sonin.mn
Шри Ланк улс 1948 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойших хугацаан дахь эдийн засгийн хамгийн гүнзгий хямралтай тулгарчээ. Цар тахал ба Орос-Украины зэвсэгт мөргөлдөөний улмаас хамгийн ихээр хохирол амсаж буй энэ улс гадаад валютын хомсдолын улмаас бензин шатахуун, эм тариа, хүнсний ноцтой хомсдолд орлоо.
 
Бензиний ганцхан хоногийн нөөц үлдэж, өдөрт олон цагаар цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж байна. Валютын хомсдолд орж, нэн тэргүүний хэрэгцээт бараагаар гачигдаж буй Шри Ланк улс гадаад өрийн дефолт зарлалаа.
 
Ингэснээр маш бага үлдсэн валютын нөөцөө өр дарахад бус хамгийн хэрэгцээт зүйлсийг худалдан авахад зарцуулахаар шийдвэрлэжээ. Эх сурвалжууд тус улсын гадаад өрийн нийт хэмжээг 31 тэрбум, 51 тэрбум доллар гэх мэтээр янз бүрээр мэдээлж байна. Одоо Энэтхэг улсаас үзүүлсэн 3,5 тэрбум долларын тусламж л Цейлон арлын /европчуудын нэрлэдэгээр/ эдийн засгийг бүрмөсөн унагаачилгүй торгоож байна.
 
Цейлон цайгаараа алдартай алс холын Шри Ланкад болж буй үйл явдал монголчууд бидэнд юуны хамаатай билээ хэмээн олон хүн гайхаж магадгүй.
 
Угтаа бол, дэлхий даяар дэгдсэн өвчин тахал ба дайн дажны нөлөөгөөр гадаад өрийн дарамтанд орсон буурай хөгжилтэй улс орнуудын эдийн засаг “эвгүйтэж” эхэлсэн тухай дэлхийн бүх хэвлэл бичиж байгаад учир оршино.
Жуулчдыг даллан дуудсаар байдаг “диваажингийн арал” гэгдэх 22 сая хүн амтай энэ улсад нийгэм-эдийн засгийн эмх замбараагүй байдал сүүлийн хоёр сарын турш үргэлжилсээр байгаа юм. Засгийн газрыг эсэргүүцэгчид ба дэмжигчдийн хооронд дэгдсэн мөргөлдөөний улмаас 7 амиа алдаж, 200 гаруй хүн шархадсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүллээ. Энэ явдлаас хэдхэн цагийн дараа Ерөнхий сайд Махинда Ражапакса огцрох өргөдлөө өгснийг түүний төрсөн дүү болох Ерөнхийлөгч Готабай Ражапакса хүлээн авчээ. Ерөнхий сайд огцорсноор эдийн засаг, нийгмийн хямрал нь улс төрийн хямрал болж өргөжив.
 
Цаг агаар хэт халж, муссоны улирлын бороо асгарч байгаа хэдий ч эсэргүүцлийн жагсаалд оролцогчид сүүлийн хэдэн долоо хоногийн турш Ерөнхийлөгчийн ба парламентын ордны өмнөх талбайг эзэлсэн хэвээр байна.
 
Хямралд хүргэсэн гол шалтгаанууд
 
Эдийн засгийн ноцтой хямралыг өдөөсөн хамгийн гол хоёр хүчин зүйл бол дээр дурдсанчлан цар тахлын үр дагавар, Орос-Украины мөргөлдөөнөөс үүдэлтэй нефтийн үнийн өсөлт. Тодорхой хэлбэл, Оросын эсрэг хоригийн улмаас нийлүүлэлтийн гинжин хэлхээ доголдож, эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ дэлхий даяар өссөн билээ.
 
 
Түүнээс гадна, 2019 оны 4 дүгээр сард сүм хийдүүд, зочид буудлуудад цуврал террорист халдлагууд болж, залгуулаад цар тахал нүүрлэсэн нь жилдээ 2,3 сая жуулчин хүлээн авдаг байсан Шри Ланкийн аялал жуулчлалын салбарыг бүрмөсөн өвдөг сөхрүүлэв.
 
 
Хямралд улам нэрмээс болсон нэгэн шийдвэрийг 2021 онд засгийн газар гаргасан нь, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэх шалтгаанаар химийн бордоо импортлохыг хориглосон явдал юм. Нөгөөтэйгүүр, энэ нь гадаад валютын нөөцөө хэмнэх гэсэн шийдвэр байв. Улс орныхоо бодит боломж бололцоог харгалзан үзэлгүйгээр бордоо хэрэглэдэггүй “органик газар тариалан” гэгчийг хөгжүүлэхэд чиглэсэн хэт дэврүүн популист шийдвэрийн харгайгаар цагаан будаа, цай, эрдэнэшишийн ургац шууд 30-50 хувиар буурч, хагас сая хүн ажилгүй болж, түүхэнд анх удаагаа гаднаас цагаа будаа худалдан авахад хүрчээ. Үүнтэй зэрэгцээд гадаадад ажилладаг шриланкчуудын гэр орондоо илгээдэг мөнгөний хэмжээ цар тахлын улмаас эрс буурав. Мөн хүнс ба түлш шатахууны үнийг төсвөөс татаас өгөх байдлаар  тогтоон барих популист шийдвэрийн улмаас инфляц эрс өсөв.
 
 
Нөгөөтэйгүүр, Энэтхэгийн өмнөд эрэгт орших стратегийн чухал байрлал бүхий Цейлон арал дээр нөлөөгөө тогтоох гэсэн Хятад, Энэтхэг хоёрын өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед ерөнхийлөгч Гота Ражапакса Бээжинд илүү талтай байгаагийн зэрэгцээ зээл авахаар Шинэ Делид ч мөн хандаж байгаа аж.  
 
 
Шри Ланкийн засгийн газар Хятад улсаас тодорхой хэмжээний зээл авч, дэд бүтцийн амбицтай том төслүүдийг хэрэгжүүлж байсан бөгөөд өрөө төлөхийн тулд валютын нөөцийнхөө зарлагадаж байв. Барууныхан үүнийг “Хятадын өрийн хавх” гэж нэрлэж байгаа боловч бодит байдал дээр нийт өрийн 10 хувийг Хятадаас авсан зээл эзэлж байгаа аж. Харин ОУВС, Дэлхийн банкнаас олгосон зээл 30 орчим хувийг бүрдүүлж байна.
 
 
2022 онд 3 дугаар сард Шри Ланкад инфляцийн түвшин 18,8 хувьд хүрсэн бол хүнсний бүтээгдэхүүний үнэ 30 гаруй хувиар өслөө. Ганцхан жишээ дурдахад, 34 цент байсан нэг кг цагаан будааны үнэ 2 доллар 10 цент болж нэмэгдэв.  Улмаар 4 ба 5 дугаар саруудад байдал эрс хүндэрсэн нь үймээн самуун дэгдэхэд хүргэлээ.
 
 
Зарим улстөрчид хууль ёс, дэг журмыг сэргээн тогтоохын тулд Энэтхэгийн цэргийг оруулахыг уриалсан боловч Шинэ Дели эрс татгалзсан байна. Учир нь, ийм оролцоо бүтэлгүйтлээр төгсөж байсан удаатай бөгөөд 1987 онд иргэний дайныг зогсоохын тулд Шри Ланкад нэвтрэн орсон Энэтхэгийн цэрэг 3 жилийн дараа гарч явж байв. Тамилын салан тусгаарлагчдын эсрэг 30 орчим жил үргэлжилсэн иргэний дайны үед ч эдийн засгийн байдал ингэтлээ муудаж байгаагүй аж. “Тамил-Иламыг чөлөөлөх барсууд” хөдөлгөөний босогчдыг бүрмөсөн дарснаар ах дүү хоёр Ражпакса ардын баатрууд, Цейлоны нэн шинэ түүхэн дэх хамгийн алдартай улстөрчид болж, ерөнхийлөгч, ерөнхий сайдын албыг хаших болов.
 
Гэвч дайныг ялалтаар төгсгөж чадсан баатрууд төр засгийг удирдах тал дээр дульхан гэдгээ харуулжээ. 2019 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон Готабай Ражапакса татварыг эрс бууруулсан нь ард түмэнд таалагдсан боловч төсвийн орлого 30 хувиар тасалдав.
 
Одоо ах дүү хоёрын нэг нь огцорч, нөгөө нь /ерөнхийлөгч Готабай/  эрх мэдлийнхээ заримыг парламентад шилжүүлэн өгч, сөрөг хүчний удирдагчийг ерөнхий сайдаар томилов.
 
Тавдахь удаагаа засгийн газрыг тэргүүлэхээр болж буй туршлагтай улстөрч Ранил Викрамасингх бензин түлш, эм худалдан авахад 3 тэрбум доллар нэн түрүүнд шаардлагатай байгааг онцоллоо. Энэ мөнгөнөөс 600 саяыг нь Дэлхийн банк өгөх бол ОУВС зээл өгсөн тохиолдолд татварыг нэмэгдүүлж, эдийн засгийн хатуу бодлого явуулахыг шаардах нь ойлгомжтой. Харин шинэ ерөнхий сайд “өлсгөлөн болохгүй, яаж ийгээд хоол хүнстэй залгуулна” гэж амлажээ.
 
 
 
 
Б.Адъяахүү