыг дэмждэг сан байх уу? Гэсэн асуулт тавигдав. МоАХ байгуулах үеийн улс төрийн гол зорилго биелсэн тул дараагийн шатны зорилтоо тодорхойлохоор МоАХ-ны 2-р Их хурлыг 1991 оны 6-р сарын 12-13-нд хуралдуулахаар анхны Бага хурлаасаа шийдвэрлэв.
Холбооны Их хуралд бэлтгэх комисст миний бие орж ажиллах үед МоАХ цаашид ямар байгууллага байх вэ гэсэн асуулт хариулахад их түвэгтэй байсныг гадарлаж байна.
С.Зориг Монголын Парламентын бүлгэмийн даргын сонгуульт ажилтай, түүний өрөө төрийн ордны 1-р давхарт байрлаж, бид гол төлөв тэнд цугларч санал бодлоо солилцон үзэл бодлоо нэгтгэж байлаа. МоАХ-ны дүрмийг шинэчлэх ажилд Б.Баттүвшин идэвхийлэн зүтгэж, холбооны үзэл баримтлал боловсруулах чиглэлд түүхийн ухааны доктор, олон улсын харилцааны мэргэжилтэн Х.Хулан (хожмоо УИХ-ын гишүүн болсон), төрийн удирдлагын түүх судлаач Т.Эрдэнэбилэг (хожмоо УИХ-ын гишүүн болсон), олон улсын харилцааны мэргэжилтэн Н.Туяа (хожмоо Гадаад хэргийн сайд болсон), социологч Л.Эрдэнэтуул зэрэг өндөр боловсролтой залуус тэргүүлэн ажиллаж байлаа.
Тэд МоАХ нь уламжлалт үзэл (неоконсерватизм)-д суурилсан улс төрийн биеэ даасан байгууллага байхаар төсөл боловсруулав.
МоАХ-ны 2-р Их хурлаар холбооны үзэл баримтлал, дүрмийн шинэчлэл хэлэлцэгдэх явцад холбоог нам болгох гэж байна хэмээн эсэргүүцсэн Их хурлын гол төлөв 87 гишүүн (МоАХ-ны түүхэнд 87-ын хөдөлгөөн гэж нэршсэн) эсэргүүцэл илэрхийлэн чамгүй хатуу хөтүү үг чулуудан тэмцэлдсэн ч их хурлаас “МоАХ нь Үндэсний сэргэн мандлын үзэл санааны дор уламжлалын үзлийг баримтлан үйл ажиллагаа явуулах”-аар тогтов. 
Уламжлалын үзэл санааг монгол түмний сэтгэл зүй, гүн ухаанд тулгуурлан төгс боловсронгуй боловсруулахыг МоАХ-ны Ерөнхийлөгч, МоАХ-ны Бодлогын зөвлөлд даалгав. 87 гишүүн хурал хаяж гарав.
Ийнхүү МоАН-ын гишүүд МоАХ хэмээх улс төрийн байгууллага (намын) гишүүн байх эсэх ацан шалаанд орж 87-ын хөдөлгөөнийхөн цаашид үргэлжлүүлэн тэмцэх нь тодорхой болсон юм.
Холбооны Их хурлаас холбооны Ерөнхийлөгчөөр Санжаасүрэнгийн Зориг, Ерөнхий зохицуулагчаар Б.Баттүвшин нар сонгогдож, холбооны Тэргүүлэгчдийн Танхим (удирдах гүйцэтгэх байгууллага)-ыг С.Зориг, Ц.Элбэгдорж, Д.Сүхбаатар, Ц.Ганхуяг, Г.Нороврагчаа, Г.Цогзолмаа, Д.Баасан, Ц.Энхбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулав.
Дүрмэндээ холбоо нь Улс төр, Үндэсний хөгжил, Нийгмийн бодлого, Гадаад харилцаа, Үндэсний аюулгүй байдал, Хууль зүй, Хөдөөгийн бодлого, Боловсон хүчин болон сонгуулийн гэсэн 8 бодлогын зөвлөлтэй байхаар тусгав.
87-ын хөдөлгөөнийхний тэмцэл эрчимжиж С.Зоригийг МоАХ-ны удирдлагаас авч хаях шийдэмгий ажиллагааг зунжингаа өрнүүлэв.
МоАХ-г улс төрийн сөрөг хүчин-институц болгох гэсэн С.Зориг 87-ын хөдөлгөөн хийгээд МоАН-ын зүгээс шахалтад орсон тул МоАХ-ны 2-р Их хурлаас хойш 2 сар гарангийн дараа уламжлалын үзэлд суурилсан улс төрийн нам байгуулахаа зарлан МоАХ-ны Ерөнхийлөгчөөс огцров. Намын нэрийг Бүгд Найрамдах Нам (БНН) хэмээв.
 
С.Зоригийн суурийг Ц.Элбэгдорж эзлэн МоАХ-г удирдах болов.
 
БНН-ын анхдугаар их хурал зохион байгуулагдаж, намын даргаар С.Зориг, Улс төрийн зөвлөлийн гишүүнээр Т.Эрдэнэбилэг, Х.Хулан, Ц.Ганхуяг, Л.Эрдэнэтуул, Н.Туяа, З.Нармандах, Г.Чулуунбат, Н.Баянжаргал, Б.Янжинлхам нарыг сонгов.
БНН “Бүгд Найрамдах намын түгээмэл тунхаг” хэмээх баримт бичгээ олноо сонордуулж, Бүгд найрамдах Ёс (БНЁ) нэртэй намын төв хэвлэлтэй болов.
БНН-ын Түгээмэл тунхагт, Монголчууд чөлөөт ертөнцийн нэгэн хэсэг болохдоо үндэснийхээ мэдрэмжийг хадгалсан байх ёстой. Тиймээс өвөг дээдсийн зан суртахуй юугаан дээдлэн хамгаалахыг эрхэмлэнэ. ...Нийгмийн цөмийг эрдэмтэй ХҮН бүрдүүлнэ. Тиймээс эрдэм мэдлэгийг нийгмийг урагшлуулах нэгэн хэрэглүүр хэмээн үзэж иргэн бүр шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцохыг эрмэлзэх хэрэгтэй. Нийгмийн олон талт сонирхлыг Зөвшилцөл бүрдүүлэх замаар хангана гэх зэргээр дурджээ.
Ийнхүү С.Зоригоор удирдуулсан нэгэн шинэ нам-БНН 1991 оны намар байгуулагдан үйл ажиллагаагаа өрнүүлж байсан ч улсын бүртгэлд бүртгүүлэх гэж яаралгүй, хүрээгээ тэлэх алхамууд хэрэгжүүлж эхэлсэн юм.
БНН нь 1990 оны 3-р сарын 12-ны өдөр байгуулагдсан Монголын Чөлөөт хөдөлмөрийн нам (анхны дарга нь Х.Маам, мөн оны 9-р сард намын даргаар Чойдогийн Дөл сонгогдсон), Г.Бошигт тэргүүтэй МоАН-ын Иргэний Ардчилсан жигүүртэй нэгдэхээр ажилдаа орж намынхаа нэрийг Шинэ Үндсэн хуулийн нам хэмээхээр (1992 оны 1-р сарын 13-ны өдөр Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль батлагдсаны дараа) ярилцаж байсан ч хурал зохион байгуулсан 1992 оны 3-р сарын 23-ны өдөр уламжлалын үзэл санааг түшсэн Монголын Нэгдсэн нам гэж нэрлэхээр тогтсон билээ.
 
УИХ-ын гишүүн асан Ц.Ганхуяг