sonin.mn
6 сарын 11,12, 13-ны өдрүүдэд зохиогдсон Үндэсний номын баярын үеэр нэгэн зохиолчийг цагдаагийн алба хаагчид албадан холдуулж байна гэх зураг нийгмийн  сүлжээнд тарсан билээ.
Уг зурагт гарсан иргэн С.Төмөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэрээ тэрээр:  “Би номын баяр зохион байгуулагдах өдөр буюу 6-р сарын 11-ны өдөр “Номын ертөнц” төрийн бус байгууллагын удирдлагатай холбогдон, номын баярт оролцож, Сүхбаатарын талбайд номоо худалдаалах  саравч түрээслэе гэхэд “Бүх саравч дүүрсэн” гэдэг хариу өгсөн. Ингээд номын баяр болсон эхний хоёр өдөр очиж үзсэн. Тэгэхэд номын үзэсгэлэн болж байсан саравчнуудаас гадна талбай дээр иргэд хайрцаг дээр номоо тавин  сууж байсныг хараад номын баярын сүүлийн өдөр буюу 13-ны орой 18:00 цагт гурван номоо авч очсон.
 
Үзэсгэлэн дуусах тийшээ хандаж байсан болохоор нэг хүнгүй саравчинд очоод хайрцгаа тавин гурван номоо зарах гэтэл хоёр охин ирсэн.
 
Ирэнгүүтээ намайг тэндээс явахыг шаардсан учраас би өөр газар сайн дураар ном зарж байсан хүмүүсийн хажууд сандал хайрцгаа аваад суутал нөгөө хоёр охин хоёр цагдааг дагуулж ирсэн юм. Тэгээд намайг “Энд зөвшөөрөлгүй ном зарж болохгүй, таныг журамлана” гэхэд нь шаардлагыг биелүүлж явах гэсэн ч намайг явуулахгүй журамлана гээд байсан.
Ингээд маргалдан, цамцыг маань уран газар унагаж, толгой хавирга руу хүчтэй цохисон.
Нийгмийн сүлжээгээр зарим хүн намайг согтуу байсан гэсэн байсан. Би эрүүл мэндийн шалтгаантай, архи тамхи хэрэглэж чаддаггүй хүн. Тэнд зөндөө олон сайн дураар ном зарж байсан хүмүүс байхад яагаад надад зөвхөн шаардлага тавьсныг ойлгохгүй байна” гэв.