sonin.mn
Тийм ээ, түүний нэрний урд уран бүтээл нь овог мэт нэрлэгддэг. “Маагаа” хэмээн эргэн тойрныхон нь, урлагийнхан авгайлан дууддаг энэхүү эрхмийг “Төрийн хишигтэн” буландаа онцолж байна.
Монголын дууны урлагт тод мөрөө үлдээсэн, 600 гаруй уран бүтээлээс нь олон арван дуу ард түмний амандаа үргэлж аялдаг ардын дуу болтлоо түгсэн энэхүү эрхмийн амьдралын нэгээхэн жимээр аялуулах болсондоо тун таатай.
Хоёрхон сарын өмнө төрдөө үнэлүүлж Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм алд­раар энгэрээ мялаахад нь дуунд дуртай ард түмэн илүүтэй баярлаж, хамгийн чангаар алга ташиж байсан юм.
 
ЭЭЖИЙН ХАЙР ХҮҮГЭЭ УРЛАГТ ХӨТЛӨВ
 
Хөгжмийн зохиолч Б.Магсаржав 1963 онд Увс аймгийн тэс суманд төржээ. Нэг эгчтэй айлын бага хүү. Түүнийг нэг настай байхад аав Д.Бадарч, ээж Д.Ширнэн нь Увс аймгийн Давст сумын хамаатныхаа Хорлоо гэх бүсгүйгээс өргөж авч. Өргөсөн аав ээжийнхээ их хайр халамжинд эрхэлж өссөн тэрээр 13-14 нас хүртлээ өргөмөл гэдгээ мэдээгүй гэдэг.
Түүнийг дөнгөж ой гарантай байхаас л дуу хөгжимд мэдрэмжтэй байхыг ажигласан ээж нь хүүгийнхээ авьяасыг хөгжүүлэхээр дөрвөн настайд нь гармошка гэдэг хоёр даралттай жижигхэн хөгжим авч өгсөн нь түүний урлагт хөл тавих үүдийг нээжээ. Тиймээс “Маагаа” анхны багш маань миний ээж гэдэг.
Мэдээж мэргэжлийн урлагийн хүн болоход нь анх зааж сургасан багш нь Увс аймгийн Тэс сумын гавьяат багш Жамъяангийн Найдан гэж хүндлэн дээдэлдэг. Тухайн үед Тэс сумын айл өрхийг тэр чигт нь баяанист хөгжимтэй болгосон гавьяатан. Тиймээс ч ээж нь хүүдээ хөгжим авч өгөхийн тулд дээлийн торгоо өгч Тува руу захиснаар бяцхан хүү хөгжимтэй болсон түүхтэй. Ээжийн хайр, багшийн хичээл, өөрийнх нь авьяас, хөдөлмөрийг илтгэх энэ хөгжим түүнтэй өнөөдрийг хүртэл хамт байна. 
Б.Магсаржав хүү зургаан настайдаа “Жалам хар” зохиолыг тоглож сурчээ. Багшийн дээдийн төгсөх ангийн хүүхэд ч тоглоход бэрх зохиол гэж тэр тодотгосон.
1970 онд долоон настайдаа Улаанбаатар хотод ирж анхны уралдаанд оролцон алтан медалиа тухайн үеийн төрийн тэргүүн Ю.Цэдэнбалаас гардсан нь том урам зориг өгч. Харин  1979 он гэхэд тэрээр Пионер сурагчдын дөрөвдүгээр чуулган урлагийн наадамд оролцохдоо хэдийнэ тав дахь алтан медалиа дахин Ю.Цэдэнбал гуайгаас авсан аж. Б.Магсаржав хүүгийн авьяас чадварыг үнэлсэн төрийн тэргүүн түүнд Багшийн сургуулийн хөгжмийн ангид сурах урилга өгсөн байна. Ингэж 15 насандаа урлагт суралцахаар төрсөн нутаг ус, эжий ааваа орхин хотод иржээ.
Ээжийнхээ өврөөс нийслэлд ирсэн оюутан хүү нууцхан ээжийгээ ихэд санана. Тиймээс нэгдүгээр курсээ төгсөөгүй байхдаа Ц.Гайтав гуайг гуйж шалсаар түүний шүлэгт ая хийснээр “Сүүн далай ээж” хэмээх анхны дуу нь төржээ. Ц.Гайтав гэж том хүний шүлэгт ая хийнэ гэж хөөцөлдөж явдаг их бөх зоригтой хүүхэд байсан байгаа юм хэмээн тэрээр саяхан өгсөн ярилцлагадаа дурсана билээ.
Хүүгийнхээ авьяасыг хөгжүүлэе, ирээдүйг нь зөв чиглүүлэе гэсэн сайхан ээжийнхээ хичээл зүтгэл, сэтгэлээр урлагтай салшгүй холбогдсоны тод мөр болсон “Сүүн далай ээж” дуу нь одоо ч олон ээж үрийн хайрыг илэрхийлж, мөнхөлсөөр байна.
 
“...Наран гэрлийн илчтэй
Саран гоо ээжий минь
Дэлгэр сайхан хараагаараа дэлхий ертөнц мишээж байна
Бүүвэйн сайхан дуугаараа
Бүх дэлхийг уяраасан
Чин ариун сэтгэлтэй
Сүүн далай ээжий минь...”
 
ЗҮРХНЭЭС ЗҮРХЭНД ХҮРЭХ ХИТ ДУУНУУД ТӨРСӨӨР
 
Сургуулиа төгсөөд л эр цэргийн албанд татагдсан тэрээр Ардын армийн 019 дүгээр ангид тангараг өргөж байлдагч болжээ. Гэтэл ангийн захирагч өрөөндөө дуудаад Батлан хамгаалах яамны сайд, хурандаа генерал Ж.Ёндонгийн тушаалаар Бүх Цэргийн Дуу Бүжгийн Ансамльд томилсон талаар дуулгасан байна. Ийнхүү Цэргийн ансамбльтай холбогдсон нь Б.Магсаржавыг жинхэнэ уран бүтээлч болох  замыг засчээ. Ансамблийн баян хуурчаар ажиллахаас гадна хөгжим, дууны ая зохионо. Дууны урлагт хөл тавихад нь маш их нөлөөлсөн буянтай газар бол Цэргийн ансамбль гэдгийг тэрээр бахархалтай хэлдэг юм.
Хэдий өөрөө дуу хийх, хөгжим бичих авьяастай их хүсэл тэмүүлэлтэй байлаа гээд сайн яруу найрагч, дуучин үгүй бол сайхан уран бүтээл төрөх нь үгүй. Дуу гэдэг гурван хүний авьяас, хөдөлмөр, зүрх сэтгэлээр бүтдэг гэдгийг тэр онцлон ярьдаг.
 
“...Халин халин нисээд ирсэн шувуу
Харзны усанд элгээ жиндээн ганганах юм
Харын хар нүдэн чамайгаа
 
 
 
Харж л суух минь хэзээ л юм бол доо..” хэмээх уянгалаг сайхан дууг сонсоогүй, мэдэхгүй хүн үгүй биз. 1987 онд зохиосон “Зүүдэн бороо” дуу нь ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнтэй вагонд танилцсанаар тэдний хамтын уран бүтээл болон төрсөн түүхтэй аж.
 
 
Ингээд л түүний авьяаснаас ундарсан олон дуу ард түмний хайртай дуунууд хөвөрчээ. Анх бол яруу найрагчид, дуучдыг гуйдаг байсан бол дуунууд нь үзэгчдэд хүрэхийн хэрээр зохиолчид шүлгээ бариад ирдэг, дуучид нь дууг нь дуулахаар уулздаг болж. Тэр их гоё. Өөрийн орон зайтай болж байгаа мэдрэмж гэж байв.
Түүний олон сайхан дууг амьдруулсан дуучин Н.Төмөрхуягтай 1989 онд Хэнтий аймагт анх танилцаж байснаа дурссан байдаг.  “Тэр үед олон сайхан дууны шүлэг бичсэн яруу найрагч Дүгэрийн Амгалан “Насны намар” гэдэг шүлгээ авчирч өгсөн юм. Энэ шүлгээ бичсэн түүхээ ярихад нь би ч, Төмөрхуяг ч, бид гурав гурвуулаа адилхан ээжтэйгээ уулзаж чадаагүй байсан. Тэгээд л бид гурвын зүрхнээс ард түмний зүрхэнд хүрэхээр бүтээл төрсөн дөө. Намайг хөдөө тоглолтоор явж байхад ээж минь бурхан болж би уулзаж амжаагүй юм” гэсэн юм.
 
“...Үсний сор минь мөнгөрөх тусмаа
Үгүйлэн санах юм төрсөн нутгаа
Уулзаж амжаагүй ээжээ бодохоор
Уугуул нутаг минь хагасраад байх юм аа
Насны намар гадаа ирэхэд
Нартын жамыг ухаарах юм даа хө...”
Харин түүний хайртай уран бүтээл “Зүрхний уяа” дууны шүлгийг барилгачин хүн бичжээ. Тэр хүн хэлэхдээ “Амьдралдаа би нэг л хүүхэнд дурласан нь эхнэр минь, ганцхан дууны шүлэг бичсэн нь Зүрхний уяа юм. Та ая хийгээд өгөөч” гээд өгчээ. Энэ дуугаа Н.Төмөрхуягаараа дуулуулж, гарав ч оров ч хамт болж, Хэнтий аймгаас найзыгаа хотод авчран гэртээ байлгаж хамтран уан бүтээлээ хийдаг болов. Ийнхүү дуучин Н.Төмөрхуяг олон сайхан уран бүтээлийг амьдруулж, олны хайрыг хүлээж Монгол Улсын гавьяат жүжигчин болсон түүхтэй.
 
ТАЙЗАН ДЭЭР НЭГ, ТӨРИЙН ОРДОНД НЭГ ГАВЬЯАТЫН ТЭМДЭГ ЗҮҮВ
 
Оргилсон их авьяастай хөгжмийн зохиолч залууд харин хувийн амьдралын түүх хомсхон. Тэр залуу насны ааг омгоор зөвхөн уран бүтээл, дуу хөгжимдөө анхааран гэр бүл, хань ижил, үр хүүхэд гэж гүйсэнгүй. Мэдээж авьяаслаг залууд сайхан бүсгүйчүүд олонтаа л таарна, ганц хоёртой нь дэр нэгтгэж байсан ч амьдрал болсонгүй. Учир нь дуучдынх нь ч, бүжигчдийнх нь ч хөгжмийг тоглодог болохоор түүнгүй бригад гэж байсангүй. Мөн алдартай найрал болох 60 хар, 10 цагаантай ч хамтарч уран бүтээл хийнэ. Ёстой л мөрөөдлийн ажлаа хийж байгаа болохоор ая бичих онгод, мэдрэмж өөрийн эрхгүй төрнө. Нэг онгод ороод эхэлчихвэл шөнө унтана гэж үгүй, өдөржин шөнөжин хөгжимтэйгөө зууралдана. Шөнөжин хөгжимддөг хүнийг хэн гэртээ байлгах вэ дээ, маргааш нь л хөөгдөнө. Тиймээс Цэргийн ансамбльдаа тайзны ард жүжигчдийн хувцас солих өрөөг гэрээ болгон таван жил амьдарсан тухайгаа телевизийн нэвтрүүлгээр ярьж байв. Энэ бол түүний туулж өнгөрүүлсэн амьдралын нэгээхэн хэсэг. Эр нэг алдаж, эрэг нэг нурна гэгчээр бор дарсанд орж гундуухан явсан үе түүнд бий.
Гэхдээ алдсан ч эргээд засдаг, унасан ч дахиад босох тэнхээ монгол эрчүүдэд байдгийг үлгэрлэн тэр хожуу ч сайхан ханьтайгаа учирч, амьдралаа шинээр босгосон нь бахархам. Түүний хань Ч.Ганчимэг гэдэг түшигтэй сайхан эмэгтэй яруу найрагч, эмч мэргэжилтэй. “Энэ хүнд би насаараа баярлаж явна. Хань минь надад нөлөөлж, архи дарснаас гаргаж, сувилж эмчлүүлж өгсөн. Ийм хүнд үеийг туулж, өөрийгөө ялж чадсан учраас надад одоо бусад бүх зүйл амархан санагддаг” гэсэн юм. Зөвхөн түүний зүрх сэтгэлээс л гарах нандин үгс.  
Уран бүтээл нь олонд хүрээд, ард түмний хайртай хөгжмийн зохиолч болж, түүний хамтрагчид бүгд төрдөө үнэлүүлж гавьяа шагналаа хүртсэн байдаг. Харин Б.Магсаржавд хувийн амьдрал, бор дарсны асуудал саад болсон гэх нь байв.
Түүний дуунуудаас “Ээжийн чанасан цай”, “Монгол омогшил” зэрэг нэлээд хэдэн дууг С.Жавхлан гавьяат дуулсанаар ард түмний хайртай уран бүтээл болсон. С.Жавхлан түүний тоглолтон дээр өөрийнхөө гавьяатын тэмдгийг зүүж өгснөөр тухайн үедээ нэлээд шуугиан тариад байв. Энэ тухайд Б.Магсаржав дурсахдаа “Нэг өдөр С.Жавхлан маань ирээд намайг тоглолтоо хий гээд “Хайранд мансуурсан аялгуу” гэдэг айхтар нэр өгөөд, өөрөө найруулж, зохион байгуулж өгсөн. Тэр өдөр С.Жавхлан надад”Ахдаа нэг сюрприз баринаа” гэж хэлсэн юм. Би дотроо “Надад нэг өрөө байр өгөх нь дээ” гэж бодож байтал тоглолтын тайзан дээр гавьяатын тэмдэгээ тайлаад надад зүүж өгсөн. Төр нь өгөөгүй байхад тэгж болмооргүй санагдаад л, нэг бодлын та гавьяатын энтэй хүн шүү гэж намайг цочоосон байх. Түүнээс хойш миний уран бүтээл хурцлагдаж илүү сайн болж ирсэн. С.Жавхлангийн цаад утга ахыгаа ирлэж өгсөн байх гэж боддог” гэж байв.
 
 
 
2021 оны хоёрдугаар сард Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулаад хэвлэлд сэтгэгдлээ хуваалцахдаа “Миний хоёр багш гавьяат, би гавьяат болох үүрэгтэй байсан, ингээд гурав дахь нь боллоо. Энэ бол авьяаслаг ард түмний хүч. Хэрэв би ард түмнийнхээ дунд байгаагүй бол энэ төрийн том шагналыг авахгүй байсан болов уу. Энэ хүчтэй ард түмний дунд хурцлагдсандаа бахархан баярлаж явдаг” гэсэн юм. 
 
 
 
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Магсаржав энэ аюулт цар тахал дуусч цаг сайхан болоход хамгийн түрүүнд тоглолтоо хийж, ард түмэнтэйгээ уулзахаар тэсэн ядан хүлээж байгаа гэв. Өнөөдрийн байдлаар 600 гаруй дуу зохиосон тэрээр дуурь, балет, магтуу ч бичиж эхэлж. Мөн Үндэсний урлагийн их театрт хорместерээр ажиллахаар болжээ. Мөн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Цэргийн чуулгатай хамтраад хэд хэдэн уран бүтээл хийхээр төлөвлөсөн гээд түүнд нэг ч хором уран бүтээлээс, аялгуу хөгжмөөс холдох эрх байхгүй. Өөрийгөө магтдаггүй, рекламддаггүй даруухан амьдарч ирсэн түүний өмнөөс хийсэн уран бүтээлүүд нь ярьсаар, зарласаар ирсэн нь бахдам. Улам ихийг бүтээгээрэй, Таныг урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай.
 
 
Х.Монголхатан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин