sonin.mn

Засгийн газар тогтворгүйжлээ, төрийн бодлого алдагдлаа гэх сэдэв хүн болгон ярих боллоо. Ер нь Засаг тогтворгүй болох гэдэгт ямар утга байдаг вэ?Ардчилсан тогтолцоотой улс орнуудад засаг солигдох нь байнгын үзэгдэл боловч үр дүн нь янз бүр гардаг. Ард нийтийн сонгуулиар засгийн эрх нэг улс төрийн намаас нөгөөд шилжихэд төрийн бодлого өөрчлөгддөг. Энэ нь хэвийн явдал. Гэхдээ толгой хөл нь солигддоггүй, учир нь өөрчлөлт хязгаартай, үүнийг нь Үндсэн хууль буюу төр ба ард түмний хооронд байгуулагдсан үндсэн гэрээ хязгаарлана. Төрийн бодлого үндсээрээ өөрчлөгдөх зарим тохиолдол бий.


Төрийн эргэлт, цэргийн дэглэм зэрэг нь төрийн бодлогыг хөмөрч хаях тохиолдол бий ч энэ нь төрийн ардчилсан дэглэмтэй газар бараг бололцоогүй. Дайн болон, байгалийн давагдашгүй хүчин зүйл төрийн хэвийн явж байсан бодлого зарчмыг алдагдуулж болно.


ХХ зуунд засгаа байнга огцруулан шинэ Засгийн газар байгуулдаг орноор Япон, Итали тэргүүлдэг. Гэвч тэдгээр нь түрүүний Засгийн газрын шууд үргэлжлэл байдгаараа нийгмийг болон гадаад ертөнцийг цочирдуулдаггүй. Хоёрдугаар дайнаас хойш Японы төрийн эрхэд Либерал ардчилсан нам цөөн богино тохиолдлыг эс тооцвол дангаараа засаглаж байсан. Гэхдээ нам дотроо олон фракцтай учир тэд ээлжлэн солигдоход төрийн бодлогод онцын өөрчлөлт гардаггүй. Нэг үгэндээ Засгийн газар тогтвортой байдаг. Төрийн хямрал үүсэхэд улс төрийн намууд нэг талдаа гарч хамтарсан засаг байгуулснаар бэрхшээлийг даван гардаг туршлага ч цөөнгүй. Дэлхийн дайн эхлэхэд Английн намууд нэгдсэн Засгийн газар байгуулж, Ерөнхий сайдаар Чөрчил, орлогчоор нь Этли томилогдож байв. Үндсэн үзэл суртал, улс төрийн маргаанаа түр орхиод улс орны үхэх сэхэх дээр хамтарсаныг Британий ард түмэн алга ташин хүлээж авсан. 1970-аад оны үед Баруун Германд Баадэр Майнхоф мэтийн террорист байгууллагууд сэргэж, неонацистууд хүчээ авсан төдийгүй үүнийг даган нийгэмд туйлширсэн дэмжигчид олширлоо.


Германы голлох хоёр нам нэгдэн хамтарсан Засгийн газар байгуулж канцлераар Вилли Бранд ч томилогдож байв. Улс төрийн биендээ сөрсөн намууд тулгамдсан хямралыг даван туулахын тулд сонгуулийн дүнгээс үл хамааран түр зуурын эвлэрэл бий болгосон олон тохиолдол бий. 


Манай дэлхийд үндэстэн хоорондын зөрчил байхгүй хэдхэн орны нэг нь Монгол. Ихэнх орон олон үндэстнээс бүрддэг учир multinational гэгддэг. АНУ, Орос, Британи, Франц, Энэтхэг, Индонез, Бразил, Нигери, Конго, Египт, Хятад гэх мэтийн аварга улсуудаас авахуулаад Гаяана, Сингапур, Австри, Малайз, Швэйцар зэрэг дунд ба жижиг орнууд ч олон үндэстний улсууд. 95 ба түүнээс дээш хувь нь нэг үндэстнээс бүрдсэн улс гэвэл Япон, Польш, тэгээд Монгол улс байдаг юм билээ. Харин бүлэглэл хоорондын дайсагналцал тэднээс ч илүү. Польшийн нийгэм нэг үндэстнээс бүрдсэн мөртөө Европын бүх орон дотроос нийгмийн хуваагдал нь хамгийн гаажтай. Монголд эвлэрэлийн засаг байгуулах нь бусад орны эрүүл ухаанаас нэлээд өөр. Ерэн оноос өмнө ийм ойлголт байгаагүй. Ганц нам улс орныг дангаараа засаглаж байсан төдийгүй тэднийг гадны том цэргийн хүчин хамгаалж байлаа. Энэ утгаараа төрийн тогтворшил бат араандаа байсан. Төрийн тогтворшилд хагарал үүсгэх гэсэн хувь хүмүүсийг буудчихдаг, их л энэрэнгүй тохиолдолд гайгүй бол цөлнө, гайтай бол шоронл хийчихэнэ. Ерэн оноос чөлөөт ардчилсан тогтолцоонд орсон боловч хуучин энэгшсэн сэтгэлгээнээс салах үнэхээр хүндрэлтэй байлаа. Сонгуулиар аль ч улс төрийн хүчин дангаараа засаглах бололцоогүй болж эвлэрэлийн Засгийн газар байгуулсан хоёр тохиолдол 2004 ба 2012 онд болсон билээ. Аль алин нь “эмгэнэлтэйгээр” төгссөн. АН-Эрэл эвсэл Ерөнхий сайдын, МАХН УИХ-ын даргын суудлыг эвтэйгээр хуваан авав. Гэвч жил хүрэлгүй Эрэл нам эвслээс гарч буйгаа зараллаа.


АН-ын гучаад гишүүн бүлэггүй болж бие даагчид болох нь тэр. МАХН сайн дурынхны цуглуулан цоохор Засгийн газар арай гэж бүрдүүлэв. Энэ өрөвдөлтэй Засгийн газрын гишүүн бүр томилогдсон яамаа “хувьчилж” аваад бусад яамтайгаа “дайн зарлав”.


Ерөнхий сайд арга нь барагдан яамд хоорондын “харилцан ойлголцлын” гэрээ байгуулуулж сайд нар гэрээг үзэглэхэд Ерөнхий ард нь алга ташин зогсов. Эвдрэлийн шалтгаан явж явж мөнгө байлаа. 2004 оноос гадаадын хөрөнгө оруулагчид Монголд анх удаа орж эхэлснээр ДНБ огцом өсөн хүнд ноогдох хэмжээ 450 доллар байснаа мянган долларыг давж Монгол улс нэн ядуу орноос хасагдан, гуйлгаар амьдардаг үе ард хоцорсон юм. Аль ч нам дангаараа Засгийн газар байгуулж чадахгүй бүрэлдэхүүн 2012 оны сонгуулиар бий болов. Энэ үе бол Монголын түүхэнд хамгийн хөгжингүй баян тарган болсон цаг. ДНБ-ий өсөлт 17.6% хүрэн дэлхийн рекорд тогтоож хүнд ноогдох хэмжээ нь 4 мянган долларт хүрэв. Азийн тав дахь бар мэндэллээ гэж шуугиулж байсан үе. Гэвч нохойн толгой ширээн дээр тогтодоггүй аж. Арай олон гишүүнтэй АН Засгийн газар толгойлсон боловч тэр нь 50% хүрэхгүй учир эвлэрлийн засгийг МАХН ба МАН-тай хамтарсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг барилга, банк, боловсрол, уул уурхайд хязгаарлах хуультай боллоо. Төсөвт хамгийн их мөнгө оруулж байсан Оюутолгойг хөөлөө. Тэд уурхайгаа консервацид оруулан хаагаад яваад өгсөн. Тавантолгойн нүүрсний ордыг Япон ба Хятадын компанитай хамтран ашиглах төслийг унагаасан төдийгүй энэ ордыг гадаадын ямар ч компанитай хамтран ашиглаж болохгүй гэж хуульчлав. Булаацалдах юмгүй, санаа амар.


Эвссэн байсан МАН сонгууль дөхүүлж байгаад гэнэт Засгийн газрыг орхин гарав. Гэтэл “айлын хүүхдүүд” хамтраад эвсээд учраа олж богино хугацаанд гайхалтай амжилт олсон олон жишээ бий. Хамгийн сүүлчийн тохиолдол гэхэд Өмнөд Америкийн Гаяана улсын жишээ байна.


Нэг сая хүрэхгүй хүн амтай, ихэнх нь христ шашинтай, албан ёсны англи хэлтэй, газар тариалан эрхэлдэг энэ ядуу орны хүн амын бараг хагас нь энэтхэг гаралтай хүмүүс юм. Британий Баруун Энэтхэг нэртэйгээр Английн колони байхад нь энэтхэгчүүд олноор ирж суурьшижээ. Нөгөө хагас нь нутгийнхан болон африкчууд. Улс төрийн намууд нь энэ хоёр угсаатны гарвалаараа хуваагдсан. Мэдээж ардчилсан тогтолцоотой болохоор сонгуулиар хэн эрх барихыг шийднэ. Гэвч аль нэг тал Засгийн эрхэнд гарахад нөгөө тал нь бүхий л аргаар боомилон юм хийлгэхгүй. Үр дүн нь Өмнөд Америк дахь нэн ядуу орны нэг. 2022 онд намууд зөвшилцөн үндэсний эвлэрэл тогтоолоо. Хамтарсан засаг байгуулаагүй ч, биенээ боож хаан улс орноо хорлож байхаасаа аль аль тал татгалзжээ. Үр дүн гайхалтай. Бага зэрэг боксит олдворлодог байснаа энэ үеэс алт, байгалийн хий, нефть олзворлох боллоо. Ингэснээр Гадаадын хөрөнгө оруулалтыг татав. Үндэсний нийт бүтээгдэхүүний нэг хүнд ноогдох хэмжээ 6 мянган доллар байснаа ганц жилийн дотор 35 мянган доллар болон зургаа дахин өсчээ. Хөрш зэргэлдээ Вэнэсүэл нь Өмнөд Америкийн хамгийн баян орон байсныг Чааваас, Модура хоёр гуйлгын уут болгож хувиргасан. Жижигхэн Гаяана эгшин зуун гэнэт суга баяжаад ирэхээр Модура бачимдан, Гаяанагийн нутгийн хагас нь дээр үед Вэнэсүэлийнх байсан гэж бүлтрэн эргүүлж авна, өгөхгүй гэвэл цэрэг оруулна гэж дөвчигнөлөө. Үзэл суртал, өшөөрхөл атаархал нь үндэстний бүлэглэлүүдийн хооронд дооз хэмжээнээсээ даврахаар бүхий л улс орон сүйрэл хямралд хүрдгийн иймэрхүү жишээ олон. Африкийн орнуудын хамаг гай зовлон угсаатны овог омог отгийн харилцан тэмцлээс улбаатай. Гэвч энэ нь засаршгүй зүйл биш. Европчууд үнэндээ ХХ зуунаас л Африкийг колончилсон. Газрын зураг дээр хувааж авснаас болоод омог отгийн хуваагдлыг огт тооцоолоогүй. Англичууд Ботсванагийн биенийгээ танихгүй омгийн удирдагчдыг урьж авчиран иргэншлийн курсад суулган “хүмүүжүүлжээ”.


Өнөөдөр Ботсвана Африкийн үлгэр жишээ, ардчилсан тогтолцоотой, эв найрамдалтай, ганц зовлон нь хэт олширсон заан нь. НҮБ-аас байгуулж өгсөн Намиби улс ч дотоод учраа олсны үлгэр жишээ.


Нэг нам сонгуулийн үр дүнд олонх болж дангаараа Засгийн газар байгуулах боломжтой байсан ч сөрөг хүчнээ Засгийн газарт урьж хамтарсан тохиолдол 1990, 2008, 2024 онд гурван удаа. давтагдав. Дээрх эвлэрлийн Засгийн газруудтай харьцуулахад эдгээр хамтарсан засгууд маш өгөөжтэй байсан. 1990 онд МАХН анхны парламентийн нийт суудлын 60%-ийг авсан ч Ерөнхий сайдын саналаар УИХ-д суудалтай сөрөг хүчний гурван намд хамтарч засаг барих санал тавьсан. Социал демократ нам үүнээс татгалзсан, МоАН, Үндэсний дэвшил нам нэг нэг төлөөлөгчийг хамтарсан засагт шадар сайдаар томилсон. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоог халж, зах зээлийн эдийн засагт шилжих үйлсийг эхлүүлэв. Зөвлөлтөөс бүрэн хамаарч тэдний зээлээр амьдарч асан Монголын эдийн зэсэг Зөвлөлт гүрэн задарснаас болж монголчууд үнсэнд хаягдсан шалз адил хүнд байдалд орсон энэ үед Олон улсын валютийн сан, түүнийг дагалдсан Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкинд элссэнээр Үндэсний нийт бүтээгдэхүүний 40%-ийг хандивлагч орнуудын тусламжаар авах болсноор нэн хүндрэлийг давсан. Өмч хувьчлал эхлүүллээ. Нийгмийн бүх гишүүдэд ваучер жигд тараасан боловч дараагийн засгийн газар үүнийг зогсоосноор хоёр дахь зах зээлийн ажиллагаа бололгүй дампуурсан. Ганц банктай байсныг тэндээс Төв банк салган бий болгосноор үндэсний валютад анх удаа өөрийн хяналтыг тогтоосон. Бараг 70 жилийн турш үндэсний валют гадны колончлогчдын мэдэлд байсан тул монгол төгрөгийн тоо хэмжээ хэд байгаа, хэд нь хаана байгаа нь мэдэгддэггүй байсныг төгрөгийн ханшийг огцом унагаснаар өөрийн хяналтыг тогтоосон.


Анх удаа үнэ чөлөөллөө. Алдаатай тал нь эрчим хүч, дулаан, нүүрс зэрэг 34 төрлийн бараа үйлчилгээний үнийг чөлөөлөөгүй учир энэ нь 34 жилийн турш хатуу үнэтэй явсаар эдийн засгийн иж бүрэн реформ хийхэд саад болсоор буй.


2008 оны сонгуульд МАН илүүрхсэн боловч сонгууль маш булхайтай, зөрчилтэй, луйвар хавтгайрсан. Шудрага бус сонгуулийн дүнг эсэргүүцсэн өргөн олны цуглаан жагсаал болсон нь улам цаашилж МАН-ын байрыг шатаасан төдийгүй хүний амь эрсэджээ. Улс даяар онц байдал зарлаж цэргийн хүч хүртэл оролцов. Нийгмийн хагарал дээд цэгтээ хүрлээ. Үүнээс сарын дараа Бээжингийн олимпоос Монголын тамирчид анх удаа олимпын аваргуудтай болсон нь ард түмнийг огшоож эвлэрэл бий болох боломж нээгдсэн юм. Ерөнхий сайд энэ боломжийг ашиглаж сонгуульд ялимгүй цөөн суудлаар ялагдсан АН-ыг засагт урин хамтарсан Засгийн газар байгуулав. Энэ нь хямарч эхэлж байсан нийгмийг үндэсний эвлэрэлд хүргэсэн том сэжүүр байлаа. Чухам ийм суурин дээр урьд нь өчнөөн жил маргалдан хөдөлгөхгүй байсан эдийн засгийн гацааг хамтдаа даван туулж маш том өөрчлөлт дэвшил авчирлаа.


Оюутолгойн зэс алтны асар том ордыг дэлхийн уул уурхайн тэргүүлэх гадаадын компанитай хамтарч ашиглахаар болов. Тухайн Засгийн газрын хамгийн том алдаа нь Тавантолгойн коксжих нүүрсны ордын 96%-ийг лицензийг нь эзэмшиж байсан хувийн хэвшлийхнээс булаан төрийн мэдэлд авсан явдал юм.


Ордын лицензийг гадаадын уул уурхайн компани авсан боловч тооцоо хийгээд ашиггүй гэж үзэн буцаасан эзэнгүй болсныг нь Монголын арав орчим хувийн компани нийлж авчээ. Хэрэв Засгийн газар дийлэнхийг нь хурааж аваагүй бол хувийн хэвшлийнхэн учраа олон гадаадын хөрөнгө оруулалт татан бас нэг том үйлдвэрлэлтэй болох байв. Удалгүй 2010 оноос нүүрсний бүүм болон гадаадын арав орчим орны компаниуд нэгэнт Засгийн газрын мэдэл болсон ордыг сонирхон хөрөнгө оруулахад бэлнээ илэрхийлсэн боловч Засгийн газар тэдэнтэй хэл амаа ололцсонгүй. Энэ нь ч Засгийн газрын зүгээс хийсэн зориудын явуулга. Энэ үеэс төрийн мэдлийн болсон нүүрсний их орд дээр авилга, дээрэм, хулгай, рэкэт, шамшигдуулал тасрахаа больсон.2024 оны сонгуулиар МАН угсраагаар гурав дахь удаагаа ялалт байгууллаа. Ерөнхий сайдын санаачлагаар сонгуульд ялагдсан АН, ХҮН намуудыг засагт урьж хамтарсан Засгийн газар байгуулав. Энэ засаг ганц жил хүрэлгүй тарсан боловч олон жилийн турш элдэв шалтгаанаар таг зогссон томоохон төслүүдийг энэ богино хугацаанд урагшлуулсан юм. Төмөр замаар нүүрс экспортлох хилийн гарц, усан цахилгаан станц, урааны орд, газрын ховор элемент гээд боогдоод гацаад байсан том төслүүдийг хөдөлгөснөөр намууд хамтарснаар их зүйл бүтээж болохыг дахин харуулж нотоллоо. 


Монголын засаглалын хамгийн сул тал нь хуулинд, ялангуяа Үндсэн хуулинд тухайн инстүүц ба түүнийг төлөөлөх хувь хүний төрийн шийдвэр гаргах эзнийг тодорхой ангилан зааж ялгаж салгаж өгөөгүйгээс болж инстүүц хоорондын маргаан тэмцэл, эрх мэдлийн төлөөх тулалдаан тасардаггүй.


Эрх мэдэл рүү шавааралдан уралдаж долооцгоох мөртөө газар унасан хойно нь овооролдон өшиглөх, шархадсан нэгнээрээ хооллох нь манай үндэстний онцлог юм болов уу? Хэн юуг хариуцах нь яг таг тодорхой биш учир сонирхолтой сэдэв рүү бүгд булаацалдан дайрах мөртөө сонирхолгүй сэдвээс зугтан биендээ ацагладаг. Өөр нэг гажиг нь шинээр томилогдсон Засгийн газар болгон өмнөхөө бүрэн үгүйсгээд шууд 1921 оноос ажлаа эхлүүлдэг. Тэр байтугай нэг нам нэг сонгуулийн хугацаан дотор солигдоход бүх асуудлыг цоо шинээр эхлүүлнэ. Энэ нь Засгийн газрууд хэврэгшдэг нэг шалтгаан болж өгдөг. Дэлхийн дайн өдөөсөн Япон, Герман түүнээс хойш 80 жил өнгөрчихөөд байхад бараг мартагдах шахсан нацист, милитарист төрийнхөө хариуцлагыг одоогийн Засгийн газрууд нь хүлээсээр байна. Төр бол ямар ч үзэл бодол чиглэл хандлагатай байлаа ч нэгэнт төр л болохоор биенийхээ шууд үргэлжлэл юм. Одоо Засгийн газар огцорсноор эрх мэдэл өөр тийш шилжин, хүчний харьцаа урвуугаар эргэлээ. Уг нь сүүлчийн сонгуулиар бодлого төлөвлөгөө чиглэл зорилгоо нийт ард түмэнд танилцуулан амлалт авсан бүлэг олонхын санал авсан, тэр улс төрийн хүчин парламентад олонх хэвээрээ байгаа. 



Баабар