Улсын их хурлын 2013 оны намрын чуулганыг хааж их хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг
Монгол Улсын Ерөнхий сайд аа,
Эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын 2012 оны намрын чуулган төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэлээ. Намрын чуулган ажлын 93 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдааныг 34 удаа, байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 131 удаа хийсэн байна. Чуулганаар бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 68, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 3, хууль, хуулийн хэсэг, зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 16, Улсын Их Хурлын 59 тогтоолыг тус тус хэлэлцэн батлав.
Хуулийн дагуу Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжлийн сангийн тухай хуулиуд, төрөөс 2013 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа. Нэгдсэн төсвийн нийт тэнцэл 356.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тусгай шаардлагуудыг хангасан төсвийг баталлаа.
Макро эдийн засгийг мөнгөний бодлогоор тогтворжуулж ирснийг өөрчилж, төсөв, мөнгөний харилцан уялдсан бодлогыг хэрэгжүүлэхээр болсон нь нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөг бууруулах эерэг үр дүн гарах нөхцөлийг бүрдүүлж байна. Нэгдсэн төсвийн нийт орлого 7,088.3 тэрбум төгрөгт хүрлээ. Төвлөрлийг сааруулах чиглэлээр Төсвийн тухай хуульд хийсэн шинэчлэлт, өөрчлөлт хэрэгжиж, орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн алхам болсон.
2013 оны орон нутгийн төсвийн орлого 1,813.6 тэрбум буюу нийт төсвийн 20.7 хувьд хүрч байна. Орон нутагт улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээ 1,498.4 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ 152 тэрбум, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийн санд олгох шилжүүлгийн хэмжээ 247.6 тэрбум төгрөгөөр батлагдсан.
Төсөв, хөрөнгө оруулалтыг оновчтой зөв хуваарилж, үр дүнтэй зарцуулж чадвал орон нутаг эдийн засгийн хувьд чадавхжих бүрэн боломжийг Улсын Их Хурал бүрдүүлж өглөө. Төсвийн хэмжээ нэмэгдэж, төсвөөс гадуурх төрийн хөрөнгөөр баталгаажсан хөрөнгө оруулалт ихсэж байгаа нь төсөв, хөрөнгө оруулалтад тавих төрийн хяналтыг илүү сайжруулах, төсвийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалтыг олон нийтэд ил тод байлгах шууд ардчиллын зарчмыг хэрэгжүүлэхийг шаардаж байна.
Улсын Их Хурал төрийн аудитын байгууллагыг удирдлага, бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн хувьд бэхжүүлж, түүнийг хараат бус, хөндлөнгийн байр сууринаас ажиллах нөхцөлийг хангасан эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгон, гаалийн бүрдүүлэлтэд хүнд суртал, чирэгдэл учруулдаг байсан баримт бичгийн тоог цөөллөө.
Газрын тосны салбарт аж ахуйн нэгжүүдийн газрын тос хайх, олборлох, ашиглах зориулалтаар импортолсон бараа, бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлдөг байсан бодлогыг өөрчилж, татварын тэгш, шударга зарчим, бизнесийн ижил нөхцөлийг хангасан хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийлээ. Бизнес эрхлэгчид татвараа өөрөө тодорхойлж, төлөхөд туслах мэргэшсэн зөвлөх ажиллаж, тэдгээрийг татварын эрсдлээс хамгаалж байх эрх зүйн орчныг шинээр бий болгож, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг баталлаа.
Улсын Их Хурал эдийн засгийн өсөлтийг хангах, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих хүрээнд таван тэрбум хүртэлх ам.долларын “Чингис” бонд, малчид, үйлдвэрлэгчдийг урамшуулахад 140,4 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван жилийн хугацаатай үнэт цаас гаргаж, арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрсөн.
Улсын Их Хурал эдгээр бондын борлуулалт, түүний үр ашиг, санхүүжүүлэх төслүүдийн чанар, үр дүн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллах болно. “Чингис” бондын эх үүсвэрээр техник, эдийн засгийн үзүүлэлт, судалгаа нь үндэслэлтэй хийгдсэн, ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлийн үр ашигтай төслүүдийг санхүүжүүлэх хэрэгтэй.
Иргэдийн банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын шинэ тогтолцоог бий болголоо. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг баталснаар мөнгөн хадгаламжийн найдвартай байдал, санхүүгийн салбарын тогтвортой ажиллагаа хангагдсанаас гадна татвар төлөгчдийн мөнгөөр дампуурсан банкны алдагдлыг хааж, төр хариуцлага хүлээхгүй боллоо.
Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой монгол хүнийг хөгжүүлэх шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг дэмжиж, Боловсролын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт орууллаа. Сургууль, цэцэрлэгийн багш, ажиллагсдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоно.
Өөрөөс нь хамаарахгүй шалтгаанаар ажилласан жил нь тасарсан иргэдийн 1990-1995 онд төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцох, 1995-2000 онуудад төлөх байсан нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож, нөхөн төлж болохоор Нийгмийн даатгалын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийг шинэчлэн баталлаа. Хүний дархлалын олдмол хомсдолын вирусийнн халдвартай иргэдийн тоо нэмэгдэж байгааг эрүүл мэндийн салбарынхан, иргэд, байгууллага анхаарах шаардлагатай байна. Халдвар авахгүй байх иргэдийн ухамсрыг дээшүүлэх, халдвартай иргэдийн эрхийг хамгаалахад энэ хууль ахиц гаргана гэж найдаж байна.
Зөвшөөрөлгүй барилга барьж, барилгын болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг биелүүлдэггүйгээс иргэдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах явдал гарсаар байна. Энэ салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийг УИХ-аас томилон ажиллуулж, тайланг нь сонслоо.
Шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр болон тойргийн зарчмаар байгуулах журмыг Шүүх байгуулах тухай хуульд тусгасан. Хууль батлагдсанаар шүүхийн ачаалал буурах, хэрэг, маргааныг тухайн чиглэлээр мэргэшсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн хянан шийдвэрлэж байх боломж бүрдлээ. Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улстөрийн мэтгэлцээний сэдэв болсон Оюу толгой төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг чуулганаар сонсож, бид нэгдмэл байр суурьтай болж чадлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зургаадугаар сард болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн хуулийн зарчимтай нийцүүлж, шинэчлэн баталлаа. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд саналаа өгөх боломжтой болсон. Сонгуульд автоматжуулсан техник хэрэгслийг ашиглахаар УИХ тогтоол гаргасан.
Эрхэм гишүүд ээ,
УИХ-аас баталсан хууль тогтоомж, шийдвэрүүд амжилттай хэрэгжсэнээр улс орны хөгжлийг түргэтгэж, их бүтээн байгуулалтыг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Үндэсний уламжлалт баярыг тохиолдуулан ард түмэндээ сар шинийн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол Улсын Их Хурлын 2012 оны намрын чуулганы ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье.
2013.02.08
Улаанбаатар хот
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
muu beltreg mini chi vheliin muugaar tarchilaj vheh bolno.