sonin.mn
-Н.Алтанхуяг гишүүн бусдын амь насанд заналхийлж байгааг тэвчиж болошгүй зүйл-
 
М.Тулгат даргатай АН-ын "4-11" уулзалт боллоо.
 
Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: "СЕХ өчигдөр АН-ын материал хүлээж авсан талаар мэдэгдсэн. Иймд бид сонгуулийн бэлтгэл ажилдаа орно. АН-ын нийт дэмжигч гишүүддээ уриалж хэлэх гэсэн юм. Өнөөдөр Монголын ардчиллыг хамгаалах, ардчилсан тогтолцоог цааш нь хамгаалж үлдэх хариуцлагатай сонгуулийн өмнө бид ирсэн. Иймд Та бүгдийг энэ зарчим, үзэл санаагаа хамгаалахыг уриалж байна. Монголд ардчиллыг авчирахдаа хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн засагтай, парламентын ардчилалтай улс байх зорилт, тэмүүллээр эхлүүлсэн гэж харж байгаа. 
Харамсалтай нь сүүлийн үед АН-ын дарга байсан хүмүүс, одоо намын дарга байгаа хүмүүс ардчиллын эсрэг, Үндсэн хуулийн эсрэг зүйл ярьж байна. Монгол Улс гэдэг бол алганд багтсан Үндсэн хууль гэж Чимэд багш маань хэлж байсан. Гэтэл сүүлийн үед дээрх хууль бус үйл ажиллагааг хийж байгаа хэсэг бүлэг хүмүүс Үндсэн хуулийг өөрчлөх өнгө аяс цухуйлгаж байна.  Үндсэн хууль бол тусгаар тогтнолын баталгаа, монголын ардчиллын дархлаа суусан гэж үздэг. Гэтэл энэ зүйлийн эсрэг ярьж байгаад харамсаж байгаа юм. Өнөөдөр нэг том дарга гарч ирдээд “Надад таарсан том албан тушаал өгөх юм бол хийнэ, надад жижигдвэл би хийхгүй” гэж хэлтлээ энэ улс төр ялзарсан байна. Монголын төр бол наймаа арилжаа, дарга нарын хооронд тохиролцож байдаг хэрэгсэл биш. АН-ын даргаар 6 жил ажиллаж байсан Н.Алтанхуяг гэдэг хүн тун болчимгүй үг хэлсэн. Ард түмний өмнө хүн дүүжлэх тухай ярьсан.
 
 
 
Баруун төвийн үзэл баримтлалтай Үндсэн хуульд тангараг өргөсөн УИХ-ын гишүүн ард түмний нэр бариад бусдын амь насанд заналхийлж байгаа нь тэвчиж болошгүй зүйл. Шулуухан хэлэхэд, үр ачаа асраад, залуучууддаа сургаалиа хайрлаад сууж байх ёстой улс төрийн зүтгэлтэн хүн өөрийнхөө үр хүүхэд шиг хүнийг дүүжилнэ” гэж байгаа нь хүлээж авшгүй зүйл юм.
 
 
 
Дахиад хэлье. Сүүлийн үед АН-д орсон АН-ын нэр барьсан тодорхой бүлэг УИХ-ын гишүүд  ийм зүйл ярих боллоо. Талбай дээр өлсгөлөн зарласан С.Ганбаатар гишүүн тухайн үед өөрийгөө шатаах тухай ярьсан. Үүний дараахан нэг залуу өөрийгөө шатаачихсан. Одоо Н.Алтанхуяг гишүүн бусдыг дүүжлэх талаар ярьж байна. С¬ЕХ-ны шийдвэр гарсан. Одоо дотоод маргаан, муйхар үзэгдлээ болих хэрэгтэй." гэв.
 
Мөн уг хурлын үеэр АН-ын дарга М.Тулгат: "Шулуухан хэлье. Манай нам хоёр хуваагдсан нь үнэн. Гол нь манай намын хэсэг бүлэг хүмүүс энд нь илүү хүч байгаа юм байна. Ерөнхийлөгч байна. УИХ-ын гишүүд ч байгаа юм байна. Энэ тал нь надад ашигтай юм байна гээд тэнд нэгдэж, түүнийгээ АН-ын нэр барьж янз бүрийн үйл ажиллагаа явуулж байна. Тэр хүмүүсийг Ерөнхийлөгч Х.Баттулга юунд ашиглах гэж байсан гэхээр нэг хүний дангаар ноёрхох, хязгааргүй эрх мэдэлд хүрэх тийм Үндсэн хуулийн өөрчлөлт, түүнийг  бий болгохын тулд АН-ыг ашиглах байсан. Бүгд мэдэж байгаа. Энэ бол хэсэг бүлэг хүмүүс албан тушаалын эрх мэдэлд хүрэх гэсэн оролдлого. Албан ёсны АН-ын эсрэг үргэлж худал мэдээлэл түгээж, сошиалд ажиллалаа. Ямар их мөнгөтэй юм бэ. Энэ хүмүүс цар тахал хүндэрч байхад ингэж өлссөн үү, монгол залуу өөрийгөө шатаахад ингэж өлссөн үү. Төрийн дээгүүр ингэж алхаж байгаа нь АН-ын итгэл үнэмшил юм уу. АН-ын нийт дэмжигчдэдээ хандаж хэлэхэд хууль ёсны АН-даа нэгдэж, хамтдаа үүний төлөө явья гэж уриалж байна. " хэмээсэн юм.
Мэдээллийн төгсгөлд АН-аас Ерөнхийлөгчийн Сонгуульд Нэр дэвшигч С.Эрдэнэ: "Өнгөрсөн хугацаанд АН-ын удирдлагын төвшинд маргаантай асуудлууд явсан. Түүнээс АН-ын анхан болон дунд шатанд хагаралдаан ямар нэгэн юм болоогүй. Бидний зүгээс асуудал үүсгэж байгаа нөхдүүдтэй аль болох ойлголцох, эв зүйгээ олох, зөвшилцөх байр суурийг  барьж ажилласан." хэмээн байр сууриа илэрхийллээ.
 
 
Б.Саруул