сонин mn
Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”,  6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж тунхагласан.
 
Үндсэн хуульдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд, газрын хэвлий дэх баялаг төрийн өмч байна гэж заажээ. Байгалийн баялаг гэдэг нь өргөн хүрээтэй ойлголт учраас энэхүү нийтлэлдээ олборлох салбарын баялаг буюу ашигт малтмалтай холбоотой асуудлыг олон улсын эрх зүйн хүрээнд хөндсөн болно. Үндсэн хууль баялагийн эзний өмчлөх эрхийн баталгаа болж чадах эсэхийг олон улсын эрх зүйн хүрээнд янз бүрээр тайлбарладаг. 
Дэлхийн худалдааны байгууллагаас тодорхойлсноор газар доорх ашигт малтмалыг хайж, олборлоод газар дээр гаргаж ирсний дараа уул уурхайн бүтээгдэхүүн болж, олон улсын эрх зүйн зохицуулалтад ордог. Өөрөөр хэлбэл, хязгаарлагдмал нөөц баялгийг олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох, дотооддоо ашиглах зэрэг бүх шат дамлага олон улсын хэм хэмжээнд нийсэн байх шаардлагатай болдог гэсэн үг. Энэ нь улам өргөжөөд хайгуул, тандалт судалгаа, байгаль орчны нөлөөллийн судалгаа, газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт гэх мэт бүх үйл ажиллагааг олон улсын стандарт, хэм хэмжээнд нийцүүлэн хийж байхыг баялгийн эзэн улсуудад үүрэг болгож байна. Тэгээд ч тэдгээрийг нь дагаж мөрдөхгүй тохиолдолд баялгаа экспортлох эсхүл өөрсдөө боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүнийгээ гадагшаа экспортлох боломж хомс болно. 
 
Гаднын зарим эрдэмтэд хязгаарлагдмал нөөц баялаг бол дэлхий нийтийн өмч учраас бусад орны эрх ашгийг үл хайхран баялгаа ашиглан дангаар хөгжих нь шударга бус (beggar thy neighbor policy) гэсэн үзэл санааг дэвшүүлж ирсэн байдаг. Том гүрнүүдийн эрдэмтдийн үзэл санаа олон улсад заавал дагаж мөрдөгдөх хэм хэмжээ болдог хандлага бий.
 
Гэх мэтээр баялгаа өөрсдөө мэдэн захиран зарцуулж, өгөөжийг нь хүртэх тийм ч амар асуудал биш болох нь байгалийн баялаг ихтэй боловч нэн ядуу орнуудын эгнээнээс гарч чаддаггүй олон орны жишээнээс харж болно.
 
 
Эзэн байхын жудаг
 
Монгол хэлний их тайлбар толь бичигт жудаг гэдгийг “төлөв байдал, зан чанар” гэж тодорхойлсон байна. Баялагтаа эзэн байж чадаж байгаа улс ямар төлөв байдалд байж болохыг тодорхойлсон зарим шалгуур үзүүлэлтээс авч үзье.
 
Аль нэг улсын хөгжлийн түвшинтэй харьцуулах нь явцуу болно. Жишээлбэл, улс орнуудыг байгалийн баялгийнх нь үнэ цэнээр жагсаавал ОХУ, АНУ тэргүүлдэг. Гэтэл АНУ гэхэд 2021 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь ердөө 0.9 хувийг уул уурхайн салбарын орлого эзэлж байна. Эдийн засгаа ингэж солонгоруулж чаджээ. Харин уул уурхайн бүтээгдэхүүнээ их хэмжээгээр экспортлодог, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байсан хирнээ нэн ядуу хэвээр орнууд байсаар байна. Энэ чиглэлээр хийгдсэн олон улсын судалгаануудаас харахад эдийн засгийн өсөлт, ДНБ-д уул уурхайн салбарын орлогын эзлэх хувь, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ гэх мэт үзүүлэлтүүд дангаараа байгалийн баялагаа зохистой ашиглан хөгжиж байгаа орон гэдгийг илэрхийлж чадахгүй болохыг тогтоосон байна.
 
Тухайлбал, экспортын хэмжээгээр нь баялгийн эзнийг тодорхойлох боломжгүй. Учир нь: 
 
1. Экспортын тоо хэмжээг хөөвөл алдаатай үр дүнд хүрнэ. Тухайлбал, огт байгалийн баялаггүй Герман, Швейцар, Сингапур, Хонг Конг зэрэг улсууд ашиг малтмалын бүтээгдэхүүний топ экспорлогчид байдаг; 
2. Экспортын нийт хэмжээнээс илүүтэйгээр экспортолж байгаа бүтээгдэхүүний орлогоос нэг хүнд ногдох цэвэр ашгийн хэмжээ, бодит өгөөжийг тодорхойлох шаардлагатай; 
3. Уул уурхайгаас хэт хамааралтай байгаагаас үүдэлтэй хөгжлийн алдагдсан боломжийг мөн тооцох учиртай. Үүнд хөгжүүлж чадаагүй эдийн засгийн бусад салбар, байгаль орчны доройтол, экологийн тэнцвэрт байдлын алдагдал зэрэг хүчин зүйлсийг тооцсон байвал зохино.
Ингэхээр ашигт малтмалын экспортын хэмжээ их байна гэдэг нь баяжиж байгаа гэсэн үг огт биш. Байгалийн баялаг болон улс орны хөгжлийн харилцан хамаарлыг тооцох шинэ аргыг Лондонгийн Эдийн засаг, улс төрийн их сургуулийн эрдэмтэд 2021 онд танилцуулсан байна. Энэхүү аргачлалаар олборлох салбарт суурилсан улсын хөгжлийн түвшинг олон хэмжээст шалгуур үзүүлэлт (multidimensional Indicator of Extractives-based Development)-ээр тогтоосноор цаашид хийж хэрэгжүүлэх чиглэлээ оновчтой тодорхойлох боломж олгодог ажээ.
 
Дараах 6 төрлийн шалгуур үзүүлэлтээр баялгийн эзэн улсын төлөв байдлыг тодорхойлдог байна. Үүнд:
 
1. Уул уурхайн бүтээгдэхүүний нийт экспортод эзлэх хувь;
2. Нэг хүнд ногдох уул уурхайн бүтээгдэхүүний экспорт;
3. Нэг хүнд ногдох уул уурхайн салбарын өгөөж;
4. Нэг хүнд ногдох уул уурхайн салбараас бүрддэг төсвийн орлого;
5. Уул уурхайн салбарын нийт орлого;
6. Нэг хүнд ногдох ашигт малтмалын нөөцийн хэмжээ.
 
Дээрх үзүүлэлт тус бүрээр олон улсад нээлттэй байгаа тоо, баримтад үндэслэн тооцоолол хийж үзэхэд, Монгол Улс нь ашигт малтмалын нөөц ихтэй боловч боловсруулалт, үйлдвэрлэл хангалтгүй, уул уурхайн салбарын орлогоос иргэдийн хүртэх өгөөж бага гэсэн дүгнэлт гарч байна. Шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалт татах орчин хангалтгүй, дотоодын дэд бүтэц хөгжөөгүй, тээвэр, ложистикийн сүлжээ байхгүйтэй адил, улс төрийн оролцоо их зэрэг хүчин зүйлс байна.
 
Товчхондоо, Монгол Улсад баялаг байгаа ч эзний ёсоор ашиглаж, өгөөжийг нь хүртэж чадахгүй байгаа дүр зураг харагдаж байна.
 
 
Баялгийн эзнийг олон улсын эрх зүйгээр журамласан нь
 
Байгалийн баялаг, ашигт малтмал олборлох, ашиглах, худалдах асуудлаар тусгайлан зохицуулсан олон улсын баримт бичиг байдаггүй. Өнөөдрийн байдлаар олон улсын гэрээ, хэлэлцээр батлагдаагүй гэж ойлгож болно. Яагаад гэвэл их гүрнүүд байгалийн баялгийг ямар нэгэн саадгүй импортолж байх, түүхий эдийн найдвартай эх үүсвэртэй байх зорилгоор олборлох салбарыг тодорхой зохицуулалтгүй, өөрсдийн үзэмжээр, өөрсдийн эрх ашигтаа нийцүүлэн олон улсын эрх зүйн зарчмуудыг тайлбарлаж байх далд санааг агуулж ирсэн. 1947 оноос хойш улс хоорондын худалдааг зохицуулж ирсэн, 1995 онд институт болж өргөжсөн Дэлхийн худалдааны байгууллагын зохицуулалтууд өнөөдрийг хүртэл аж үйлдвэржсэн орнууд өөрийн бараа, бүтээгдэхүүнээ бусад орнуудад саадгүй нэвтрүүлж байх эрх ашгийг хангахын төлөө үйлчилж ирсэн бөгөөд экспортоо хязгаарлах тохиолдолд хэрхэхийг зохицуулаагүй орхисны үр дүнд өнөөдөр үйлдвэрлэгч орнууд хүнд байдалд ороод байна. Тухайлбал, БНХАУ газрын ховор элемент зэрэг технологийн бүтээгдэхүүнд ордог үндсэн түүхий эдийг олборлох, экспортлохоо хязгаарласны хариуд АНУ, Европ, Япон зэрэг үйлдвэрлэгч орнууд Хятадын бодлогыг буруутгах хэм хэмжээ маруухан ихэд тэвдэж байх шиг.  Ямар сайндаа “circular economy” буюу баялгийг дахин боловсруулж ашиглахыг нэмэгдүүлэх, хаягдлыг багасгах бодлогыг баталж, хэрэгжүүлж эхлээд байна.
 
Гэсэн хэдий ч олон улсад байгалийн баялгийг зохицуулсан хэм хэмжээг бий болгох оролдлогууд хийгдэж байсан. Колончилолын эрин үе шувтрахтай зэрэгцэн олон улсын түвшинд шинээр тусгаар тогтносон улс орнууд байгалийн баялаг, ашигт малтмалаа өөрсдөө захиран зарцуулах эрхтэй болохыг Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Ерөнхий ассамблейн 1962 оны 1803 дугаар тогтоолд баталгаажуулж, нийтээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Өнгөц харахад, байгалийн баялгийн эзэн нь тухайн улс, ард түмэн өөрсдөө байна гэдгийг зөвшөөрсөн мэт боловч их гүрнүүд өөрсдийн хяналтаа тогтоох аргаа мартсангүй. Мөнхүү НҮБ-ын тогтоолд тухайн баялгийн эзэн орнууд баялгаа захиран зарцуулахдаа олон улсын эрх зүйд захирагдаж, бодлого шийдвэрээ тодорхойлохыг үүрэгжүүлсэн байдаг. Олон улсын эрх зүй гэдэг бол цаасан дээр бичигдээгүй олон тооны зарчим, хэм хэмжээнээс эхлээд олон улсын хөрөнгө оруулалтын гэрээ гэх мэтээр маш өргөн зохицуулалттай. Дийлэнхийг нь их гүрнүүд тодорхойлж, хүлээн зөвшөөрсөн тохиолдолд нийтээр даган мөрдөх хэм хэмжээ гэж үзэж ирсэн.
 
Хөрөнгө оруулагч-төр хоорондын харилцаанд олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй тухайлбал, засгийн газар хоорондын хоёр болон олон талт хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээрүүд үйлчилж, тухай улсын байгалийн баялаг, ашиг малтмалын эргэлтэд хяналт тавьж байна. 
НҮБ-ын хийсэн судалгаагаар гадаадын хөрөнгө оруулагч-төр хоорондын олон улсын арбитрын маргааны 70 гаруй хувьд нь хөрөнгө оруулагч тал ялдаг гэсэн тоо байна. Арбитрт олон улсын эрх зүйг хэт өргөн хүрээнд тайлбарлаж, дотоодын хууль тогтоомжийг явцуу хүрээнд тайлбарладаг нь нууц биш. Өөрөөр хэлбэл, бид дотоодын хуульдаа баялгийн эзэн бол ард түмэн гэж мянга тунхаглаад олон улсад төдийлөн тоож үздэггүй гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн хөрөнгө оруулалтын эрх зүйн аливаа ойлголтыг арбитр бүр өөрөөр тайлбарладаг нь эзэн улс арбитрт ялах магадлалыг улам багасгаж байгаа юм. 
 
Ингэхээр баялаг газар доороо байхдаа л тухайн улсынх, газар дээр гараад олон оролцогчдоос хамааралтай болдог аж.
 
Эзэн байх арга зам
 
Ингэхээр баялгийн эзэн улсын төр, ард түмэн баялагтаа эзэн болох боломж бий гэж үү хэмээн асуумаар бодогдоно. 
 
Олны дунд яригддаг нэг сэдэв байдаг. Одоо нэгэнт гадныхан нь мөлжөөд, төрийн бодлого дутмагаас ард түмэн баялгаасаа өгөөж хүртэхгүй бол ерөөсөө баялгаа хадгалаад дараад байж байя, хойч үе шийдэг гэдэг. Гэтэл өнөөдөр бид зөв бодлого хэрэгжүүлж, улсаа өрнөөс чөлөөлж, эдийн засгийн хувьд бие дааж, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбараа босгож байж, баялагтаа эзэн суух хойч үеийг бий болгох бус уу. Өртэй, өвчтэй, боловсролгүй ирээдүй эзэн сууж, олон улстай хөл нийлүүлэн хөгжлийг авчирж чадна гэж үү. Өнөөдөр эзэн суухад чармайж чадаагүй ард түмэн ирээдүйд эзэн сууна гэдэг эргэлзээтэй. 
 
Тэгэхээр бид өнөөдөр зүгээр суух боломжгүй. Харин ч эдийн засгаа өөд татаж, гадаад өрнөөсөө салах нь зайлшгүй. Өнөөдрийн байдлаар олборлох салбартаа тулгуурлан бусад салбараа хөгжүүлэх нь оновчтой болно. Ингэхдээ олборлох салбарт шударга ёс, ил тод байдал, үр өгөөжтэй байх зарчмыг хангуулахад төр, иргэд, хувийн хэвшил хамтран ажиллах шаардлагатай. Дараах арга замыг сонгон хэрэгжүүлснээр баялагтаа эзэн сууж болдог сайн туршлага олон улсад байна. 
 
Нэг. Засаглалд эрс шинэчлэл хийх. Засаглал тааруу газарт орон нутгийн ард иргэд  уул уурхайн төслүүдийг эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулж, гадны гэсэн бүхнийг үзэн ядах үзлийг хавтгайруулан өдөөж нөхцөл байдлыг улам дордуулдаг. Энэ бол засаглал муу, мэдээлэл ил тод бус, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх шатанд авлига нүүрэлж, баялагийн өгөөжийг ард түмэн бус цөөн хэдэн хүн завшиж байгааг шууд харуулж буй үзэгдэл юм. Угтаа бол бид уурхайн үүдэнд жагсдаг бус Засгийн газартаа шаардлага тавьж ажлыг нь хийлгэдэг тогтолцоог бий болгомоор байна. Жагсаал цуглаан, бослого үймээнээс ард түмэн хожсон кэйсийг олон улсын сайн туршлагуудаас шүүгээд олсонгүй. Дийлэнх тохиолдолд цаана нь хувийн явцуу эрх ашгаар нэгдсэн цөөн хэдэн хүмүүс байдаг болохыг тогтоосон байна.
Төрийн чадавхи тааруу цаг үед мэргэжилтнүүдээс бүрдсэн олон нийтийн институтэд уул уурхайтай холбоотой асуудлууд тухайлбал, байгаль орчин, орон нутгийн иргэдийн эрхийг хамгаалах, соёлын өв бүхий нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлэх зэрэг эрхийг олгох нь мэдээлэл ил тод, авлигаас ангид байж, хөрөнгө оруулагч нарт ч ойлгомжтой, тодорхой орчинг бүрдүүлэх боломжтой болно. 
 
Хоёр. Баялгийн сангийн хөгжлийн болон ирээдүйн өв сангийн гэсэн хоёр чиг үүрэгт түлхүү анхаарах; Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбараас орж ирэх орлогыг төсвийн урсгал зардалд буюу дарга нар дур мэдэн зарцуулахыг хориглож, гагцхүү уул уурхайн салбараас хамаарал багатай, төрөлжсөн эдийн засгийг дэмжих төсөл хөтөлбөрүүд, эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, ирээдүй хойчдоо баялгийн өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай. Баялгийн санг ажиллуулах хүний нөөцийн чадавхи маш чухал. Санхүү, хөрөнгийн зах зээл, төслийн эдийн засгийн нарийн мэдлэг, туршлагатай мэргэжилтнүүд хэрэгтэй болно. Эс тэгвээс зарим нэг сангууд, төрийн өмчийн үйлдвэрийн газрууд шиг баялагийн эзэд бус цөөн бүлэг хүмүүс завшаад өнгөрнө.
 
Гурав. Олон улсын хамтын ажиллагааг оновчтой ашиглах; Уул уурхайгаас эдийн засаг нь хамааралтай, хөгжиж байгаа бусад улсуудтай хамтран нэгдмэл байр суурь, зарчим баримталж, хөрөнгө оруулагчдад тавих шаардлагаа нэмэгдүүлснээр уул уурхайн салбараас хүртэх өгөөжийг улам нэмэгдүүлэх боломжтой. Тухайлбал, хөрөнгө оруулагчид олон улсын арбитрт хандахаас өмнө дотоодын маргаан шийдвэрлэх процесс тухайлбал тухайн улсын шүүхээр маргаанаа эцэслэн шийдүүлсэн байх шаардлагыг олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагчид аливаа асуудлыг харилцан ойлголцож шийдвэрлэхийг илүүд үздэг болно. 
 
Дөрөв. Татвар, хураамжаа бүрэн авдаг тогтолцоог бүрдүүлэх; Юуны өмнө татварын бүтэцдээ ногоон хөгжил гэж нэрлээд байгаа тогтвортой хөгжил, уул уурхайн бус салбар дахь алдагдсан боломж, орон нутгийн иргэдийн асуудлыг багтаасан эсэхийг эргэж нэг харах шаардлагатай.
 
Тав. Эдийн засгаа төрөлжүүлж, уул уурхайн салбарын хамаарлыг тогтмол бууруулж байх; Гэхдээ үүнийг хийхдээ laissez-faire зарчим буюу бизнесийн салбарт төрийн оролцоог бууруулах бодлогыг хэрэгжүүлж, баялаг бүтээгчдэд нь боломжийг өгөх нь чухал. Баялгийн эзэн байх гэдэг нь угтаа бол тэрхүү баялгаасаа хараат бусаар оршиж, хөгжиж дэвших чадвартай байхыг л хэлнэ. Иймд Баялгийн сангийн орлогоор эзэн болоход шаардлагатай тэр л салбаруудад хөрөнгө оруулалт хийж, тогтвортой, зохистой хөгжлийг түүчээлэх хойч ирээдүйгээ бэлтгэхэд анхаарах нь зүйтэй болов уу. 
 
Эцэст нь дүгнэхэд баялгийн эзэн болж төрдөггүй, харин баялгийн эзнийг боловсруулж, хүмүүжүүлж, ухаажуулж, бэлтгэн бий болгодог ажээ. Энэ бол харин бүх нийтийн үйл хэрэг юм шүү. 
 
 
 
 
Хуульч П.Баяр /J.S.D/