sonin.mn
Сархад гэх зовлонт хороос нийгмийг салгахаар зүтгэж сүүлийн дөрвөн жилд 5000 гаруй хүнийг архинаас гаргасан Архигүй Монгол ТББ-ын соён гэгээрүүлэгч Н.Батсайхантай ярилцлаа.
 
-Хэзээнээс  үйл ажиллагаа явуулж эхлэв ээ?
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 онд шинэ оны мэндчилгээндээ сүү өргөж байсан. Тэр үеэс хойш Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд “Архигүй монгол” гэдэг хороо байгуулж,  бидний үйл ажиллагаа эхэлсэн. Энэ хугацаанд Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн, Аддиктологич Ж. Цогтсугартай  хамтран Монгол Улсын бүх аймгуудаар явж сургалт явуулж эхэлсэн. Бид энэ сургалтаараа нийт 5000 гаруй хүнийг архинд донтох өвчнөөс салгаж, Цагаан сар, шинэ жилийн баярыг архигүй тэмдэглэх аян орон даяар өрнүүлж байгаа.
 
-Архинаас гаргах сургалтын онцлог юу вэ? 
 
-Хүмүүс архинаас салахын тулд бөөд мөргөх, ламд өргөл өргөх зэрэг олон зүйлийг хэрэглэдэг. Манай сургалт болохоор  хүний сэтгэл зүй, оюун санаа руу нь орж ажилладаг. Архидалт өнөөдөр нийгмийн бүлэг бүрийг хамарч, агаарын бохирдлоос ч илүү аюул занал үзүүлж байна. Саяхан таван хүн архинд хордож үхлээ. Зүгээр нэг шил арчигч уугаад үхлээ гээд орхиж болохгүй. Манай байгууллага нийтэд архины донтолт ба түүнээс гарах хор уршгийг таниулан нийгмийн хандлагыг өөрчлөхийг зорьдог. Булган аймгийн Дашинчилэн суманд намайг лекц хийж байхад тэр сумын “архаг архичин”  согтуу орж ирсэн. Лекцийн дараа тэр эр “Намайг дахиад согтуу явахыг та нар харахгүй” хэмээн уйлж байсан. Одоо тэр архинаас гарч, хотод шилжин ирж ажиллан,архи уухгүй амьдраад нэг жил болж байна. Мөн Хэнтий аймгийн олон сумдаар бид лекц уншсан. Одоо тэр сумдад хүмүүс архинаас татгалзаж, архи уусан ч олны нүднээс нуугдан, ичдэг болсон. Хэрвээ энэ маягаар төрийн байгууллагууд бидэнтэй хамтран зохион байгуулалттайгаар ажиллавал олон хүн архины донгоос салж чадна.
 
-Хүний биед спирт зайлшгүй хэрэгцээтэй,архийг зохистой тааруулж хэрэглэвэл зүгээр гэсэн хандлага нийгэмд байдаг. Энэ талаар юу гэж боддог вэ?
 
-Архийг ямар ч үнэтэй, гоё шилтэй байсан ч химийн хорт бодис гэдгийг нь нийгэмд ойлгуулах хэрэгтэй. Нэг удаа хүн архи уугаад тасрахад 20 мянга гаруй эд эс дахин сэргэхгүйгээр үхдэг. Энэ маягаар олн жил архи уусан хүний тархи үхэж, хүн хэмээх мөн чанараа алддаг. Манай улсад нийт насанд хүрэгчдийн 57.3 хувь архины хамааралтай гэсэн албан ёсны судалгаа байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас насанд хүрэгчдийн найман хувь нь архины хамааралтай болвол үндэсний аюулгүй байдалд аюул нүүрлэсэн гэж үзэж шуурхай арга хэмжээ авдаг. Манайд дотоодын үйлдвэрлэлийн архи нэг хүнд жилд 25 литр ноогдож байна. Гэтэл манайд архины үйлдвэрлэлийг багасгах тухай хууль батлуулах гэж хичээсэн ч баталж өгөхгүй байна. УИХ-д хүртэл согтуу суудаг  гишүүд  байна шүү дээ. Тэгээд л олны доог болох жишээний. . Энэ нь архидалт нийгмийн бүх давхаргыг хамарсныг харуулж байна.
 
-Тэгвэл архины хэрэглээг багасгахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ? Архины хорио гаргахад Гэмтлийн эмнэлэгт үйлчлүүлэх иргэд, цагдаад ирэх дуудлагын тоо эрс багассан гэж байсан...?
 
-Архийг хорьж болно. Гэхдээ хүн өөрийн ухамсраар архинаас татгалзахгүй бол архинаас гарч чаддаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Би  өөрөө архинд донтож байсан. Архины донгоосоо болж амьдралаа алдах дөхөж байсан учир тэр хүмүүсийн зовлонг мэднэ. Тиймээс архины хор хөнөөлийн үнэнийг ойлгуулахад надад илүү хялбар байдаг. Архидалтыг зогсоохын тулд нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх хэрэгтэй. Манайд хүн иргэний үнэмлэхээ барьцаалаад архи авъя гэхэд бүх дэлгүүр тэр бүр өгдөггүй. Архины  үйлдвэрийн эзнийг “архичин” гэж нэрлэх ёстой байхад үндэсний үйлдвэрлэгч гэж цоллож байна. Энэ хандлагыг хамгийн эхлээд өөрчлөх хэрэгтэй. Архи уудаг хүнийг архичин биш “Архич” гэж нэрлэх нь зөв хэмээн Б.Ренчин хэлж байсан.
 
-Архич хүний үр удам цаашдаа архинд донтох магадлал хэр их вэ?
 
Архины хамааралтай хүний үр удам архинд донтохдоо илүү амархан байдаг. Эцэг, эхчүүд гол нь хүүхдийнхээ хажууд архидан, архи уухыг хэвийн үзэгдэл мэт харагдуулж болохгүй. Баярын ширээний голд, бүр бурхан тахил дээрээ хүртэл архи тавьдаг. Архи уудаг бурхан гэж хаана ч байхгүй шүү.
 
М.Аминаа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг