sonin.mn
Атомын бөмбөг бүтээх санааг анх Америкчууд гаргаагүй л дээ. Германы эрдэмтэд анх атомын зэвсэг бүтээх санааг гаргасан юм. Дараа нь нацистын Германаас түрүүлж атомын бөмбөг бүтээх ажилд АНУ болон Британи улс  идэвхийлэн оролцож “Манхэттен” төслийг эхлүүлсэн. 
 
1930-аад оны сүүлчээр атомын бөмбөг бүтээх боломж буй болов. Гучаад онуудад Нобелийн шагналтан цөмийн физикчид Гейзенберг, Шредингер, Дирак, Чедвик, Андерсен, Ферми, Лоуренс нар бүгд атомын бөмбөг бүтээхэд оролцсон юм.
 
Дэлхийн хоёрдугаар дайн эхлэх үед 2000-3000 цөмийн физикчид энэ сэдвээр судалгаа хийж байв.Тодруулбал Англи, Америк, Герман, Дани, Япон, Зөвлөлтийн эрдэмтэд хамтран судалгаа хийж ажилладаг байжээ. Абрам Йоффе, Петр Капица, Юлий Харитон, Кирилл Синельников болон унгарын физикчид Британий эрдэмтэн Эрнест  Резерфордын лабораториор дамжиж туршлага хуримтлуулан, эдгээрээс 9 эрдэмтэн Нобелийн шагнал хүртсэн байлаа.
Гэвч дэлхийн хоёрдугаар дайн тэдний хамтын ажиллагааг тасалдуулсан юм. Эрдэмтэд удалгүй эсрэг тэсрэг талын аль нэгэнд хамаардаг болжээ. Америкийн атомын бөмбөгийг бүтээгчид болох Роберт Оппенгеймер, Энрико Ферми, Сэмюэл Гудсмит нар дайны өмнө Германы цөмийн төслийн удирдагч Вернер Гейзенбергтэй найрсаг нөхөрсөг харилцаатай байв. Гейзенберг нацистуудад дургүй хүн байсан ба өөрийгөө Германы эх оронч хэмээн үздэг байв.   
 
Герман улс атомын бөмбөг бүтээхэд юу саад болов?
 
1935-1940 онуудад Герман улс атомын бөмбөг бүтээх маш их боломжтой байв. 1789 онд германий химич Мартин Клапрот ураныг нээж байсан, Герман улс дээд зэргийн чадвартай эрдэмтэд, инженерүүдтэй, өндөр технологитой, үйлдвэрлэлийн үлэмж их чадамжтай, түүхий эд урантай байв. Германчууд түүхий эд ураныг Чехословак, Норвегаас авч байлаа. Гэвч Герман улс маш том алдаа гаргасан юм. Адольф Гитлер засгийн эрхэнд гараад германы еврей гаралтай цөмийн шилдэг эрдэмтдийг их сургууль болон том том лабораториудаас хөөн гаргав, үлдсэнийг нь буудан хөнөөв.     
 
Германы алдартай эрдэмтэн Отто Ган, Лиза Мейтнер нарыг германы иргэншлээс хасаж гадаад руу хөөн гаргав. Эрдэмтэн Вильгельм Таубег гестапо барьж тэр бээр шоронд нас барав. Лео Силард ,Макс Борн, Жеймс Франк нар зугатааж АНУ руу дүрвэв. Италийн эрдэмтэн  Энрико Ферми, данийн эрдэмтэн Нильс Бор нар АНУ-д дүрвэж очив. Германаас дүрвэж Зөвлөлт улс руу эрдэмтэн Фриц Ланге дүрвэж Зөвлөлтийн атомын бөмбөгийг бүтээгч болов. 
 
1939 онд Германы армийн удирдлага цөмийн бөмбөг үйлдвэрлэх ажилд их хэмжээний зардал гаргахаа зогсоож танк, нисэх онгоц олноор үйлдвэрлэх зорилт тавьсан байна. 1945 оны 5-р сард Герман улс цөмийн тогоотой болж Уран- 235-г баяжуулах технологитой болж, цөмийн зэвсэг  зөөх техник хэрэгслэлтэй болсон байлаа. 1945 онд Зөвлөлтийн арми германий нутгийг эзэлсний дараа тэндээс германий цөмийн лаборатори, зэвсэг, уран баяжуулах технологи, пуужин олзолж авав. Зөвлөлтийн тал германаас үлэмж хэмжээний ураны нөөц хураасан. 1949 онд Зөвлөлт улс атомын бөмбөгийг амжилттай туршив. Сталин атомын бөмбөг бүтээсэн эрдэмтдийг Зөвлөлт Холбоот улсын улсын баатар цолоор шагнасан. Тэдний дунд германий иргэн Николаус Риль байв. Зөвлөлтийн атомын бөмбөг бүтээхэд Нобелийн шагналтан Густав Герц, Манфред Арденне, Петер Тиссен нар идэвтэй оролцож байжээ.  
 
АНУ яагаад атомын зэвсэг бүтээв?
 
АНУ-д атомын бөмбөг бүтээх төсөл 1939 онд агуу физикч Альберт Эйнштейн АНУ-ын ерөнхийлөгч Рузвельтад хувийн захидал илгээсэн өдрөөс эхэлдэг.
 
Эйнштейн Ерөнхийлөгч Рузвельтад бичихдээ: “Удахгүй дэлхийд хамгийн их хөнөөлтэй хүчирхэг атомын зэвсэг бүтээгдэх болно. Энэ боломжийг германчууд ашиглаж болзошгүй. Ганц ийм бөмбөгөөр бүхэл бүтэн том хотын усан боомтыг хүн амтай нь устгаж чадна” гэжээ.  Эхлээд Рузвельт энэ захидалд онцын ач холбогдол өгөөгүй аж. Энэ төсөлд АНУ багахан зардал гаргах болжээ. Гэвч Британий  ерөнхий сайд Черчилль Рузвелтад шийдвэрлэх нөлөө үзүүлсэн байна. Учир нь Черчилль 1940 онд германаас дүрвэж ирсэн цөмийн физикч эрдэмтэн Отто Фриц, Рудольф Пайрсон нарын мэдээллийг Рузвельтат өгчээ.
 
Тэдний мэдээлснээр “Атомын бөмбөг жижигхэн хэмжээтэй, маш том хөнөөх чадвартай, 5 кг ураныг дэлбэлэхэд олон тонн динамит дэлбэлсэнтэй тэнцэх хөнөөх чадвартай. Хэрэв германчууд атомын бөмбөг хэрэглэвэл Британий олон сая иргэд хөнөөгдөх  болно” гэжээ.     
 
Ингээд 1943 онд АНУ,  Британи хоёр хамтран маш нууц байдалд атомын бөмбөг бүтээхээр шургуу ажиллаж эхлэв. Манхаттен төслийн тэргүүнээр генерал Осли Гровсыг томилов. Шинжлэх ухааны удирдагчаар Роберт Оппонгеймерийг томилсон байна. Энэ төсөл дээр 120 000 хүн гардан, 600 000 хүн тусалж ажиллав. Ураны түүхий эдийг Бельги улсаас худалдан авав. Атомын бөмбөг бүтээхэд Уран-235 хэрэгтэй байлаа. АНУ атомын бөмбөг бүтээх энэхүү төсөлд 20.0 тэрбум ам доллар зарцуулсан. АНУ атомын бөмбөг бүтээхэд зориулж тусгай үйлдвэр байгуулав. Уран болон плутоний хэмээх түүхий эдийг атомын бөмбөг бүтээхэд ашиглажээ.
 
1945 оны 7-р сарын 16- ны өдөр АНУ-ын Нью- Мексико мужийн туршилтын талбай дээр анхны плутоний бөмбөг дэлбэлж туршлаа. Бөмбөг дэлбэрэхэд маш хурц гэрэл гарч дэлбэрэлтийн төвд нарны гадаргууны хэмээс 10000 дахин өндөр халуун хэм үүслээ. Тэнгэр улаан хар өнгөтэй болж, хэдэн мянган тонн элс тэнгэр цацагдаж элс хайлж шил болж байлаа. Дэлбэлсэн газраас 500 км –ийн зайд газар хөдөлж мэдрэгдэв.  
 
Гарри Трумэн энэ атомын бөмбөгийг  Японы эсрэг хэрэглэхээр шийдвэрлэв. Энэ бөмбөгийг тэр үед эрдэмтэд маш их хөнөөлтэй гэдгийг л мэдэж байсан боловч маш удаан хугацаагаар радиацын хордолт болно гэдгийг хэн ч мэдэхгүй байлаа. Америкчууд Японы хамгийн их цэргийн үйлдвэр байрласан Японы хоёр хотыг бөмбөгдөхөөр шийдсэн байна. 1945 оны 8-р сарын 6-ны өдөр Хиросима хотод, мөн сарын 9- ний өдөр Нагасаки хотод атомын бөмбөг хаяж хоромхон зуур хоёр зуун мянган хүн үнс болж хот нурам болов. 
 
Зөвлөлт Холбоот улс атомын зэвсэг бүтээв
 
1930-аад онд Зөвлөлт улсад хэд хэдэн цөмийн том судалгааны төв ажиллаж байлаа. 1942 оны 9-р сард Зөвлөлтөд  цөмийн төсөл хэрэгжүүлж эхлэв. 1943 оны 1 дүгээр сард цөмийн зэвсэг бүтээх тушаал гарч удирдагчаар нь Курчатов томилогдов. Дайны дараа Зөвлөлт улс цөмийн бөмбөг бүтээхэлд зориулж маш их хөрөнгө гаргав. Цөмийн зэвсэг бүтээх ажлыг Дотоодыг хамгаалахын дарга  Лаврентий Берия удирдаж байсан ба тэрээр энэ ажилд олон мянган хоригдлуудыг ашиглаж байжээ.
 
1946-1947 онуудад Зөвлөлтөд хамтралжуулалтын балгаар болон дайны сүйрлээс болж хэдэн зуун мянган  хүн өлбөрч үхэж байлаа. Сталин ямар ч үнээр хамаагүй , ямар ч их зардал гарсан ч хамаагүй Зөвлөлт улсыг  атомын бөмбөгтэй болохыг хүсч байсан юм. Энэ ажилд АНУ-д цөмийн хөтөлбөр дээр ажиллаж байсан германы коммунист Клаус гэдэг эрдэмтэн цөмийн зэвсгийн маш нууц мэдээллийг зөвлөлтийн талд дамжуулан өгч Зөвлөлт улсыг  атомын бөмбөгтэй болох боломжтой болгож байсан гэдэг. 
 
Тэр үед зөвлөлтийн нутагт уран байхгүй байлаа, олон мянган инженер Германд олзлогдсон, эсхүл Сталины тушаалаар алуулсан байв. Зөвлөлт улс 1943 онд АНУ-д 10 кг уран, 100 кг ураны оксид  өгөх хүсэлт гаргаж байжээ. Энэ хүсэлтийг нь АНУ биелүүлсэн аж. 
Тэр үед АНУ-д  атомын бөмбөг зөөх хүчин чадалтай нисэх хүчин байлаа. Зөвлөлтөд ийм нисэх хүчин байсангүй. Учир иймд Зөвлөлт улс АНУ-аас түр хугацаагаар аваад байсан америкийн бөмбөгдөгч “В-29” нисэх онгоцыг нь АНУ-д буцааж өгөөгүй байна.
 
Зөвлөлт улс америкийн энэ онгоцыг яг  хуулбарлан бүтээж “Ту-4” хэмээх  нэр өгчээ. Зөвлөлтөд “Озерск Челябинск-40”, дараа нь “Челябинск -65” зэрэг цэргийн нууц хотууд үүсчээ. 1946  онд зөвлөлтийн анхны атомын реактор ажиллаж хэлэв. Саров хотод цөмийн зэвсэг үйлдвэрлэж эхлэв.     
 
1949 оны 8-р сарын 29-ний өдөр Семипалатинскийн туршилтын талбайд зөвлөлтийн анхны цөмийн бөмбөгийн туршилт болов.
Энэ атомын  бөмбөг бол АНУ-ын Хиросимад хаясан бөмбөгний хуулбар байсан юм.  
Хожим нь Зөвлөлт улсын  эрдэмтэн Игорь Тамм болон Андрей Сахаров нарын оролцсон эрдэмтдийн бүлэг устөрөгчийн бөмбөгний төсөл дээр ажиллаж байв. Удалгүй Солонгосын дайн 1950 онд эхэлж хүн төрөлхтөн Хүйтэн дайны эрин үед шилжжээ. Хүйтэн дайн 1990 он хүртэл 40 жил үргэлжилсэн юм.
 
Монгол улс ураны нөөцөө ашиглаж чадсангүй 
 
Дэлхийн хүйтэн дайнд азийн бөглүү хоцрогдсон улс Монгол хүртэл татагдан орж байлаа.
Тэр үед Монголын дайсан бол Америк, Япон, Хятад, Өмнөд Солонгос гэдэг байв. Зөвлөлтийн хагас сая хүнтэй арми жараад оноос 1990 он хүртэл Монголд байрлаж байсныг бид мэднэ. Зөвлөлтийн Монголд байрласан арми цөмийн зэвсэг байрлуулсан байсан хэмээн зарим хэвлэлээр бичигдэж байв. Зөвлөлтийнхөн наяад онд Монголын Мардайд уран илрүүлж ураныг  их хэмжээгээр олборлож зөөвөрлөж байсныг Монголыг тэр үед удирддаг байсан МАХН-ын Улс төрийн Товчоо огт мэдээгүй байсан гэдэг. Хожим Монголчууд ардчиллын эхний жилд зөвлөлтийнхөн Монголоос уран олборлодог байсныг мэддэг болсон юм. 
 
Зөвлөлтийн геологчид тэр үед Монголын Мардайн ураны нөөц 3.0 сая тонн хэмээн үзэж байжээ. Уран бол их үнэтэй түүхий эд. Ураныг атомын бөмбөг хийх, атомын цахилгаан станц ажиллуулахад ашигладаг. Америкчууд ураныг европын Бельги улсаас худалдан авдаг байсан. Бельги улс өөрийн колони африкийн Конго улсаас ураныг олборлож авдаг байсан. 
 
Монгол улсад өөрийн баялаг уранаа олборлож гадаадад зах зээлийн үнээр гаргаж валют олох боломж байсан. Монголд хамгийн аюулгүй атомын цахилгаан станц байгуулах боломж ч  сүүлийн 30 жилд байсан.Хөрш зэргэлдээ Казахстан улс уранаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадсан, одоо удахгүй 2025 он гэхэд анхны атомын цахилгаан станц байгуулахаар ажиллаж байна. Харин Монголд Франц зэрэг гадаадын орны  компаниуд хөрөнгө оруулж ураныг нь олборлож атомын цахилгаан станц байгуулж өгье гэсэн санал тавьсан боловч одоо болтол шийдээгүй өнгөрчээ.
 
Монголд атомын цахилгаан станц барьсан бол эрчим хүчний дутагдлаа арилгаж чадах байлаа. Монголд өнөөдөр ураны дэлхийн нөөцийн 10.0 хувь байна. Өнөөдөр дэлхийн зах дээр нэг фунт /453 грамм/ уран 51 ам доллар, шатахууны уран 1 кг нь 1250 ам доллар, баяжуулсан уран 1кг нь 21000 ам долларын үнэтэй байна. Энэ их нөөц боломжийг Монголчууд бид даанч ашиглаж чадсангүй дээ. 
 
Харин Монголын хувьд 1992 онд өөрийн газар нутгаа цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарлаж, 2000 онд цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль баталсан нь маш зөв алхам болж, олон улсын хэмжээнд хэрэгжүүлэх үлгэр дууриалал болж чадсан. Монголын эргэн тойронд цөмийг зэвсэгтэй Орос, Казахстан, Хятад гэсэн 3 улс байж байна. Гэтэл Орос улс 1991 онд  Казахстан, Украйнаас цөмийн зэвсгийг нь хурааж аваад “Бид та нарын аюулгүй байдлыг хамгаална” гэсэн амлалт өгсөн. Гэвч Орос улс өнөөдөр Украинд өгсөн амлалт үүргээсээ буцаж цөмийн зэвсгээ хураалгасан Украин улсын эсрэг дайн дэгдээж ,“Та нар эсэргүүцвэл цөмийн зэвсэг хэрэглэнэ шүү” хэмээн Украинд заналхийлсээр буй. Хойд Солонгос ч өнөөдөр цөмийн зэвсгээр хөрш Өмнөд Солонгос, Японыг заналхийлсээр байна.         
 
Орчин үеийн дэлхийн цөмийн зэвсгийн нөөц
 
Эдүгээ орчин үед буюу 2022 оны байдлаар дэлхийн 9 орны цөмийн зэвсгийн нөөц 12. 7 мянган цөмийн хошуу байна. 
Дэлхийн цөмийн зэвсгийн 90.0 хувь нь Оросын Холбооны улс болон АНУ хоёрт ногдож байгаа. Эдүгээ Орос 5977, АНУ 5428, Хятад 350, Франц 290, Британи 225, Пакистан 165, Энэтхэг 160, Израил 90, Хойд Солонгос 20 цөмийн хошуу бий. Дэлхийн хүйтэн дайны ид үед  буюу 1986 онд дэлхийд 70000 цөмийн хошуу байсан бол эдүгээ 13 000 шахам цөмийн хошуу цэргийн нөөцөнд байна.  Дэлхий эдүгээ өөрийгөө 100 дахин хөнөөх дарьтай торхон дээр оршиж байна гэсэн үг. 
 
Атомын бөмбөгөөр ард түмнээ айлгахаа больцгоо,  их гүрнүүд минь
Амар амгалан, хөгжил дэвшлээр амьдарцгаа, хүмүүс минь. 
 
 
Доржийн СҮХБААТАР