sonin.mn
Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэндээ хүрч, “Хүчирхэг Монголын төлөө” мөрийн хөтөлбөрөө биелүүлсэн үү?
Судлаачид Ерөнхийлөгчийн 2017-2021 оны мөрийн хөтөлбөрийн биелэлт 20 хувь орчим гэж үзэж байна. Өмнөх бүх Ерөнхийлөгч нартай харьцуулахад хэлсэндээ хүрч, амалснаа ажил болгосон хувь хэмжээ нь хамгийн багадаа орохоор дүн гарчээ.
АН-ын дарга асан С.Эрдэнийн хэлснээр “Юу ч хийгээгүй” 4 жилийг үдсэн үү? Хэрсүү сонгогч Ерөнхийлөгч амалсан хэлсэндээ хүрсэн эсэхийг шүүн тунгааж байгаа. Ерөнхийлөгч жил бүр ажлын тайлангаа УИХ-д танилцуулах ёстой ч Х.Баттулга нэг ч удаа энэ үүргээ биелүүлэхгүй байсаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа ажээ. Бүх амлалтыг нь тоочихгүйгээр зарим нэг заалтыг нь хэрсүү сонгогчийн үүднээ сөхөж үзвэл Монгол ялсан уу, ялагдсан уу гэдгийг ялгахад хэцүү биш. 
 
Дөрвөн жилийн өмнө тэрбээр юу амлаж байсныг эргэн санацгаая.    
 
-“Эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн эх оронч Ерөнхийлөгч байна. Эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна
-Эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна.
-Экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан Эх оронч Ерөнхийлөгч байна.
-Экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Эх оронч Ерөнхийлөгч байна.
 
Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс эвлэрэл нэгдэлд хөтөлсөн үндэсний бодлого санаачлан манлайлах нь бүү хэл жагсаал цуглаан, эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан гэж МАН-ын дарга У.Хүрэлсүх огцрох үеэрээ мэдэгдсэн байна.  Мөрийн хөтөлбөртөө заасан шигээ үндэсний эв нэгдэлд манлайлж ажилласан гэх баримт нотолгоо хайгаад ч олдохгүй юм. Ерөнхийлөгч эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлэх, экологийн тэнцвэрийг хангаж, экспортын шинэ эринийг эхлүүлж чадсан эсэхийг хэрсүү сонгогчид хэнээр ч хэлүүлэхгүй шүүн тунгааж, дүнгээ тавьсан байх. 
 
-Иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль ёсны эрхээ нэр төртэйгээр хамгаалуулж чадах шударга шүүхийн тогтолцоог дэмжин, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн төлөө ажиллах
-Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангахын зэрэгцээ шүүгчийн сонгон шалгаруулалтад мэргэжлийн ур чадвар, туршлагаас гадна хувь хүний ёс зүйн шаардлагыг хуульчлан эрх зүйн орчныг боловсронгуй болгох
 
 
 
Хууль шүүхийн хонгил нурах биш төмөр бетонон хийцтэй болж бэхжин, Ерөнхийлөгчийн тамгын газрын үнэмлэх үзүүлж хөл хориог үл тоодог, цахилгаан шатанд оцгоногч өмгөөлөгч Б.Баасанцогтын компьютерээс хэрэг захиалгаар төлөвлөдөг схем олдсон нь энэ амлалт огт биелээгүйг нотолно. Хууль, шүүхийн ажилтнууд Б.Баасанцогтоос их хэмжээний мөнгө удаа дараа авсан банкны хуулгууд, хонгилоос болж хохирсон иргэд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн гүнзгий оролцоо зэрэг нь энэ амлалт бүхлээрээ будаа болсныг илтгэнэ.  
 
 
 
Сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтан авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон нь тогтоогдсон, оффшор данстай нь илэрсэн, ашиг сонирхлын зөрчилтэй нь нотлогдсон тохиолдолд хатуу хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь огцруулах, хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, энэ асуудлыг зохицуулсан олон улсын гэрээ, конвенцид нэгдэхийн төлөө бодлого, санаачилга гарган ажиллах
 
“Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн охиноороо дамжуулан оффшорт бүртгэлтэй “Женко Холдингс Пи-Ти-И” буюу Jenco Holdings PTE компанийг 2020 оны арваннэгдүгээр сар хүртэл эзэмшиж байсан нь Сингапур улсын бүртгэлийн байгууллагын мэдээллээр ил болсон. Х.Баттулгын дипломат  паспорт дээр  “Эм-Си-Би Холдингс Пи-Ти-И” буюу MCB Holdings PTE компани бүртгэлтэй байсан. УИХ-ын гишүүн байхдаа тус компанийн хувьцаа эзэмшигч байсаар байжээ. “Money Come Back” буюу MCB Holdings гэх энэ оффшор компанийн нэр бас удахгүй өөр асуудалд холбогдон гарч ирнэ” гэж бичжээ.
Сингапурт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг http://www.bizfile.gov.sg сайтаас  5.5 сингапур доллар төлөөд харчих боломжтой. 
Сонгогчдын хувьд хэлсэндээ хүрэх, амласнаа биелүүлэхийг бүх шатны сонгогдсон албан тушаалтнаас шаарддаг. Хэлсэндээ хүрч, амлалтаа ажил хэрэг  болгосон  хүнийг улираан сонгох дуртай. Харин амласнаа умартаж, ажил болгоогүй хүнийг сунгах дургүй. Хэрсүү сонгогч хэлсэндээ хүрсэн эсэхийг нь шалгадаг. Монгол ялсан уу, ялагдсан уу?  Хэрсүү сонгогч Та бод, бод, сайн бод.  
 
 
Ч.Явуу