sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороон дахь Ерөнхий боловсролын V дугаар сургууль дээр байрлаж буй дархлаажуулалтын цэгт ажиллав.
Тус цэгт өчигдрөөс/2021.05.07/ эхлэн Чингэлтэй дүүргийн 65-аас дээш насны иргэдэд Спутник-V вакцинаар дархлаажуулалт хийж буй юм. Өдөрт 600-800 орчим хүнийг хамруулж байна. Эхний өдөр 65-аас доош насны иргэд бага зэргийн ачаалал үүсгэж, хүндрэл учруулж байсан бол мэдээлэл түгээсний үндсэн дээр өнөөдрөөс хэвийн, чирэгдэлгүй болсон гэлээ.
Нийслэлийн хэмжээнд 65-аас дээш насны нийт 20.800 хүн бүртгэлтэй бөгөөд 9 дүүрэгт тус бүр дархлаажуулалтын нэг цэгт Спутник-V вакцинд хамруулж байгаа аж. Спутник-V вакцины 40.000 нэгдүгээр тун орж ирсэн бөгөөд хоёрдугаар тунг 21-90 хоногийн хугацаанд хийх эмнэлзүйн заалттай, нийлүүлэлтийн гэрээ хэлэлцээр амжилттай хийгдэж байгаа, дээрх хугацаанд амжиж татан авна гэсэн хүлээлттэй байгаа гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
 
 
 
Улсын хэмжээнд зорилтот бүлгийн хүн амын 71.4% нь буюу 1.5 сая хүн нэгдүгээр тун, 30% нь буюу 610 мянган хүн хоёрдугаар тундаа хамрагджээ. Нийслэлд 879,998 хүн буюу зорилтот бүлгийн 92.3% нь нэгдүгээр тунд, үүний 49.4% нь хоёрдугаар тунгаа авч дархлаажуулалтад бүрэн хамрагдаад байна.
 
Үүнээс үзвэл 4, 5 дугаар сард зорилтот бүлгийн хүн амаа үе шаттай вакцинжуулалтад хамруулах Засгийн газрын зорилт биелж, төлөвлөснөөс 10 орчим хоногоор түрүүлж байна. Үүнд иргэдийн идэвх, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэл чухал үүрэгтэй байна гээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дахин талархал илэрхийлэв.
Мөн орон нутгийн иргэд дархлаажуулалтад идэвхтэй оролцож байгааг Өмнөговь аймгийн иргэд харуулж байсан гэв. ДЭМБ-аас БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакциныг өчигдөр/2021.05.07/ бүртгэсэн байна. Үүнээс өмнө дипломат, найрсаг харилцааны хүрээнд БНХАУ-аас вакцины нийлүүлэлтийг амжилттай хийж, иргэдээ “цонх үе”-ийг ашиглан дархлаажуулсан нь томоохон амжилт боллоо гэж Ерөнхий сайд дүгнэв.
 
Үүнийхээ дараа Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ  сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.
Энэ үеэрээ тэрээр: "Ер нь мэдээж улстөр, улстөрийн эрх ашиг чухал байлгүй яахав. Тэрийг ойлгож байгаа. Гэхдээ иргэдийн амь нас, аюулгүй байдлаас дээгүүр гарах эрх ашиг гэж байхгүй ээ. Өнөөдөр өглөө бүхэн тохиолдлын тоо хэд байх бол? Өглөө бүр нас барсан статистик байх уу?үгүй юу?гэдэг ийм л зүйл дундуур Засгийн Газар ажиллалаа. Бас тийм амаргүй 100 хоног болж байна, бидний хувьд. Засгийн Газрын эхний хоног  дээр л жагсаал болж байсан. Одоо ч болж байна. Энэ бүгдээрээ л Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой зүйл ээ. Ялангуяа үүн дээр ҮАБЗ-ийн гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нэгдмэл байх ёстой. Бид иргэдийг уриалан дуудаж болохгүй. Бид цар тахлаас дээгүүр улстөрийн эрх ашиг тавьж болохгүй. Өнөөдрөөс жагсаал цуглаан болно гэж байна. Улбар шар дээр ч гэсэн жагсаал, цуглаан хориотой байгаа шүү дээ.
Тийм учраас иргэддээ хандаж хэлэхэд жагсаалд огт ирж болохгүй.Бөөгнөрч бас болохгүй.
Улстөрчид маань л өөрсдийнхөөрөө үзэл бодлоо илэрхийлэг. Өлсгөлөн зарлаад суух нь ч уг нь халдвар хамгааллын дэглэм зөрчиж байгаа шүү дээ. Өлсгөлөн зарлах гэж байгаа бол ордон дотор сууж болно. Би өчигдөр л нэлээн мэдээллүүд авсан. Өмнөговиос шөнө ирсэн. Хуульзүйн сайд руу яриад майхан сав хэрэгтэй бол тэрийг нь гаргаж өг гэж хэлсэн байгаа. Хамгийн гол нь тэнд халдвар хамгааллын дэглэм л зөрчигдөж болохгүй.
 
Олон хүн цуглараад, халдвар ихсээд, дахиад хатуу хөл хорио тогтоохоор бол яахав ээ? Хэн хариуцах вэ? Эсвэл тэр дунд халдвартай хүн ирээд, халдвар тархвал уриалж байгаа улстөрчид хариуцах уу? Үгүй. Муу хэлүүлдэг УОК, муу хэлүүлдэг эрүүл мэндийн салбарынхан, засгийн газрын нуруун дээр л энэ их ачаалал бууна. Тэр хүмүүс яваад л өгнө шүү дээ. 
 
Тийм учраас төрөө төлөөлөх тангараг өргөсөн эрхэм төрийн түшээд маань улстөрөө ордондоо орж хийх нь зөв зүйтэй алхам байх аа. Мэдээж өлсгөлөн зарлана гэдэг эрхийг нь хүндэтгэж байгаа. Тийм учраас бид өлсгөлөн зарлах боломжийг нь хангаж өгөх нь зүйтэй гэж арга буюу би Хууль зүйн сайдад чиглэл өгсөн байгаа. Гэхдээ талбай дээрээс өөр газар очдог ч юм уу, бусад хүмүүсийг жагсаал цуглаанд уриалан дууддаг ч юм уу, хатуу хөл хорионд халдвар хамгааллын дэглэмээ л бариарай гэж бодож байна. бусад зүйл нь ч дүүрч. 
ҮАБЗ хуралдсан. Бас л Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар л хуралдсанд би их харамсаж байгаа. Өмнө нь олон асуудлаар хуралдах бичгүүдийг өгч байсан. Тэр бичгүүд эх хувиараа байж байгаа. Иргэн Т.Чимгээгийн эрх зөрчигдсөн асуудлаар ч ярьсан. Тэр хүний эрх гэхээр ҮАБЗ хуралддаггүй, хэн нэгний нэр дэвших эрх гэхээр хуралддаг ийм ялгаатай байж болохгүй шүү дээ. Адилхан л хүний эрх. Тийм учраас бүх зүйл дээр тэнцвэртэй, би дахин дахин уриалаад байгаа нь халдвар хамгааллийн дэглэм хэрэгтэй, цар тахалтай байгаа амаргүй үед Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгалд нийгмийн сэтгэл зүй хэт автаж, иргэдийн маань уур амьсгал халалт болж, нийгмийн эмх замбараагүй байдал руу орох ийм улстөрийн зорилгод битгий автаасай гэж бодож байна.
 
Энэ олон зүйлийн цаана Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг хойшлуулах улстөрийн агуулга байх шиг байгаа юм. ҮАБЗ-ийн хурал болон бусад улстөрчидтэй уулзаж байх үед надад энэ бол  мэдэгдсэн л дээ. 
 
Ийм үед сонгууль хойшилно гэдэг бол бүр л адармаатай нөхцөл байдал руу орно. Тэгэхээр бид нэгдүгээрт цар тахлын өвчлөлөө даван туулах хэрэгтэй. Хоёрдугаарт эдийн засаг 23 хувиар тасарчихсан байна. Эдийн засаг хасах 6 хувь байна. халдвар хамгааллийн дэглэм бариагүйгээс болж гашуунсухайтын боомт хүртэл хаагдаад хэд хонолоо. Нүүрсээ, зэсээ экспортлож чадахгүй нөхцөл байдалд орж, өчигдөр Ерөнхий сайд очиж нэг хил нээгдээд, ногоон бүс болгох ийм зорилт тавиад явж байна. 10 их наядын хөтөлбөр хэрэгжээд явж байна. Бас ч гэж чамлахааргүй. 30 жилийн түүхэнд анх удаа 3 хувийн хүүтэй зээл гараад, иргэд аваад явж байна. Ипотекийн зээл бас сайн явж байна. Энэ нь юу гэсэн үг вэ?гэхээр эдийн засгийн гацчихсан байгаа урсгалыг бага ч гэсэн эргэлтэнд оруулах гэж хичээж байгаа арга хэлбэр. Үүний дараа бид ААН-үүдтэй уулзана. ААН-үүд бол ажлын байр хадгалдаг. Тийм учраас “Алсын хараа 2050” дээр тулгуурласан эхний 10 жилд зайлшгүй хэрэгжүүлэх 100 томоохон төслүүд байгаа. Засгийн газар дангаараа 4-5-ийг нь л хийж чадна.
 
Өчигдөр бид Тавантолгойн цахилгаан станц, 2 боловсруулах үйлдвэрийн ажлыг нь эхлүүлээд, Гашуунсухайтын төмөр замыг ирэх 7 сар гэхэд ашиглалтанд оруулах санхүүгийн асуудлыг нь шийдэж байгаа юм. Засгийн газрын өрийн тааз байгаа учраас ингээд л бидний нөөц дуусаж байгаа юм. Улсын төсвөөс гардаг. Цаана нь хэрэгжүүлж болох 90 орчим төсөл байгаа юм. Үүнийг бид хувийн хэвшлийнхэндээ санал болгож, хамтран ажиллая гэж байгаа.
 
Өөрөөр хэлбэл нэг ч гэсэн өдөр алдмааргүй байна. Ер нь манайхан улстөржиж маш их цаг хугацаа алдсан байгаа юм л даа. Гашуунсухайтын төмөр зам гэхэд нүүрсний экспортыг нэг дахин нэмэх, тавантолгойн аман дээр 60 доллараар зарж байгаа нүүрсийг 100 доллараар зарчих боломж 12 жилийн өмнө байсан. Гэтэл 12 жил үүнийг улстөржүүлээд, одоо болтол шийдэгдээгүй ийм л байдалтай байна. Тийм учраас иргэд маань энэ зүйлсийг наана, цаанатай бодооч ээ. Одоо монгол улсад нэг л эрх ашиг байна. Энэ юу вэ? гэхээр цар тахлыг хумих. Энгийн амьдрал, эдийн засгийн эргэлтэнд орох. Эрдэнэт хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэх. Халдварын тоо 9 сард буух, тохиолдлын тоо 3000-4000 хүрэх тооцоо байсан. Үүнийг бид халдвар хамгааллын дэглэмээр, иргэд бөөнөөрөө дагаж мөрдсөнөөрөө 1000-с доош оруулж чадсан. Мэдээж цаг хугацаа харуулах байх. Гэхдээ бид хамгийн зөв үед хөл хорио тогтоосон. Мөн 300,000 төгрөгийн дэмжлэг шүүмжлэлтэй ч гэсэн хэрэг болсон болов уу? гэж бодож байна." гэв