sonin.mn
МУИС-ийн Эдийн засгийн онолын тэнхимээс Дани улсын Аархусын их сургууль болон Канад улсын Конкордиагийн их сургуулийн багш судлаачидтай хамтран “Эдийн засгийн судалгааны II форум” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа билээ. 
 
Энэ үеэр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Б.Алтанцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр “Монгол Улс дахь хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийн шинжилгээ” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
 
 
-Энэ удаагийн форумын гол онцлог нь юу вэ?
 
-Мэдээж өмнө нь болж байсан хурлаасаа илүү өргөн цар хүрээтэй болж байна. Хамгийн гол нь дэлхийд алдартай эрдэмтэн судлаачид урилгаар хүрэл­цэн ирж илтгэл тавьж байгаагаараа онцлогтой.
 
Ту­хайлбал АНУ-ын Рочестер их сургуулийн эрдэмтэн Йонсан Чанг “Амьдралын мөчлөгийн тодорхой бус байдал ба портфелийн хө­рөнгө оруулалтын сон­голтын оньсого” сэдэвт илт­гэл тавилаа. Мөн Хойд Америкийн их сургуулийн Нир Кшетри “Үүрэн телефон холбооны гэмт хэргийн эдийн засгийн тухай” илтгэл тавьсан.
 
Харин Францын “Евромэд” менежментийн профессор П.Л.Леони “Зарим өвчний эмчилгээний талаарх инно­вацийн үйл ажиллагаа па­тентын хугацаанаас болж удаашрах талтай юу” гэдэг судалгаа шүүмжээ бидэнд танилцуулж байна.
 
Эдгээр эрдэмтэн манай форумд хүрэлцэн ирж, ний­гэм эдийн засгийн хүрээнд өнөө үед судлагдаж байгаа зүйлсээр илтгэл тавьж байгаа нь бидний үйл ажил­лагааг дэлхий нийтэд сурталчлахаас гадна Монгол Улсад хандах дэлхийн ханд­лагад эергээр нөлөөлж байгаа юм. Тэгээд ч манай улсын эрдэмтэн судлаачид гадны эрдэмтэдийн турш­лагаас суралцах өргөн бо­ломж нээгдэж байгаагаараа ихээхэн онцлогтой.
 
 
-Таны хувьд Монгол Улс дахь хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийн та­лаар илтгэл тавилаа. Энэ­­хүү судалгааны үр дүн­гийн талаар танил­цуулбал?
 
-Бид хийж байгаа судал­­гааныхаа үр дүнг танил­цуулсан. Судалгаа бүрэн дуусаагүй учраас форумд оролцож байгаа эрдэмтдээс олон санал зөвлөмж авна гэдэгт итгэлтэй байна.Судалгааны гол үр дүн­гийн хувьд манай улсын хөдөлмөрийн нийлүүлэлт нь тулгамдсан асуудал болж байгаа.
 
Өнөөдөр зах зээл дээр явагдаж байгаа тө­рийн бодлогыг судалж үзэхэд эрэлтийг илүүтэй дэмж­сэн бодлого гарч ирсэн. Өөрөөр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт руу гол анхаарлаа хандуулахаар цаа­на нь ажиллах хүчний асуу­дал гарч ирнэ. Нөгөө талаар хөдөл­мө­рийн зах зээл буурах ханд­лагатай болж байна. 
 
 
-Тодруулбал?
 
-Монгол Улсад сүүлийн жилүүдэд бага насны хүүх­дийн тоо эрс өссөн. Энэ нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулах нэг нөхцөл болж байна.
 
Нэг талаасаа урт хугацаанд хө­дөлмөрийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гээд хүн амын асуудлыг хэрэгжүүлж байгаа ч бага насны хүүхдүүдийг аюулгүй орчинд байлгах, цэцэрлэг сургуулийн хү­рэл­цээний асуудлыг шийдэх шаардлагатай болж байгаа юм. Энэ хоёр зэрэг явахгүй бол ажиллах хүчин хяз­гаарлагдмал болох эрсдэл үүснэ.
 
 
-Манай улсын ажиллах хүчний талаар хэрэгжүүлж буй  бодлого  нь  гадаадаас  аль болох ажиллах хүч авахгүй байхад анхаар­даг. Энэ нь буцаад хөрөн­гө оруулалт, бүтээн байгуу­лал­тын үр дүнд сөргөөр нө­лөөлөх нь үү гэсэн хүмүүс бий?
 
-Тийм ээ. Монгол Улс өнөөг хүртэл ажиллах хүчээ дотоодоосоо нийлүүлэх бод­лого барьж ирсэн. Гэтэл өнөөд­рийн байдлаар энэ бод­лого цаашид үргэлжлэхэд бэрхшээлтэй болж байгаа нь үнэн. 
 
Тиймээс зайлшгүй га­даадаас  ажиллах хүч татаж байж бүтээн байгуулалтын ажлаа өрнүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн зах зээлийн бодлогоо өөрчлөх нөхцөл бүрдчихээд байна. 
 
 
-Манай хөдөлмөрийн зах зээл дээр гарч байдаг өөр нэг асуудал нь ажил, мэргэжлийн зөрүү. Өөрөөр хэлбэл дээд боловсролтой ажилгүйдэл газар авч бай­гаа талаар гайхан ярьц­­гаа­даг. Энэ  талаарх сүүлийн үеийн судалгаа байна уу?
 
-Энэ бол олон шалтгааны улмаас болж байгаа зүйл. Тухайлбал хувь хүний сонирхол, төрийн бодлого, их, дээд сургуулиудын уял­даа холбоо, дээрээс нь эрэлт­тэй мэргэжлийн судал­гаа муу зэрэг маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. 
 
Харин аль нь илүү нө­лөөлөв, хэд хэдэн хувьтай байна вэ гэдгийг тусд нь судалж, шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй. Манай судалгааны баг энэ талаар нарийн судлаагүй гэдгээ хэ­лэх нь зүйтэй байх.
 
 
Д.Баяржаргал
 
Эх сурвалж: