sonin.mn
Монголчууд бид нийслэлдээ л гэхэд таван сая жуулчин авдаг болно гээд хүлээж суугаа. Өнөөдөр газар ухахгүй, гахай үүрэхгүй хамгийн эко бизнес гэвэл аялал жуулчлал л байна.
 
Манай орон хангай, говь, тал хээр хосолсон байгалийн олон төрөлттэй. Иймийн дээр хүн ам сийрэг, нүүдэлчин амьдралын хэвшилтэй болохоор асар их газар онгон дагшнаараа үлдсэн. Одоо аялал жуулчлал л хөгжих үлдлээ. Жуулчин олон янз. Зөвхөн байгаль үзэх гээд манай шороон замаар галигуулаад байх тэнхээтэй нь хэр олон бол. Насаараа ажиллаад тэтгэвэрт суусан хойноо л дэлхийн улс орнуудаар цуглуулсан мөнгөө үрэхээр аянд гардаг нь олон гэнэм.
 
Гэхдээ дан ганц гадаадын жуулчдыг хүлээх биш дотоодын жуулчид гэж том арми бий. Тэд маань эх орноо хэрэн хэсээд, хэд гурван төгрөгөө үлдээгээд байвал гадаадын жуулчдыг нүүр улайхгүй авах зах зээлийн болоод үйлчилгээний соёл тогтож эхэлнэ. Зуны дэлгэр цаг ч ирлээ. Монголчууд бид ерөнхийдөө жил бүр эх орныхоо нэг сайхан газар найз нөхөд, гэр бүлээрээ очдог болжээ. 
 
Харин энэ жилийн хувьд Итгэлт хамба руу л олон хүн цувах сурагтай. Манайд ч уг нь түүнээс олон жилийн настай занданшуулсан шарил айлын пүнзнээс гарсан явдал бий. Даанч гэгээн түргэнээр өргөмжлөлгүй л сураг алдруулчихлаа даа. Уг нь дотоодын жуулчлал гэдэг эх орон биш юм гэхэд ах дүү нараа тэтгэж байгаа явдал. Зөвхөн өглөг биш таашаал шүү дээ. 
 
Мэнэнгийн сэтгэл тэнийм талыг хангайд төрсөн хүн бүр очоод харахад л асар их хөл болно. Аглаг бүтээлийн хийдэд амралтын өдрөөрөө очих хүртэл жуулчлал. Үр хүүхдүүдээ дөрвөн ханаар түгжиж байгаад гадаадад дагуулаад явбал хэн болох вэ. Ингэхийн оронд жил бүр хөдөө хээр явж Монголынхоо өргөн уудам, үзэсгэлэн төгсийг харуулбал эх орондоо хайртай болно доо. Монгол орон маань үзээд дуусамгүй, амьдраад ханамгүй билээ.
 
Ж.Энх
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин