sonin.mn
Юуны өмнө таны энэ өдрийн амрыг эрье. 
 
-Баярлалаа. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, тэр тусмаа цэнхэр дуулгат энхийг сахиулагч дайчдад Олон улсын энхийг сахиулагчдын өдрийн мэндийг дэвшүүлье.   
 
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах үүдэл санаа, эхлэл хэрхэн тавигдаж байсан талаарх түүхийг ярилцлагынхаа эхэнд тодруулъя. Яагаад гэхээр энэхүү нөхцөл боломжийг анхлан судалж, төсөл хөтөлбөр боловсруулахад таныг зохих хувь нэмрээ оруулсан хүмүүсийн нэг гэж сонссон юм байна...
 
-1990-ээд оны эхээр “Монголд цэрэг хэрэггүй, аюул тулгарвал НҮБ хамгаална” гэсэн яриа тархаж, итгэлтэйгээр ярьж байсан олон хүнтэй таарч байлаа. Цаг үеийн тэрхэн нөхцөлдөө автсан тэднийг “ухуулах” гээд ч нэмэргүй байв. Угаас хаалттай орчин дөнгөж задарсан цаг. Мэдээлэл ч дутмаг, тиймээс зөвхөн судалгаагаар нотлох ёстой гэж үзсэн. 1990-ээд он бол олон улсын харилцаанд шилжилтийн үе таарсан. Мөргөлдөөн тасрахгүй, хаа сайгүй энхийг сахиулах ажиллагааны хэрэгцээ нэмэгдсэн, улс орнууд цэргийн бодлогодоо энхийг сахиулах үйл хэргийг номлолын хэмжээнд хүртэл авч үзэн тусгаж байсан үе. 
1991 онд “Тусгаар тогтнол” сонинд цэргийн сэтгүүлч Л.Зоригт, Ц.Баяраа нар НҮБ-ын цэнхэр дуулгатнуудын тухай нийтлэл хэвлүүлж, монгол цэрэг яагаад оролцож болохгүй гэж гэсэн асуудлыг дэвшүүлж байв. Түүнчлэн энхийг сахиулах үйл хэрэгт оролцох асуудлыг цэргийн “Улаан Од” сонин ч дэвшүүлж байсан. Энэхүү сэдвээр тус сонины цэргийн сэтгүүлчидтэй санал солилцдог байлаа. БХЯ-ны Стратегийн судалгааны төвийн судлаач, дэслэгч генерал Ч.Пүрэвдорж олон улсын энхийг сахиулах ажиллагааны тухай анхны судалгааг 1993 онд хийж, нэг рот цэрэг оролцуулах санал дэвшүүлсэн юм. Судалгааг тус төвийн дэд захирал байсан С.Баяр хянаж, Ч.Пүрэвдорж гуай судалгаагаа өвөртлөн БХЯ руу танилцуулахаар явдаг юм. Нөгөө судалгаагаа товчлон өгүүллэг хэлбэрээр “Соёмбо” сонинд нийтлүүлчихэв. Генералыг яамнаас ирэхэд нь бид асуулаа “За яав” гэж, гэтэл мань эр гунигтайгаар “Судалгаа маань жаахан эртэдсэн шиг байна” гэж билээ. Гэхдээ уг сэдвийг Ч.Пүрэвдорж гуай орхиогүй, Балбын курк нарын тухай үзэж л байсан.  
 
Товчдоо бол стратегийн судалгааны хүрээлэнгээс  манайхны “НҮБ-ын арми” гэдэг гэнэхэн ойлголтыг “засварлах” гэж судлаад, тэр нь улмаар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг оролцох хүртэл санал болгосон гэж болно. Энэ судалгааны анхдагчийн нэг, эрдэм шинжилгээний анхны материалыг хэвлэлд тавьсан хүн нь ЗХЖШ-ын дарга агсан, дэслэгч генерал Ч.Пүрэвдорж гуай. Хэрэв энхийг сахиулах ажиллагаанд монгол цэргийг оролцуулах үндэслэлийг хэн гаргасан бэ гэвэл миний бие дэслэгч генерал Ч.Пүрэвдорж л гэнэ. Тухайн үед НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг оролцохын ач холбогдлыг Зэвсэгт хүчин юм үзэж нүд тайлах, өөрсдийгөө бусадтай харьцуулж мэдээлэлтэй болох, байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх нэг арга болгох, цэргийн нэр хүндийг өргөх, нэгэнт холбоотны харилцаа үгүй болсон тул Зэвсэгт  хүчин өөрийнхөө хүчинд тулгуурлах чадавхыг бий болгох гэж үзэж байсан юм.  
 
Аливаа ажлын суурийг зөв тавьж, чиглүүлнэ гэдэг хамгийн чухал бөгөөд амаргүй. Тухайн үед төр засгийн удирдлагууд энэ том шийдлийг хэрхэн дэмжиж байсан бэ? 
 
-ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар миний бие 1997 оноос ажиллахдаа Ерөнхийлөгчийн батлан хамгаалах бодлогын асуудлыг давхар хариуцаж, энхийг сахиулахад оролцох саналыг практикт хэрэгжүүлэх боломж гарсан юм. 1998 онд УИХ-аар Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичгийг батлуулахад энэ сэдвийг нэлээд хөндөж, Ерөнхий командлагчийн туслах Ч.Сосорбарам, дараа нь Д.Чагнаадорж нар их ажилласан. Хошууч генерал С.Баасанхүү нарын хүмүүс Флоридад болсон энхийг сахиулах ажиллагааны команд штабын сургуульд оролцсон нь анхных нь байсан. ЗХЖШ-т энхийг сахиулах асуудлыг хариуцсан нэгж байгуулах нь зүйтэй гэж үзээд, Ерөнхийлөгч Н.Багабанди гуайд танилцуулснаар уг чиглэлийг миний бие өгч байв. Залгаад Казахстан Улсад зохион байгуулагдахаар яригдаж байсан “Центразибат-2000” олон улсын хээрийн сургуульд оролцох үүргийг ч өгсөн. УИХ-ын дарга агсан Л.Энэбиштэй санал солилцож, монгол цэргийн эр зориг, бэлтгэл, чадварыг олон улсын зах зээлд худалдах “Монгол Курк” төслийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон боловч амжаагүй. Стратегийн судалгааны хүрээлэнгээс олон улсын “Хавирган сар” нийгэмлэгтэй хамтран дайны хүмүүнлэгийн хуулийг судлах сургалтад манай офицеруудыг анхлан явуулж байсан юм. Зүй нь энхийг сахиулагч үүнийг мэдэхгүйгээр үүрэг гүйцэтгэнэ гэвэл учир дутагдалтай л гэсэн үг. 
 
Хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхгүйгээр НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад цэргийн ажиллагаанд алба хаагчдаа илгээх боломжгүй нь ойлгомжтой. Тиймээс энэхүү эрх зүйн орчныг бүрдүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байсан талаар түүх сөхвөл...
 
-Дээр дурдсан чиглэл, үүргийг газар дээр нь зангидан удирдан зохион байгуулж, эхлэлийг нь тавьсан хүн бол тухайн үед ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан дэслэгч генерал Ц.Дашзэвэг. Тийм учраас би Ч.Пүрэвдорж гуайн дараа Ц.Дашзэвэг гуайг нэрлэдэг юм. НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд оролцох хуулийн төслийг боловсруулах, судлах, батлуулах ажлыг дэслэгч генерал Ц.Дашзэвэг, түүний доорх багийг ахалж байсан генерал Г.Рагчаа нар гардан гүйцэтгэсэн. Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа ч бүхий талаар дэмжсэн. Харин ЗХЖШ-ын даргаар томилогдсон дэслэгч генерал Ц.Тогоо, нэгдүгээр орлогч, хошууч генерал А.Ганбат нар энхийг сахиулах ажиллагааны томоохон операциудын эхлэлийг Косово, Африкт зохион байгуулсан гэж хэлж болно. Намайг АНУ-д Элчин сайдаар томилогдон очмогц Иракт дайн дэгдсэн. Иймд Ирак руу цэргийн бүлэг илгээх саналыг тавихад ҮАБЗ, ГХЯ, БХЯ дэмжсэн. Мэдээж эрсдэлтэй алхам байсан. Жишээ нь Иракийн ажиллагаа бол энхийг сахиулах биш шүү дээ, гол нь дарийн утаа үнэртэж хал сууг, ингэснээр энхийг сахиулах ажиллагаанд оролцох сургалт болог гэдэг  чиг бодлого баримталсан. Тэр ч байтугай амь насны хохирол амсахад хийх мэдэгдлийн төслөө хүртэл бэлдсэн байхыг санал болгож байсан.
 
Монгол цэрэг үүнд бэлэн байсан, одоо ч байгаа байх. Үр дүнд нь цэргийн анги, байгууллагын бүрэлдэхүүний 15-20 хувь нь Иракт үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэдний орчиндоо үзүүлсэн эерэг нөлөөний улмаас сахилга, зохион байгуулалт, хариуцлага эрс сайжирч байсан. Энэ бол дараагийн ажиллагаанд оролцох нөхцөл хангагдаж байна гэсэн үг шүү дээ.  
 
Тухайн үед Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн халуун цэгүүдэд цэргийн алба хаагчдаа илгээх хүчин чадал, боломж хэр байсан бэ?  
 
-Халуун цэгт очих бидний ганцхан боломж бол монгол цэрэгт өгөх итгэл л байсан. Дээр нь уг итгэлийг “хариуцсан” Монголын ардчилал байсан. Түүнээс биш техник, мөнгө санхүүгийн хувьд  боломжгүй нь ойлгомжтой.  
 
Монгол цэрэг даян дэлхийн энх тайвны төлөө хүчин зүтгэх бэлтгэлийг хангах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, үүрэг гүйцэтгэж эхлэн туршлагажих тэр үед та БХЯ-ны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн нарийн бичгийн дарга, захирал, Тагнуулын төв газрын дэд дарга, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга, АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд зэрэг хариуцлагатай албыг хашиж байсан. Тэгэхээр тухайн үед тэргүүлэгч гүрнүүдийн хандлага ямар байсан нь танд илэрхий мэдэгдэж байсан байх. Энэ тухайд юу хэлэх вэ? 
 
-Дэмжих, цэрвэх, гайхах, үл тоомсорлох аль аль нь байсан, Гэхдээ манай улсын үндэсний ашиг сонирхолд нийцэж байсан тул эдгээр нь чухал биш. Харин гадаад бодлогын нүүр тахалдаг нэг хуудас нь монгол цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх болсон явдал. Тэрхүү түүхэн үйл явдал өнөөдрийн хэмжээнд хүрэхэд, өөрөөр хэлбэл эрийн цээнд хүрэхэд АНУ ихээхэн дэмжлэг үзүүлснийг тэмдэглэх ёстой гэж боддог.    
 
Монгол цэргүүд дэлхийд данслагдаад өдгөө 20 шахам жилийн нүүрийг үзэх гэж байна. Монголын энхийг сахиулагчдын одоогийн үнэлэмжийн тухайд юу хэлэх вэ? 
 
-Бусдаас илүү гарчихсан юм шиг амжилт ололтоо дөвийлгөх хэрэггүй. Манай хөршүүд, Төв Азийн зарим орон энхийг сахиулах ажиллагаанд манайхаас ч илүү өргөн хүрээтэй, идэвхтэй оролцож нэгэнт туршлагажсан.
 
 
 
Энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноор цэргийн алба хаагчдын хэлний мэдлэг, сахилга, зохион байгуулалт дээшилж,  эрсдэлийг үнэлэх, өрсөлдөх чадвар сууж, бэрхшээлийг даван туулах сэтгэл зүйн чадавх бүрэлдсэн. Энэ бол батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд оруулсан том хөрөнгө оруулалт. Нөгөө талаар олон улсын аюулгүй байдлыг сахин хангах тэргүүн эгнээнд монгол цэрэг зогсдог боллоо.  
 
 
 
Монгол Улсын Зэвсэгт хүчний, тэр тусмаа энхийг сахиулагчдын ирээдүйг та хэрхэн харж байгаа талаар тодотгоод яриагаа өндөрлөе?
 
-Зэвсэгт хүчний байгуулалтын үндсэн зарчим бол Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналт юм. Уг энэ зарчмыг боловсронгуй болгохоор хөндөж буй эсэх нь сайн дуулдахгүй байх шиг. Энэ зарчим байж л энхийг сахиулах ажиллагаа гэдэг бол мөн чанартаа батлан хамгаалах салбар хүний нөөцөө бэлтгэх нэг арга зам гэсэн чиг бодлого байсан. Танин мэдэх, дадлагажих, туршлагажих шатууд ард хоцорлоо. Боловсронгуй болгох, өөрт тохирсон онол, практикаа дэвшүүлэх, дүгнэх  шат нь явагдаж байгаа биз ээ.
Хурандаа Ж.Мэндээд үүрэг өгч энхийг сахиулах ажиллагааны Монголын туршлага, сургамжийн тухай жижиг товхимолыг АНУ-д англи хэлээр 2007 онд хэвлүүлж байсан, одоо ч би ашигладаг. Анхлан бодож байсан дээрх үе шатыг туулсны дараа техник технологийн шинэчлэлтэд шилжих зам, мөрөө гаргана гэж баримжаалж байсан. Өдгөө зураг харж байхад нөгөө л хувцас, БТР, автомат. Жишээ нь дрон бол өнөө үед цэрэг, байгууллага байтугай энгийн хүний хэрэглээ болчихож. Ний нуугүй хэлэхэд идэвхтэй эхэлсэн ажил яваандаа “Өө тэгж л байдаг юм, ингээд ирсэн юм” гэдэг загварчлалд хүлэгдсэнээс идэвхгүй царцанга болох ёсгүй. Хуримтлуулсан алдаа, оноогоо шат шатандаа дүгнэж, сурах бичиг болчихсон явж байх  ёстой.
 
 
 
Цэргийн чиг бодлого, номлол, дүрэм журамд тусгалаа олох ёстой. Өөрөөр хэлбэл судалгаа тасралтгүй үргэлжлэх ёстой.
 
 
 
Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэний 60 жил 2021 онд тохиож байна. Бид бэлтгэгдсэн хүний нөөцгүй учир НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд оролцохоос хэд хэдэн удаа буцсан.  Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод 20 жил өнгөрлөө. БХЯ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газар, нэгжид ажиллах хүний нөөцөө давхар бэлтгэж байх чиг бодлогоо гаргасан уу. Товчдоо ирээдүйд хийх ажил улам л ихсэж харагдаад байх юм.  
 
 
Хошууч Д.МЭНДБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин