sonin.mn
МАХН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Тулгатай ярилцлаа.
 
МАХН, МАН нэгдэж байгаа чуулганы талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
 
МАХН-ын дөрөвдүгээр буюу ээлжит бус их чуулган өнөөдөр (өчигдөр) хуралдаж байна. Энэ хурал МАХН цаашид МАН-тай нэгдэн, нэг нам болж үйл ажиллагаа явуулах шийдвэрийг гаргаж байгаа түүхэн хурал болж буй юм. Монгол Улсад улс төрийн хүчин бий болсны 100 жилийн ой энэ онд  тохиож байгаа. Нэг түүхтэй, нэг угшилтай хоёр нам тодорхой асуудлууд дээр зарчмын өөр байр суурьтай байсан учраас салж байснаас хойш арван жил болсон байна. Харин өнөөдөр энэ хоёр намыг удирдаж байгаа удирдлагууд, хоёр намын гаргаж байгаа шийдвэр, бодлогууд энэ хоёр нам буцаж нэгдэн, нэг нам болж үйл ажиллагаагаа явуулах үндсэн шалтгаан болж байна гэж хэлж болно.
 
Байгалийн баялаг Монголын ард түмний өмч байх ёстой. Байгалийн баялгаасаа орж байгаа орлогыг нийт Монголынхоо иргэдэд эрх тэгш, шударгаар хуваарилагдах ёстой гэдэг энэ байр суурь дээр бид нэгдэж байна. Бид нар 2011 онд анх Оюутолгойн гэрээг засах ёстой, энэ буруу гэрээ байгуулагдлаа гэдгээс эхлээд Дубайн гэрээг цуцлах ёстой, Эрдэнэтийн 49 хувийг Монгол төрийн мэдэлд буюу ард түмний өмчлөлд байлгах ёстой гэдэг хатуу байр суурьтай байсан.
 
Бид нарын байр суурь, шаардлага, зорилтыг амьдрал дээр биелүүлэхэд чиглэсэн шийдвэрүүдийг МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ нар гаргаж, хэрэгжүүлсэн байгаа. Цаашид ч байгалийн баялгаа жигд хүртээдэг, иргэд нь байгалийн баялгаасаа хүртэж байда улс орон болох тал дээр санал нэгдсэн. Мөн захиалгаар ажилладаг, МАНАН-гийн үүсгэсэн, тодорхой бүлэглэлийн зааврын дагуу шийдвэр гаргадаг хууль шүүхийн байгууллагыг устгах, шинэчлэх ажлыг бид хамтарч хийнэ гэсэн зорилт тавьж байна. Энэ ажил ч гэсэн эхэлсэн. Харамсалтай нь  сүүлийн хоёр Ерөнхийлөгч маань энэ шүүхийн тогтолцоог засахын оронд шударга бусын хонгил гэдэг зүйлийн түлхүүрийг сольж, өөрсдийн өрсөлдөгч нараа тэр хонгилоороо чирдэг, жирийн иргэдийг хохироодог, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийг авч гардаг ийм тогтолцоо руу оруулчихсан. Үүнийг Монголчууд бид нар өнөөдөр биеэрээ өөрсдөө мэдрээд байж байна. Тэгэхээр энэ байдлыг таслан зогсоохын төлөө бид бас нэгдсэн гэж хэлж болно. Мөн өөр нэг бид нарыг нэгтгэж байгаа зүйл бол МАХН, МАН нэг үүсэл гаралтай байсан. Тэр ч утгаараа хоёулаа зүүний үзэлтэй намууд. Тийм учраас зүүний үзэлтэй намууд, ялангуяа дэлхий нийт өнөөдөр ийм  хүндрэлтэй байгаа цаг үед, цаашлаад ер нь улс орноо зүүний үзэл баримтлал, чиглэлээр удирдан зохион байгуулж явах нь зөв юм, энэ чиглэлийн бодлогуудыг дэмжих ёстой гэж үзэж байгаа. Тэр ч үүднээсээ  цар тахлын үед нийт иргэдээ эмчлэх эмчилгээний зардлыг төр даах ёстой, жирийн үед ч гэсэн өвчнөөр бизнес хийж болохгүй, тийм учраас эрүүл мэндийн системдээ хөрөнгө оруулалт хийх замаар Монгол Улсын иргэн эрүүл байдаг тогтолцоог бий болгох ёстой гэдэг  дээр  санал нэгдэж байгаа.
 
Мэдээж залуучууд хүүхдүүдийнхээ боловсролд хөрөнгө оруулах замаар Монгол улсаа хөгжүүлэх тал дээр бас ижил байр суурьтай болсон байгаа гэж ойлгож болно. 
 
МАХН, МАН-ын нэгдэл Монголын улс төрд, улс төрийн бусад намуудад ямар үр нөлөөг авчирна, ямар жишээг тогтооно гэж бодож байгаа вэ?
 
Сүүлийн арван жилийн хугацаанд улс төрийн тавцанд  МАХН дуугуй, чимээгүй тоглогч байгаагүй. 10 жилийн туршид бид нийт ард иргэдтэйгээ маш олон удаа нүүр тулж уулзсан. Маш олон сонгуульд оролцсон. Сонгуульд оролцох үед бүхий л зорилтууд маань ерөөсөө өөрчлөгдөж байгаагүй, тууштай явсан.
 
Өөрөөр хэлбэл анх УИХ-ын 2012 оны сонгуульд оролцож байсан зорилтууд маань хэвээрээ байгаа. Тэр үед бид нарын тавьсан зорилтуудыг бүтэхгүй , худлаа  гэдэг ч юм уу, шоолж байсан хүмүүс хүртэл өнөөдөр бүгдээрээ бид нарын ярьж байсан энэ зорилт дээр нэгдсэн байгаа.
 
Ямар зорилтууд вэ? гэхээр өмнө хэлсэн байгалийн баялаг ард түмний дундын өмч байх ёстой. Монгол хүн бүр Монголдоо сайхан амьдрахын тулд эрүүл мэндийн салбар, боловсролын салбарын зардлыг төр 100 хувь анхаарч байх ёстой. Шударга бусын хонгил, МАНАН бүлэглэлийн олигарх тогтолцооны дэглэм тогтсон байна, үүнийг засах ёстой гэдэг дээр байр суурь нэгдсэн. Эрдэнэтийн 49 хувийг хулгайлаад явахад нь бид  хамгийн анх зарлаж, тэмцлээ эхлүүлж байсан. Өнөөдөр Эрдэнэтийн 49 хувь маань Монгол улсдаа эргэн ирсэн. Түүнийхээ үр өгөөжөөс Монголчууд маань энэ хүнд хэцүү цаг үед дулаан цахилгаанаа төлөөд явж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл баялгийнхаа эзэн болсны бас нэг илрэл бол энэ. Тэгэхээр ийм зорилтуудыг  бид  гаргаж тавин,  дуутай чимээтэй улс төрийн хүчин байсан. Одоо энэ улс төрийн хүчин маань  МАН-тайгаа нийлж байна. 
 
МАХН, МАН нэгдэх гэрээнд ямар нэгэн төрийн албан тушаал наймаалцах зүйл огт ороогүй байгаа шүү дээ. Харин Үндсэн хуулийн өөрчлөлт хийх тухай орсон байсан. МАХН бол БНМУ-ын Шинэ Дээд Үндсэн Хууль боловсруулж, ард иргэдээр хэлэлцүүлж байсан улстөрийн хүчин. Тийм учраас та үүн дээр тайлбар хэлэхгүй юу?
 
МАН-ын удирдлагууд, гишүүдтэй бид ямар зүйл дээр санал нэгдэж байгаа вэ гэвэл Монгол улсад улс төрийн тогтолцоо, төрийнхөө тогтолцоог сонгодог утгаар нь байгуулах нь зөв юм байна. Тэгэхгүй бол Монгол улс маань  элхий дээр бараг байдаггүй шахуу хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улс болчихоод, энэ хоёр төрийн институцийн хоорондын зөрчлөөс болоод улс орон маань тэр чигээрээ хямрал руу явдаг, энэ тогтолцооны гажгаас болоод маш олон бүлэглэлүүд бий болдог, Монголын баялгийг хулгайлдаг тогтолцоо бий болчихсон байна. Тийм учраас үүнийг засахын тулд бид сонгодог парламентын тогтолцоо руу орох ёстой. Ардчилсан Монгол улсад ардчиллыг хадгалж үлдэх  амин сүнс бол ард нийтээрээ хэлэлцэж хуулиа баталдаг, ард нийтээрээ хуралдаж сууж байгаад шийдвэрээ гаргадаг байх ёстой. Тэр утгаараа хоёр танхимтай сонгодог парламент руугаа явах нь зөв юм байна гэдэг дээр санал нэгдсэн. Мөн хамгийн гол нь зөвхөн эрх мэдлийг хуваах зорилгоор, тийм үүрэгтэй Үндсэн хууль батлахаасаа илүүтэйгээр иргэнийхээ эрхийг баталгаажуулж өгсөн Үндсэн хуультай болох нь зөв юм байна. 1992 оны шилжилтийн Үндсэн хууль бол яах аргагүй  асар их эрх мэдлийг төвлөрүүлсэн байсан нэг намын тогтолцооноос олон намын тогтолцоо руу орсон, нэг системээс нөгөө систем рүү орсон шилжилтийн Үндсэн хууль байсан. Энэ Үндсэн Хууль маань үүргээ гүйцэтгээд дууссан байна. Бид  цаашаа хурдтай хөгжихийн тулд, өнөөдөр бидэнд тулгараад байгаа энэ хямралыг даван туулахын тулд, сонгодог парламентыг бий болгосон,  хүний эрхийнхээ зарчим дээрээс үндэслэсэн Үндсэн хуулийг хийх нь зөв байна  гэдэг дээр санал нэгдсэн. Энэ нь бид нарын ярьж байгаа, сүүлийн гурав, дөрвөн жилийн турш Монгол орноо гурван удаа тойроод, иргэдтэйгээ уулзаж саналыг нь авсан Шинэ Дээд Үндсэн Хуулийн зарчимтай нийцэж байгаа юм.
 
 
 
Монгол улс үнэхээр энэ хямралтай нөхцөл байдлаас гарч, хөгжлийн замд орохын тулд зөв тогтолцоотой байх шаардлагатай. Түүнээс биш хэн нэгэн хүнээс хамаардаг Үндсэн хуультай байх юм бол энэ хэзээ ч засрахгүй  л гэж бид нар ойлгож байгаа юм. 
 
 
 
МАХН, МАН нэгдсэнээрээ Монгол Улсын ард иргэдийн амьдралд бодитой  ямар өөрчлөлт ирэх вэ?
 
Тогтвортой байдал бий болно.Үзэл баримтлалын хувьд намууд ойлгомжтой, тодорхой болно. Бид мөн бусад барууны үзэлтэй гэж өөрсдийгөө зарладаг, либерал намуудыг  нэгдээсэй гэж бодож байгаа. Зүүний намуудаа бас бидэнтэй нэгдээсэй гэж бодож байна. Ингээд Монголчууд минь бодлогын өрсөлдөөн гаргаж, зөв  хөгжлийн загваруудыг бий болгож, үүнийхээ үр дүнд хууль тогтоомжоо өөрчилж, хөрөнгө оруулалтаа татаж, бизнес эрхлэгчиддээ бизнес хийх таатай орчныг бүрдүүлэх хэлбэрээр Монголынхоо ард түмний амьдралд нөлөөлнө  гэж бодож байна.
 
10 жилийн турш хамтдаа тэмцэж ирсэн МАХН-ын гишүүд, дэмжигчиддээ хандаж юу гэж хэлэх вэ?
 
10 жилийн өмнө байгалийн баялгийнхаа төлөө, шударга ёсны төлөө, эв нэгдлийн төлөө, түүхээ бүтэн байлгахын төлөө, Монголынхоо  байгалийн баялгийг хэсэг бүлэг олигарх МАНАН бүлэглэлээс салгахын төлөө тууштай, өнөөдрийг хүртэл тэмцэж ирсэн МАХН-ынхаа үе үеийн удирдлагууд, гишүүд дэмжигчид, мянга түмт, зуутын дарга нартаа баярлалаа, бидний тэмцэл амар байгаагүй. Гэхдээ бидний тэмцэл үнэн байсан. Бид нугараагүй, хугараагүй. Тэмцсэн зорилгынхоо төлөө байсанд нь бүгдэд нь талархал илэрхийлье.
 
Өнөөдөр бидний хувьд дуусаж байгаа, зогсож байгаа цэг биш. Харин өнөөдөр илүү хүчтэй, илүү том машинтай, бид нарын зорилготой нэгдсэн илүү том баг хамт олонтой нэгдэж байгаа шүү. Тиймээс энэ хурал бол  отгон чуулган гэхээсээ илүү хөгжил дэвшил, эв нэгдлийг  түүчээлсэн хамгийн эхний  том их хурал гэж та бүхэн минь ойлгоорой. Бид улс төрийнхөө одоо үйл ажиллагааг цаашдаа улам илүү идэвхтэй явуулн. Тийм учраас та бүхэнтэйгээ цаашдаа ч хамтарч хамт явах болно оо гэдгээ бас энэ дашрамд хэлье ээ. 
 
Баярлалаа.
 
М.Чойжал