sonin.mn
 УИХ-ын 2020 оны сонгуульд дахин ялалт байгуулсан эрх баригчид бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд хоёр жил болж байна. Тэд Засгийн газраа 2020 оны долдугаар сарын 7-нд байгуулж байлаа. Түүнээс хойш Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бэлтгэлээ хангах зорилгоор огцорч жүжиглэснийг эс тооцвол эрх баригчид хариуцлага хүлээсэнгүй.
 
Гэхдээ энэ нь бүх зүйл сайн сайхан байгаа гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ өнөөдөр манай улсад болж бүтэж байгаа юм бараг алга. Эрх баригчид энэ бүхний бурууг гадаад хүчин зүйл рүү чихээд сууж байна. Ковид дэгдэж, дайн болоогүй бол тэгэх байсан ингэх байсан, тэгсэн учраас ингэлээ гэж хэлээд сууж буй. Ирэх сонгуулиар ч үүнийгээ яриад л явж байх нь ойлгомжтой. Учир нь эрх баригчид өөрсдийгөө хамгаалсаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгана. Засгийн газартаа хариуцлага тооцдоггүй юм аа гэхэд Ерөнхий сайд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өөрт нь олгосон танхимынхаа гишүүдэд хариуцлага тооцох бүрэн эрхээ ч эдлэхгүй, сайд нарынхаа толгойг илсээр суух бололтой. Өмгөөлж хамгаалах хүнгүй Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Н.Уртнасанг “өшиглөөд” явуулсныг эс тооцвол энэ Засгийн газарт хариуцлага хүлээсэн тохиолдол алга. Хариуцлагагүй сайд нараа харин ч нэг хамгаалсаар л суух нь.
 
Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон энэ танхимд дархлагдсан нэгэн боллоо. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ангийн анд гэдгийг хүмүүс мэднэ. Тийм ч учраас андынхаа дэмжлэгтэйгээр “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаас салбарын сайд болж суга дэвшсэн. Гэхдээ сайд болох зам нь дардан байсан шигээ суудал нь бат бөх байсангүй.
 
Томилогдсон цагаасаа хойш түүний суудал өнцөгдөөд буй. Тэрээр “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байхдаа “Гёте” дунд сургуульд сурдаг хоёр хүүхдийнхээ төлбөрийг компаниасаа төлүүлсэн нь ил болсон. Төрийн өмчийг хувьдаа завшихаас татгалздаггүй нь ил болсон Г.Ёндон сайд бантсандаа хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газар руу буцааж шилжүүлж, баримтыг нь олон нийтэд дэлгэж байв. Ингээд тэрээр эхний удаад хариуцлагаас мултарсан.
 
Дараагийн удаа Монголчуудыг нийтээр нь шатахууны хомсдолд оруулж, машинаа түрж алхахаас өөр сонголтгүй байдалд хүргэсэн. Гэвч үүний бурууг шатахуун импортлогчид болон гадаад хүчин зүйл рүү чихээд л өнгөрсөн. Энэ бол Г.Ёндон сайдыг хувь хүнийхээ хувьд ёс зүйгүй, ажлын туршлага арга барилынхаа хувьд төрийн сайдаар ажиллах чадваргүй хүн гэдгийг баталсан хоёр баримт. Олон нийтэд батлагдсан нь л энэ. Энэ мэтээр суудал нь өнцөгдөж, Засгийн газрынхаа эмзэг цэг болсон Г.Ёндон сайдтай холбоотой олон нийт төдийлөн сайн мэдэхгүй бусад асуудлууд ч байгаа юм байна.
 
 
Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгоос болж 20 гаруй компани санхүүгийн алдагдалд оржээ. Учир нь, улсын тусгай хэрэгцээнд авсан газруудаас үүдэж 20 гаруй компани нөхөн олговор авч чадахгүй байгаа аж. Хэрэв улс тусгай хэрэгцээндээ газар авсан бол тухайн газарт Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хөрөнгө мөнгөө оруулж, цаг хугацаагаа зарцуулсан компаниудад нөхөн олговор олгох ёстой. Хууль нь ч тийм.
 
 
Г.ЁНДОН сайд 20 гаруй компанид ямар ч нөхөн төлбөр олгохгүй, асуудлыг шийдвэрлэхгүй байгаагаас болж компаниуд шүүхэд хандаж, гурван шатны шүүхээс Г.ЁНДОН сайдыг “Нөхөн олговор олго" гэж шийдвэр гарчээ. Гэтэл тэрээр шүүхийн шийдвэрийг ч биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрч. Түүний энэхүү эс үйлдэл олон аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дарамт үүсгээд байгаа нь ойлгомжтой.
 
Ерөнхийлөгчөөр дээрээсээ татуулсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн толгойг цаашид илсээр байх нь зөв үү. Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан л бол Г.ЁНДОН сайд үг дуугүй биелүүлэх үүрэгтэй.
 
Энэ үүргийг нь нэг танхимд зэрэгцээд сууж байгаа Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар хэлж, яриад ойлгуулаад өгөөсэй. Хуулийн хичээл заасан ч яадаг юм. Бас өөрийн харьяанд байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг ажлаа хий гэж шахаасай. Энэ бүхнээс үзвэл Монголд хууль бус хүн засаглаж байна. Огцрох болзлоо аль хэдийнэ хангасан ч өнцөгдсөн суудлаасаа зуурсаар суугаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн байдлаас харагдаж байна. Уг нь түүний найз “Шударга ёсыг тогтоохын төлөө хүн бус хууль засагладаг төрийг бий болгоно” хэмээн Төрийн тэргүүн болсон юмсан.
 
 
С.Гийх