сонин mn
“Монгол хүн” гэж монгол үндэстний нэг хэсэг гэж өөрийгөө үздэг, хамтын гэсэн үзэлтэй хүнийг хэлнэ гэж би өмнөх нийтлэлдээ бичиж байсан.
 
Тэгвэл монгол хүн гэж ямар хүн бэ?
 
Монгол хүн өөрийгөө ямар гэж бодож, бусадтайгаа өөрийгөө хамтатгаж боддог вэ?
 
Энэ нь Монголчуудын “national identity” буюу “үндэстний мөн чанар” юу вэ гэсэн асуулт болно. Өнөөдөр Монголд коммунист, неолиберал, нүүдэлчин хэмээх гурван төрлийн үндэстний мөн чанар зэрэгцэн оршин тогтнож, салаа зам шиг зурайж, тэрсэлдэж байдаг юм шиг санагддаг. Энэ талаар дэлгэрүүлье.
Юуны өмнө “national identity” буюу “үндэстний мөн чанар” гэдэг ухагдахууныг авч үзье. “National identity” бол соёлын болон улс төрийн шинж чанарыг агуулдаг ойлголт бөгөөд өвөг дээдсийн газар нутаг, хамтын домог түүх, хамтын соёл, хамтын хууль дүрэм, хамтын эдийн засаг зэрэг хүчин зүйлсийг багтаадаг гэж үндэстний үзлийг судалдаг Смит хэмээх эрдэмтэн тодорхойлжээ. Фокс, Миллер-Идрис нарын судлаачид үндэстний үзэл нь “хувийн шинж чанартай, өдөр тутмын нийгмийн харилцаанд илэрдэг” гэж тодорхойлсон байдаг. Фүкүяма үндэстний мөн чанарыг хувь хүний нэр төрөө хичээх бодол бөгөөд улс төрийн хүч гэж үзсэн бөгөөд үндэстний мөн чанар сул байх тохиолдолд улс орон сүйрэх магадлалтай (Йемен шиг), харин үндэстний мөн чанар хүчирхэг байх тохиолдолд эзлэгдсэн ч, иргэний дайн дэгдсэн ч хурдан сэргэх чадвартай байдаг гэж үзэн Хятад, Япон, Солонгосын жишээг татжээ. Гэхдээ “үндэстний мөн чанар” гэдэг ухагдахуун нь харьцангуй бага судлагдсан тул МкКрон гэдэг судлаач энэ ухагдахууныг “үндэстний үзэл” гэдэг хүчирхэг эцгийн сулхан хүүхэд гэж хэлсэн байдаг.
Тэгэхээр үндэстний мөн чанар гэдэг бол хүн өөрийгөө үндэстнийхээ нэг хэсэг болохын хувьд ямар нийтлэг шинж чанартай гэж үздэг үзэл гэж дүгнэж болмоор санагдана. Энэ нь хэдийгээр өөрийнхөө өнцгөөс бодож буй субъектив ойлголт боловч энэ субъектив ойлголт нь бусад хүний ойлголтыг үүсгэдэг. Жишээлбэл, япончууд багаасаа хичээнгүй, үнэнч байх ёстой хэмээн Күнзийн болон самурайн философиор хүмүүжиж, хичээнгүй, үнэнч байх үнэт зүйлтэй байж ирсэн тул өөрийгөө япон хүн болохоор хичээнгүй, үнэнч гэж үздэг байж болно. Тиймээс дэлхийн хаана ч өөр япон хүнтэй тааралдахад “энэ хүн япон болохоор хичээнгүй байж таараа” гэж итгэнэ. Бусад хүмүүс ч мөн япон хүн бол хичээнгүй, энэ нь үндэстнийх нь мөн чанарын нэг хэсэг гэж хүлээж авна. Гэхдээ энэ мөн чанар нь зүгээр л өөрийгөө юу гэж боддог гэдгээс урган гарах гэхээсээ илүүтэйгээр үндэстнийх нь нийтлэг соёл, үнэт зүйл, өдөр тутмын харилцаан дээрээс урган гарч, бэхжиж ирдэг ойлголт ажээ.
 
Тэгвэл монголчуудын үндэстний мөн чанар юу вэ?
 
Өөрөөр хэлбэл, та монгол үндэстний нэг хэсэг болохынхоо хувьд өөрийгөө юу гэж үзэж, тодорхойлдог вэ?
 
Монгол хүн гэж ямар хүн гэж бид өөрснөө ойлгодог вэ?
 
Монголчууд бид ямар философиор хүмүүжиж, ямар нийтлэг үнэт зүйлтэй үндэстэн бэ?
 
Өнөөдөр Монголд коммунист, неолиберал, нүүдэлчин гэж нэрлэж болох гурван төрлийн үндэстний мөн чанар зэрэгцэн оршин тогтнож, салаа зам шиг зурайж, тэрсэлдэж байдаг гэж санагддаг. Зуухан жилийн дотор Монголчууд гурван дэглэмийн нүүрийг үзсэн байдаг ба 1921 онд нүүдэлчдийн феодал нийгэм коммунист дэглэм рүү шилжиж, 70-аад жилийн турш нэвтэрсэн коммунист идеологийг 1990 онд ардчилсан дэглэм рүү шилжсэнээр огцом өөрчилсөн билээ. Эдгээр он жилүүдэд нүүдэлчний соёл устаагүй, харин ч нийт хүн амын хагас нь нүүдэлчний амьдралаар амьдарсаар ирсэн. Коммунист, неолиберал, нүүдэлчин хэмээх гурван мөн чанарыг дэлгэрүүлж авч үзье.
Коммунист мөн чанарыг 1920-од оноос ЗСБНХУ Монголд нэвтрүүлсэн бөгөөд ингэснээрээ монголчуудыг homo sovieticus болгосон гэж нийтлэлч Б. Батбаяр бичсэн байдаг. Бидний коммунист мөн чанарт шийдвэрийг дагадаг, коллективист, хариуцлагатай зэрэг шинж чанарууд байдаг бөгөөд гадаад ертөнцийг үзэх үзэл нь ОХУ-г таалдаг хэлбэрээр илэрдэг. Неолиберал мөн чанар маань 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш нэвтэрсэн бөгөөд эрх тэгш, космополитан, орчин үетэй хөл нийлүүлж алхах хүсэлтэй зэрэг шинж чанаруудыг оруулж болох бөгөөд гадаад ертөнцийг үзэх үзэл нь барууны орнуудыг таалдаг. Харин нүүдэлчин мөн чанар маань эрт дээр үеэс оршин тогтносон бөгөөд судлаач Цоохүүгийн бичсэнээр дасан зохицох чадвар, прагматизм, эрх чөлөө, хувь хүний үзэл зэрэг шинж чанарууд орох болов уу. Нүүдэлчний мөн чанар давамгайлахад бидний гадаад ертөнцийг үзэх үзэл нь гадаад ертөнцөд прагматик хандаж, өөрт ашигтайг таалж, уян хатан ханддаг. Хамгийн сонирхолтой нь, эдгээр мөн чанар нэг хүнд бүгд зэрэгцэн оршиж байх тохиолдол олон бөгөөд тиймээс үндэстнээрээ биш хувь хүн ч өөрийнхөө мөн чанарыг ойлгохуйяа бэрх байдаг талтай.
 
Энэ гурван мөн чанар хэрхэн илэрч байдгийг харуулах жишээ дурдъя. ОХУ-ын ерөнхийлөгч Путин 2019 оны 9 сарын 3-нд Халхын голын байлдаанд ялсны ойг тохиолдуулан айлчлахад 9-р сарын 1-ний ням гарагийг хичээлийн эхний өдөр болгож билээ. Ингэхэд неолиберал мөн чанар давамгайлсан иргэд дургүйцлээ илэрхийлж, коммунист мөн чанар давамгайлсан иргэд дэмжиж, нүүдэлчний мөн чанар давамгайлсан иргэд нь ням гараг таарсан нь ажлаас чөлөө авахгүй давуу талтай хэмээн дасан зохицож байгаа юм шиг ажиглагдсан. МАН коммунист дэглэмийн ололтуудыг дурсаж сурталчлах нь илүү байхад АН шүүмжилж, үгүйсгэх нь илүү байх бөгөөд энэ нь коммунист, неолиберал мөн чанаруудын тэрсэлдээнийг тодруулж ирдэг мэт. Уул уурхайн салбар, Оюу толгойн асуудлаар маргаан дэгдэж байгаа өнцгүүд нь ч коммунист, неолиберал, нүүдэлчний мөн чанарыг илэрхийлдэг юм шиг санагддаг. Коммунист мөн чанар давамгайлагсад нь Оюу толгойг Эрдэнэтийн хэмжээнд өгөөж өгөхгүй байна, болиулах нь зөв гэж шүүмжлэн, неолиберал мөн чанар давамгайлагсад нь барууны томоохон компанийг оруулж ирсэн нь түмэн зөв гэж магтан, нүүдэлчний мөн чанар давамгайлагсад нь том компани оруулж ирэх нь зөв, харин ашгийг дээд хэмжээнд байлгах хэрэгтэй гэдэг талаас нь шүүмжилдэг болов уу.
Бид тогтсон үзэл санаагүй, эв нэгдэлгүй мэт байгаа энэ үе бол үндэстний мөн чанараа хайж эрэлхийлж байгаа үе бололтой. Үндэстний үзэл, үндэстний мөн чанарт бэлгэ тэмдэг чухал үүрэг гүйцэтгэдэг. 1990 оноос бид үндэстний мөн чанараа дахин тодорхойлж, Чингис хааныг бэлгэ тэмдгээ болгосон гэж Алисиа Кэмпи, М. Орхон зэрэг судлаачид тэмдэглэсэн байдаг. Ингэх шалтгаан нь ЗСБНХУ манай улсын батлан хамгаалалтыг даахаа больсон болохоор тусгаар тогтнолд маань урд хөршөөс заналхийлэл ирэхээс сэргийлэхийн тулд тусдаа соёл, тусдаа улс гэдгээ тодотгох шаардлагатай болсон гэж судлаач Ц. Батбаяр бичжээ. 1992 оны Үндсэн хуулийн 12.4-р зүйлд “ Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” гэж зааж өгснөөс бэлгэ тэмдэгтээ уламжлалаа чухалчилсныг харж болно. Мөн “Чингис хаан” нэрээр олон бүтээгдэхүүн үйлчилгээг нэрлэж, Сүхбаатарын талбайн нэрийг Чингис хааны талбай гэж нэрлэж, буцааж байсан үеийг та бид мэдэх билээ. 2013 онд УИХ-ын хэсэг гишүүд “Чингис хаан” нэрийг дахиж ашиглахгүй байх хууль хүртэл санаачилж байв. Мөн уйгаржин монгол бичгийг сэргээх оролдлого хийж байсан нь үндэстний мөн чанараа дахин тодорхойлох оролдлогын маань нэг хэсэг гэлтэй.
 
Тэгвэл бид өмнө дурдсан коммунист, неолиберал, нүүдэлчин мөн чанарын алийг нь дагаж, хүчирхэгжүүлэх хэрэгтэй вэ?
 
Бидний хамгийн удаан оршин тогтносон прагматик, дасан зохицох чадварыг маань тодорхойлдог нүүдэлчний мөн чанар хүчирхэгжих хэрэгтэй юм шиг санагддаг. Учир нь коммунист, неолиберал мөн чанаруудаа үгүйсгэлгүй хүлээн зөвшөөрч, үндэсний эв нэгдэлд хүргэж чадах уян хатан мөн чанар билээ. Харин энэхүү нүүдэлчний мөн чанарыг хүчирхэгжүүлэхийн тулд “хоцрогдсон” имижийг өөрчилж, орчин үесэг шинэ нүүдэлчний мөн чанар болгож хэлбэржүүлэх нь чухал. Өнөөдөр урлаг соёл, хувийн хэвшлийнхэн маань энэ үүргийг гүйцэтгэж, нүүдэлчний уламжлалт соёлыг орчин үетэй холбож байгаагийн жишээ татвал The Hu, Lhamour, Michel & Amazonka зэрэг брэндүүд, “Өглөө” аяны залуучуудад дээл өмсүүлж сонгуульд саналаа өгөх санаачлага зэрэг санаанд орно. Төр засгаас нүүдэлчний мөн чанарыг хүчирхэгжүүлэхийн тулд уламжлалаас илүү орчин үеийн чиг хандлагыг илүүд үздэг иргэдээ хүлээн зөвшөөрүүлэх талаас нь бодолцон, нүүдэлчний онцлогийг орчин үетэй хослуулсан бэлгэ тэмдгүүдийг боловсрол, соёлоор дамжуулж оюун санаанд суулгахад анхаарвал зохилтой. Мөн үндэстний мөн чанарыг хүчирхэгжүүлэхэд хувь нэмэр болохуйц бүтээгдэхүүн үйлчилгээг бодлогоор дэмжих нь зөв болов уу. Энэ талаар дараагийн нийтлэлдээ бичих болно.