сонин mn
Үндсэн хуулийг аливаа төрлийн амьтанд байдаг гентэй адилтгаж үзэж болно. Учир нь бүх төрлийн амьтны ген тухайн амьтныг хэрхэн яаж хөгжихийг хөтөлдөг хөдөлгөгч жолоодогч болж байдаг. Тухайлбал нялцгай биет амьтад болох дун хясаа өт хорхой гэх мэт амьтдын гений 70% нь хүний гентэй адил байдаг. Гэвч хүн болон нялцгай биетүүд гений хувьд дийлэнх нь адил байдаг боловч өөр хоорондоо тэс ондоо болж хөгжсөн билээ. Хүн ба шампанзе сармагчны хувьд гений  99% нь адилхан боловч нэг нь одоо ч модноос буугаагүй байхад хүн төрөлхтөн цөмийн энерги бүтээж, олон зуун давхар байшин барилгууд барих чадвартай болж хөгжсөн. Хомосапиенс буюу Орчин цагийн хүн ба Неандерталь хүн хоёр өөр хоорондоо 999 буюу шижир алт шиг адилхан. Гэвч неандарталь хүн 40 мянган жилийн өмнө устаж харин хүн төрөлхтөн 7.4 тэрбум болтлоо өсөж үржээд хамгийн олон тоогоор амьдардаг сүүн тэжээлтэн болсон билээ. Үндсэн хуулийн 1%-ийн алдаа нь хүн сармагчин хоёр шиг тухайн нийгмийг ялгаатай хөгжүүлж, 0.1%-ийн алдаа нь неандарталь хүн шиг эцэс сүүлдээ тухайн улс орныг хөнөөх ч аюултай байдаг. Иймээс аль ч орны үндсэн хууль улс үндэстэн нийгэмдээ зохицсон байхаас гадна үг үсэг таслалаас гадна логикийн ямар ч алдаагүй байх ёстой байдаг билээ.
 
1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хууль нь 6 бүлэг 70 зүйл 6000 гаруй үгтэй байдаг. Монголын хуульч нарт байдаг нийтлэг алдаа нь үг үсэг таслалын алдааг хянахдаа сайн боловч математикийн батлах бодлого боддоггүй эсхүл математик логик сэтгэлгээ тааруугаас болж логикийн алдаатай байх нь бий. Иймдээ 1992 онд Б.Чимэд агсны зохиосон үндсэн хууль нь 40-50 үгний хоорондох утга санаа уялдаа холбоо үр дүнгээ буруу тооцсон зэрэг логик алдаатай байдаг. Үүнийг 6000 гаруй үгтэй нь харьцуулбал ойролцоогоор 1%-ийн алдаа юм. Б.Чимэд агсныг одоогийн сурагч оюутнуудтай зүйрлэвэл “Үндсэн хууль зохиох” гэсэн гэрийн даалгавраа маш сайн гүйцэтгэж гэж 99%-тай “А” үнэлгээ авах байжээ. Гэвч Үндсэн хуулийг ингэж 1%-ийн логик алдаатай зохиовол бодит амьдрал дээр “сармагчин” болон “хүн” хоёр шиг тэс өөр хөгжлийн замаар явахтай адил юм. Иймээс “үндсэн хууль”-ийг 1%-ийн ч тэр ч байтугай 0.01%-ийн ч алдаагүй ямар ч логик математик алдаагүй зохиох ёстой билээ. 
Цөөхөн боловч эдгээр алдааг өгүүлбэл.
1. Үндсэн хуулийн 20-р зүйлийн “Улсын их хурал бол төрийн ... дээд байгууллага” гэсэн нь “төр” “дээд байгууллага” болсноор яах ёстой ямар учиртай гэдгийг томьёолоогүйгээс “дээд шүүх юм уу, дээд засгийн газар юм уу, дээд ерөнхийлөгчийн ажлын алба юм уу” ойлгомжгүйгээс болж халдашгүй байдлыг нь ашиглаж хэт дураараа хуульд захирагдах дургүй анархистууд эсхүл ял шийтгэлээс зугтсан гэмт хэрэгтнүүдийн үүр уурхай оромж болгох сөрөг талтай юм;
2. Үндсэн хуулийн 21.1-д “УИХ ... 76 гишүүнтэй байна” гэсний “76” гэсэн тоо Монгол Улсад маш том нийгмийн аюулыг дагуулж хүссэн ч хүсээгүй ч нийгмийн олигарх тогтолцоогоор явж баян хоосны ялгаа хэтэрхий их болж Монголын баялаг бидний хэлж заншсанаар яг хэн гэдэг нь тодорхойгүй “30” гаруй гэр бүлд хуваарилагдах тавилантай болсон юм. Монгол Улсын хувьд 76 гишүүний олонх буюу 39 этгээдийн дэмжлэгийг авч чадвал өөрсдийн таалалд нийцсэн хууль батлуулж, макро түвшний эдийн засгийн шийдвэр гаргуулах боломжтой юм. Учир нь, нийгэм эдийн засгийн эцсийн шийдвэрийг 50 буюу түүнээс доош тооны этгээд субъект гаргаж байвал онолын хувьд үүнийг “олигарх” тогтолцоо гэдэг билээ.  Монголтой адил хүн амын дийлэнх олонх нь уугуул нэг үндэстэн бүрдүүлдэг, нэг танхимт парламентын засаглалтай, нэгдмэл улс, иргэд нь аз жаргалтай амьдардаг улсуудын хувьд жишээлбэл хүн ам ойролцоо байгалийн баялаг ихтэй Финланд Улс 5.5 сая хүн амтай ч 200 гишүүнтэй, Исланд Улс 350 мянган хүн амтай 63 гишүүнтэй. Исланд Улсаар жишээлж томьёолбол Монгол Улсын хувьд 600 гаруй гишүүнтэй ч байх боломжтой байна. 1992 онд шинэ Үндсэн хуулийг батлахдаа 450 гишүүнтэй байнгын бус гэх “Ардын их хурал”-ыг татан буулгаж байнгын ажиллагаатай гэх “Улсын их хурал” болгож “Ардын” гэх үгийг “Улсын” болгосон билээ.
 
Ингэж өөрчлөхдөө гишүүдийн тоог 450/6 = 75 +1 = 76 гэж огцом бууруулж цомхотгосон. Аливаа байгууллагыг татан буулгаж өөрчлөхдөө 2 эсхүл 3 дахинаар цомхотгодог. Хэн нэгний санаачлаг заавраар гэдэг нь тодорхой бус эсхүл математик сэтгэлгээ муу болсноос уу ямар ч байсан 6 дахин гишүүдийн тоог цомхотгосон байдаг. 
 
Уул нь Монгол Улс шиг том газар нутагтай хүн ам нь тархай бутархай суурьшсан орны хувьд парламентын гишүүдийн тоо аль болох олон байна төдий чинээ жирийн иргэдийн төлөөлөл сонгогдох магадлал өндөр, харин цөөн байх тусам олигарх баячуудын төлөөлөл сонгогдох магадлал өндөр байдаг. Ардын их хурлын 450 депутатыг олон гэж үзэж болох боловч 6 дахин цөөрүүлж 76 болгосон зохисгүй үйлдэл бөгөөд ядаж 3 дахин бууруулж “150” болгосон бол их зохистой юм. Учир нь 150/2 = 75 буюу 50-с их тул төрийн эцсийн шийдвэр хэт цөөн хүний гарт очих боломжгүй болж хумигдах билээ. Тооцоолоход Монгол Улсын хувьд 150 эсхүл 200 гишүүнтэй байвал зохистой байна. “76” гишүүнтэй одоогийн олигарх тогтолцоо нь нутаг орондоо хүндлэгдсэн шударга иргэн бус “Чингис зочид буудал” “Баянгол зочид буудал” “Хаан банк” “Худалдаа хөгжлийн банк” “Хас банк” “Петровис” “Хурд” “Тэс” “Оюуны ундраа” зэрэг улстөрчид биш томоохон компанийн захирлууд эзэд УИХ-ын гишүүнээр сонгогдож байгааг бодитоор харж болно. Жишээ нь, Өвөрхангай аймгийн Богд сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын иргэдийн төлөөлөл Улсын их хуралд суух бодит боломжгүй болсон. Олигархууд гэж “улс төр” “бизнес” хоёр нэгдэж нэг хүн шиг болж төрийн тендер, өмч хувьчлал, лиценз, лицензийн наймаа зэргээр баяжсан хүмүүсийг хэлдэг ба харин Стив Жобс, Билл Гейтс, Илон Маск нар шиг төрийн оролцоогүйгээр шударга хөдөлмөрөөрөө хөрөнгөжсөн хүмүүсийг хэлдэггүй. Яагаад “улс төр” “бизнес” хоёр нэгдэж болохгүй гэхээр улстөрч хүн нийгмийн тусын тулд хэдхэн төгрөгийн цалин авч хөдөлмөрлөдөг бол бизнесмен хүн бол ашгийн төлөө буюу мөнгөний төлөө ажиллаж нүд ирмэхийн зуур хүний санаанд оромгүй их мөнгө олж түүнийгээ улам их арвижуулахыг өөрөө мэдэлгүй хүсдэг эрмэлздэг болчихдог. Учир нь, бизнесмен хүн амьдралынхаа дийлэнх хугацааг мөнгөний төлөө явж ирсэн тул өөрсдөө мэдэлгүй амьдралынх нь дадал зуршил рефлекс болсон байдаг.   Тиймдээ ч Америкийн толгой баячууд болох Билл Гейтс, Илон Маск нар ухамсраараа парламентын гишүүнд нэр дэвшдэггүй;
3. Үндсэн хуулийн 23.1-д “... ард түмний элч ...” гэснийг “... иргэдийн төлөөлөгч ...” гэж өөрчлөх. Парламентын гишүүд нь тухайлсан тойргоос сонгогдож тухайн тойргийнхоо иргэдийг төлөөлдөг этгээд билээ. Үүнийг улсын төсөв батлагдахад бэлээхнээ харж болно. Монголын баруун хязгаар Баян-Өлгий аймгаас сонгогдсон Казах, Монголын зүүн хязгаар Дорнод аймгаас сонгогдсон Буриад, Монголын хойд хязгаараас сонгогдсон Хөвсгөлийн Цаатан, Монгол өмнөд хязгаараас сонгогдсон говийн Халх хүн соёл заншил, хэл яриа, аж ахуй, мал маллагааны хэлбэр, газар нутгийн онцлогоос шалтгаалаад тэс ондоо бөгөөд тухайн  бүс нутгийн иргэдээ төлөөлж төрд суухаас өөрөөр нэгнээ төлөөлөх бодит амьдралд ямар ч боломжгүй юм.
 
 
 
Парламентын гишүүдийг Монголын нийт ард түмнээс сонгогдсон юм шиг “Ард түмний элч” гэж хэт дөвийлгөн өргөмжлөх нь Монголын төр хэтэрхий олон том толгойтой болж нээх олон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай болж төр тогтвортой ажиллах боломж алдагдаж төрийн нэгдсэн нэгдмэл бодлого явуулах боломжгүйд хүрдэг.
 
 
 
Баян-Өлгий, Ховд, Увс аймагт Казах, Ойрд хүмүүс ирж суурьшихаас өмнө амьдарч байсан нутгийн уугуул иргэд болох Урианхай-Монголчууд, Дорнод, Хэнтий аймгаас Буриад-Монголчууд бүс нутагтаа үндэстний цөөнх болсон иргэд Монголын төрд төлөөллөө илгээх боломжтой болох давхар тустай;
4. Үндсэн хуулийн 25-р зүйлийн 4, 6 –д “... бусад байгууллагын ...” гэснийг хасаж 38.2 луу шилжүүлэн “Ерөнхийлөгч, орон нутгийн засаг захиргааны эрхэд заагаагүй төрийн бусад байгууллагын бүтэц, томилгоог Засгийн газар хариуцна” гэж өөрчлөх. Засаглалыг “хууль тогтоох”, “шүүх”, “гүйцэтгэх” гэж гурав ангилдаг ба боловсон хүчин хүний нөөцийн томилгоо нь онолын хувьд гүйцэтгэх засаглалд харьяалагддаг. Яагаад гэвэл хурлын засаглал нь аливаа асуудлыг хамт олноороо хэлэлцэж олонхын зарчмаар шийдвэрлэдэг. Хамт олноороо шийдвэрлэсний дараа асуудал үүсэхэд хариуцах эзэнгүй нэг нэг рүүгээ бухацгаадаг. Монгол ардын “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй Бүлээн усаар хиргүй” гэдэг зүйр үгтэй тохирдог. Монголын зөвхөн цалингаараа амьдардаг эсхүл өнөө маргаашаа болгоод хувиараа жижигхэн бизнес эрхэлдэг ард иргэдийн халаасыг чимээгүй тэмтэрч хоосолж байдаг “инфляци”-тай өдөр бүр нүүр тулгардаг ч Монгол банкны томилгоог дангаараа УИХ хариуцдаг тул хариуцах эзэнгүй болчихдогийг бэлээхнээ харж болно;
 
5. Үндсэн хуулийн 30.1-д “... төрийн тэргүүн ...” гэснийг “... ард түмний элч ...” гэж өөрчлөх. Улсын Ерөнхийлөгч маань “төрийн тэргүүн” гэх хочтой юуны тэргүүн болсноо мэдэхгүй нэг юмны тэргүүн болчихсон байдаг. Засгийн газрын тэргүүн ч биш, Парламентын  тэргүүн ч биш, Шүүхийн тэргүүн ч биш ер нь бол хэн ч биш нэг юмны тэргүүн болсон билээ. Ийм мануухай мэт төрийн тэргүүнтэй байх нь нийгэмд анархизмыг улам гааруулж, төрд итгэх ард түмний итгэл буурахад нөлөөлдөг. Яг үнэндээ Монгол Улс парламентын засаглалтай улс бөгөөд Ерөнхийлөгч нь бүх ард түмнээс сонгогддог цор ганц субъект тул “Ард түмний элч” гэвэл зүйд нийцнэ;
 
6. Үндсэн хуулийн 31.2-т “... нам ... Ерөнхийлөгчид ... нэр дэвшүүлнэ” гэсний “нам” гэдгийг хасах эсхүл бие дааж нэр дэвших боломжоор хангах. Зөвхөн “нам” нэр дэвшүүлнэ гэхлээр төрийн эрх мэдэл “ард түмний гарт байна” гэдэг зарчим алдагдаж, “намын гарт, намын засаглалд” байх ёстой болчихдог;
7. Үндсэн хуулийн 39.2-т “... намаас нэр дэвшүүлсэн хүнийг ... Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна” гэсний “нам” гэдгийг хасах эсхүл өөрчлөх. Монгол Улсыг парламентын засаглалтай гэж томьёолдог гэвч бодит байдалд парламентын засаглалтай гэх нь эргэлзээтэй юм. Парламентын засаглалтай улс гэж Ерөнхий сайдын нэрийг парламент нь оруулаад Ерөнхийлөгч батлахыг хэлдэг. Ерөнхийлөгч батлахгүй бол үндсэн хууль зөрчлөө гэж огцордог билээ. Ерөнхийлөгчийн засаглалтай улс гэж Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгч санал болгож парламент батлахыг, эсхүл Ерөнхийлөгч парламенттайгаа зөвшилцөж Ерөнхий сайдыг томилохыг, эсхүл Ерөнхийлөгч нь өөрөө засгийн газраа толгойлоод явахыг хэлдэг. Гэвч Монгол Улс маань эдгээрийн алинд ч хамааралгүй Парламентын засаглалтай улс ч биш, Ерөнхийлөгчийн засаглалтай улс бүүр ч биш “намын засаглалтай” улс болж байна. Иймээс төрийн эрх мэдэл ард түмний гарт биш намд төвлөрдөг юм;
 
Шударга ёсны зарчимд нийцсэн үндсэн хуульд зайлшгүй байх ёстой ч яагаад ч юм Монголын үндсэн хуульд байдаггүй бүлэг, үг, өгүүлбэрүүд:
1. “Эх орноо хамгаалах” гэсэн бүлэг байхгүйгээс эх орон гэж юу вэ яах ёстой вэ юу хамаардаг гэдэг нь ойлгомжгүй нөхцөл үүсэж хий хоосон эх орон гэж орилолддог уриа лозунг болгож “эх орноо хамгаалах” нь чухал ариун үүрэг боловч билэгдэхүйн шинж чанартай болгосон;
2. “Улсын эдийн засаг” гэсэн бүлэг байхгүйгээс улсын эдийн засаг, санхүү, төсөв, татвар, төсвийн хяналт зэргийг яах хэрхэн нь тодорхойгүй ойлгомжгүйгээс Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг гадаад орны үндэстэн дамнаж үйл ажиллагаа явуулдаг байгууллагын заавар шаардлагаар Монголын засгийн газар хууль төсвөө санаачилж Монгол Улс маань цаасан дээр НҮБ-д бүртгүүлсэн бие даасан болохоос бодит байдалд бие даасан улс гэхэд эргэлзээтэй болсон;
3. “Хууль ёсны хяналт” гэсэн бүлэг байхгүйгээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд УИХ-ын гишүүд, шүүгчид нь хууль зөрчвөл яах вэ гэдэг нь эргэлзээтэй нөхцөлд орж өдөр тутам гардаг халаасны хулгайн хэрэгтэй адилтган шийдвэрлэх нөхцөл үүсэж замхардаг болсон;
4. Үндсэн хуулийн 16.4-т “Хууль зүйн шалтгаангүйгээр хэн ч ажлаас чөлөөлж үл болно” гэдэг өгүүлбэр нэмэх. Хүнийг албан хөдөлмөрлүүлж болохгүй гэвч аливаа хүн гуйлга гуйхгүйгээр үр хүүхдээ тэжээх амьдрахын тулд хөдөлмөрлөж цалин авдаг. Гэвч зарим ажил олгогчид цалингаар нь барьцаалж хууль бус үйлдэл хийхийг шаардан биелүүлэхээс татгалзвал ажлаас халдаг чөлөөлдөг тул ажлын байрны хамгаалалт зайлшгүй билээ;
5. Үндсэн хуулийн 16.13-т “Шүүхийн шийдвэрээр аливаа этгээдийг хорих, баривчлах бөгөөд шүүхийн шийдвэргүйгээр 48 цагаас илүү хугацаагаар саатуулж үл болно” гэдэг өгүүлбэр нэмэх. Одоо бол процессын хуулиар зохицуулдаг ч иргэний баталгаатай эдлэх эрхийг Үндсэн хуульд тусгавал зүйд нийцнэ;
6. Үндсэн хуулийн 21.2-т “УИХ-ын сонгууль хүн амын тоо, газар нутгийн хэмжээнээс хамаарсан 12-оос багагүй 18-аас ихгүй тойрогт хуваагдана” гэдэг өгүүлбэр нэмэх. Тойргийн их багыг зааж өгөөгүйгээс хэт тарж бутарсан жалга довын сонгууль эсхүл томсгосноор нутгийн уугуул иргэд сонгогдож чадалгүй Монголын төрд төлөөллөө оруулж чадахгүйд хүрсэн. Тухайлбал Баян-Өлгий аймгийн уугуул ард түмэн болох Урианхай-Монголчууд хүн амын цөөнх болж Монголын төрд зөвхөн Казахууд сонгогддог, Дорнод аймгаас Буриадууд гэхээс Халхууд сонгогддог болсноор тодхон харж болно;
 
7. Үндсэн хуулийн 33.2-т “Зэвсэгт хүчний ерөнхий командлагч дээд тушаалын офицеруудыг томилно” гэдэг өгүүлбэр нэмэх. Одоо процессын хуулиар офицер томилох асуудал явдаг ба зарим офицер томилох эрх Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид байдаггүйгээс хариуцлага хүлээх этгээд багассан. Тухайлбал, эх орны маань халдашгүй дархан хилийг цэргүүд хамгаалдаг боловч хилээр тонн тонноор алт, динозаврын яс гарч, хар тамхи орж байхад мэдсэн хүнгүй болж Монголын халдашгүй дархан хилийг хамгаалах үүрэгтэй Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаа мануухай мэт болгосон юм. Шударга үндсэн хуультай байсан бол харсаар байхад нь Монголын баялгийг зөөхгүй биз ээ;
 
 
 
8. Үндсэн хуулийн 48.2-т “Онцгой шүүх зохион байгуулахыг хориглоно” гэдэг өгүүлбэр нэмэх. Социализмын үеийн хэлмэгдүүлэлтийг гүйцэтгэсэн нөхөд бол “онцгой шүүх” билээ. Хэлмэгдүүлэлтийг дахиж давтахгүй, шударга шүүхтэй больё гэвэл хүн хэлмэгдүүлдэг шүүхийг үндсэн хуулиар хориглох ёстой;
 
 
 
 
Эцэст нь дүгнэхэд, торх зөгийн балыг халбага баас бохирдуулдаг гэдэг зүйр үг байдаг. Үүнийг тоон утга руу шилжүүлбэл 1 торх дунджаар 50 кг буюу 50000 грамм болно. Халбага баас 5 грамм гэж хувийн жинг тооцвол торх зөгийн балыг 0.01%-д  буюу өчүүхэн баас ороход бохирдуулж байна.
Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимэд агсан сурагч оюутнаар бол 99% “А” үнэлгээ авахаар гэрийн даалгавраа маш сайн хийсэн боловч, 40-50 үгний математик буюу 1%-ийн логик алдаа гаргаж үндсэн хууль боловсруулах ажлаа маш муу гүйцэтгэжээ. 
Одоогийн нийгэмд үүсээд буй шударга бус явдал, хариуцлагагүй байдал, баян – ядуугийн хэт их ялгаа, амиа хорлолт, авлига, Монголыг өрөнд оруулан баялгийг гадагш зөөвөрлөх, Монгол төрийг гаднын хэн нэгний заавар зөвлөмжөөр удирддаг зэрэг асуудал нь Монгол хүнд биш Үндсэн хуульд байгаа болохоор Монгол Улсад маань хүссэн ч хүсээгүй ч нам дамжсан олигарх тогтолцоо руу хэлбийж ямар ч шударга хүн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд боллоо гээд, аль ч нам засгийн эрх авлаа гээд үндсэн хуулийн логик алдааг засахгүйгээр өвчин эмгэгээс ангижрахгүй болжээ.
 
 
МННБН-ийн Ерөнхийлөгч Ж.Онон