Одоогоос гучин жилийн өмнө Украин Белорусын хилийн зааг дээр орших Припять хэмээх жижиг хотод атомын цахилгаан станц дэлбэрч шатан онц аюултай цацрагт идэвхт бодисууд тэр орчмын газар нутгийг нэлэнхүйд нь хордуулсан юм.
Атомын цахилгаан станцын түүхэнд гарсан энэ гамшгийн уршгаар 1945 онд Японы Хирошима хотод хаясан атомын бөмбөгөөс даруй 400 дахин их цацрагт бодис хүрээлэн орчинд тархжээ. Цацраг идэвхт бодис агуулсан үхлийн бараан үүл Белорус, Украин, Швед, Финлянд, зүүн Европын орнууд цаашлаад бүр АНУ-ын зүүн эргийн хотуудад хүрсэн байна.

Цөмийн хүчтэй хордлогод хамрагдсан нутагт амьдарч байсан 200 гаруй мянган хүнийг тухайн үед яаралтай нүүлгэн шилжүүлсэн боловч энэ бүс нутагт амьдарч байсан 10 сая гаруй хүн цацрагт идэвхт бодисын тунгаас ямар нэг хэмжээгээр хүртсэн гэж мэрэгжилтнүүд дүгнэсэн байдаг. Украины энэ мужийн хүн амын 80 гаруй хувь нь энэ осолд шууд өртсөн ба ослын хор хөнөөлийн үеэр дайчлагдан ажилласан 300 гаруй мянган цэргийн албан хаагчдаас өнөөдөр 9О хувь нь цусны эргэлт, уушиг, амьсгалын зам, мэдрэл, ходоод шулуун гэдэс болон хэвлий, түрүү булчирхайн төрлийн өвчинд нэрвэгджээ.
Тэр үед дэлбэрэлтийн голомтонд өдөр шөнөгүй ажиллан амьд тамтай нүүр тулж байсан 60 мянга гаруй дайчид хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Гаж төрөлтүүд, нярайн эндэгдэл энэ бүс нутагт эрс ихэссэн ба төрөл бүрийн хорт хавдраар өвчлөгсөд ялангуяа бамбай булчирхайн хорт хавдар өргөн түгээмэл болсон талаар ДЭМБ судалж тогтоосон байна. Уг бүс нутагт 300 шахам мянган хүн хорт хавдраар өвчилсөн мөн энэ тоо цаашдаа улам өсөн нэмэгдэх хандлагатай байгаа талаар “Green Peace” байгууллагаас мэдээлж байна.
Өнөөдөр тэнд 100 шахам мянган хүн тахир дутуу болж, бамбай булчирхайн хавдар хэдэн зуу дахин нэмэгдсэн ба сая гаруй хүүхэд эмнэлгийн байнгын хяналтанд байна. Голомтонд амьдарч буй ард иргэдийн дунд толгой өвдөх, хамраас цус гарах, сульдаж ядрах, анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй болох, даралт өндөрсөх гэх мэт өвчний шинж тэмдгүүд илэрсээр... Дэлбэрч сүйдсэн станцын дээрээс нисдэг тэргээр мянга мянган тонн хар тугалга асган хэдэн арван метр зузаан бетоноор хучсан ч энэ авсан дотор явагдах цөмийн урвалыг бүрмөсөн зогсоох ямар ч боломжгүй учир үхлийн гамшигт туяа ялгарсаар байгаа билээ. Урааны хагас задралын үргэлжлэх хугацаа 4.5 тэрбум жил байдаг тул эх дэлхий маань сөнөсөн хойно л энэ гал бүрмөсөн унтарна гэсэн үг.
Ослын хор хохирлын дүнг мөнгөөр бүрэн тооцон илэрхийлэх боломжгүй нь ойлгомжтой. Гэхдээ ослын дараах дөрвөн жилд 10 тэрбум рубль зарцуулсан тухай эрх баригчид мэдээлж байв. 1991-2000 онуудад ослын үр дагаврыг арилгах арга хэмжээнд зургаан тэрбум доллар зарлагдсан боловч, энэ аюулыг саармагжуулах ажилд Украин улс өнөөг хүртэл жил бүр улсын төсвийнхөө 5 хувийг зарцуулсаар байна. Дэлхийн олон нийтээс энэ аймшигт ослыг тухайн үед нуусан шалтгаан зөвхөн Оросуудын хувьд төдийгүй цөмийн энергийнхэнд олон байлаа.
Нэгд Чернобылийн АЦС нь Украинд баригдсан эрчим хүчний анхны том байгууламж байсан ба энд осол гарснаар асар их хөрөнгө оруулалт хийгдэж баригдчихаад ашиглалтанд ороогүй байсан хэдэн арван АЦС-ууд үүд хаалгаа өнөөг хүртэл барихад хүргэсэнд оршино. Хоёрт АЦС-тай холбоотой бүх мэдээллүүд нь улсын өндөр зэрэглэлийн нууцлалд ордог байсан ба энэ талаархи хууль тогтоомжоо ОХУ 1998 онд өөрчилсөн байдаг.
Чернобылийн энэ осол дэлхий нийтийг нэг хэсэгтээ шоконд оруулсан бөгөөд ЗХУ болоод бусад орнуудад эрчимтэй хэрэгжиж байсан атомын цахилгаан станцыг барьж байгуулах ажил үндсэндээ зогсонги байдалд орсон юм. Ялангуяа Германы “Ногоонтнууд” атомын станцын эсрэг маш хатуу бодлого явуулж байсны дээр 1986- 2002 оныг хүртэл дэлхийн орнуудад нэг ч атомын цахилгаан станц шинээр баригдаагүй юм. Өнөөдөр дэлхийн 31 оронд 400 гаруй АЦС ажиллаж дэлхийн цахилгаан эрчим хүчний 14 хувийг үйлдвэрлэж байгаа боловч, хүн төрөлхтөн Фукушимагийн ослын дараа энэ сонголтоос татгалзахаас өөр аргагүй байдалд хүрээд байгаа билээ.
Хүмүүн бидний мэдрэхүйн таван эрхтэнд үл мэдрэгдэх хорт туяа ялгаруулагч бодис өнөө хүртэл тэндхийн хөрсөнд шингэн хадгалагдаж, өвс ургамал, агаар усаар дамжин хүнсний бүтээгдэхүүнд чимх чимхээр шингэж, чимээгүй үхлийг далласаар буй. Иймээс ч Европын Холбооны зарим орнууд Украин, Белорус, ОХУ-ын цацрагийн хор тархсан бүс нутгуудаас зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахыг хуулиараа хориглож байна. Гэтэл өнөөдрийг хүртэл манай наймаачид тэндээс саахар чихрийг тонн тонноор нь зөөсөөр байгаа нь нууц биш ээ.
Ш.Пүрэвсүрэн
Сэтгэгдэл0
БУРХАН ИВЭЭГ
оросоос хүнс оруулахаа зогсоовол яасан юм бэ
чернобыль руу ордог тусгай агетлаг байдаг гэсэн