sonin.mn
Их зүйтэй санаа байгаа биз. Сонгуулийн ирцээ бүрдүүлж, санал тоолох машинд элдэв асуудал гаргахгүйн тулд дэлхийн ихэнх оронд энэ аргыг хэрэглэдэг.  Бид яагаад болохгүй гэж. Сонгуульд санал өгсөн хүн бүрт мөнгө өгье.
 
 
Тэгээд ч улсынхаа Ерөнхийлөгчийн төлөө сонголт хийж байгаа иргэн хүний зүтгэлийг хүндлээд нэг удаагийн талхны мөнгө өгөх нь юуных нь буруу гэж. Тэртэй тэргүй хүний хөгжлийн гэх тодотголтой төсвийн багана ганхуулсан хэдэн арван тэрбум төгрөгийг иргэн бүрт 21 мянгаар тарааж, аманд ч үгүй хамарт ч үгүй өчнөөн хэрэггүй очер л үүсгээ биз дээ.
 
 
2008 оны сонгуулийг эргээд нэг харцгаая. Өрсөлдөгч намууд ард түмэнд мөнгө амлаж, хэдэн саяар нь өгнө гэж хашгичсаар мөрийн хөтөлбөрөө тооцооны хуудас болгож дууссан. Өнөөх нэг сая, 1.5 сая төгрөг хаана байна.
 
 
Ийнхүү алаагүй үнэгний арьс амлаж суухаар өөрийнх нь төлөө сонголт хийсэн иргэддээ тав, арван мянга өгвөл санал хураах байрыг зоригсод өдөржин цувах нь лавтай.
 
 
Иргэд мөнгөнд дуртайдаа биш тэдний амьдрал сайнгүйдээ санал өгөөд хэдэн төгрөг авахыг хүсэх нь гарцаагүй. Энэ бол санал худалдан авч байгаа гэсэн муйхар ойлголт яагаад ч биш. 
 
 
Учир нь эх орныхоо төлөө сонголт хийсэн иргэн хүнд өөр хоорондоо өрсөлдөгч аль нэг нам бус улс нь мөнгө өгнө. Өнгөрсөн оны парламентын сонгууль 65.24 хувьтай гарсан нь харин ч их тоо. Ард түмний сонгуулийн сүсэг бишрэл жилээс жилд багасаад байгаа үзүүлэлттэй. 
 
 
Тухайлбал тэртээ 1996 онд УИХ-ын сонгууль 92.1 хувийн ирцээр бүх цаг үеийн дээд амжилтыг эзэмшдэг бол 2000 онд 82.4, 2004 онд 81.8 гэхчлэн буурсаар 2008 оны парламентын сонгууль ердөө 65.24 хувиар ирцээ бүрдүүлж байв. 
 
 
Тэгвэл төрийн тэргүүнийг сонгох санал хураалтын ирц анхнаасаа л тааруу байсан. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2009 оны сонгуулийн ирц 47 хувьтай байсан нь СЕХ-оог асар их алдагдалд оруулж байв.
 
 
Урьдны жилүүдэд ч төрийн тэргүүнийг сонгох бүх нийтийн санал хураалт олигтой дүн дагуулж байгаагүй. Харин энэ оны сонгууль хэрхэх бол. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж, Э.Удвал, Б.Бат-Эрдэнэ нар ард түмний хэдэн хувийг өөрсдийн сонголтын цэгт цуглуулж чадах вэ.
 
 
Магадгүй энэ удаагийн сонгуулийн ирц лав хангалттай хэмжээнд хүрэхгүй ч байж болзошгүй. Нэг л өрсөлдөгчтэй гэх хачин ойлголт иргэдийн дунд тэнэж яваа нь энэ сонгуульд санал хураах байр чимээ аниргүй дүнсийж байхын дохио биш гэж үү. Санал хүрээгүй тохиолдолд санал тоолох машинаас үүдсэн хэрүүл тэнгэрт тулна. 
 
 
Тэр ч бүү хэл “Гараар тоолох” систем ч хүчтэй яригдаж магадгүй. Өчнөөн сая төгрөгөөр худалдаж авсан автомат машиныг хойш тавьж, гараар санал хураах нь “Манаачийг хэн манах вэ” гэдэгтэй ижил ойлголт.
 
 
Ерөөсөө л санал өгсөн иргэдэд талх, сүүний хэдэн төгрөгийг нь өгье. Тэртэй тэргүй төрөөс төрж байгаа тэрбумтнууд 10-20 тэрбумаар нь хулгайлаад нуучихаад байгаа мөнгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хэрэг болгон хүрэлцэн ирж саналаа өгсөнд нь урамшуулах хэрэгтэй шүү дээ. 
 
 
Т.Батсугар
 
Эх сурвалж: