Зам, тээврийн сайд М.Зоригттой төмөр замын салбарт хийгдэж байгаа ажил болон Монгол, Орос, Хятадгурван улсын Эдийн засгийн коридор төсөл хөтөлбөрийн талаар ярилцлаа.
-Төмөр замын салбарын хууль эрхзүйн орчинд ямар өөрчлөлтүүдийг оруулаад байна вэ?
-Монгол Улсын төмөр замын тээврийн хууль эрх зүйн орчинг сайжруулах ажлын хүрээнд “Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төсөл”-ийг Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, хуулийн төслийг дэмжүүлж шийдвэрлүүлсэн. Мөн төмөр замын салбарт Монгол Улсын 24 стандарт дээр сүүлийн 4 жилд шинээр 52 стандартыг орчуулан боловсруулж, батлуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар төмөр замын тээврийн олон улсын стандартын шаардлагыг хангасан Монгол Улсын Үндэсний 76 стандартыг төмөр замын тээврийн салбарт баримтлан ажиллаж байна.
-“Шинэ төмөр зам” төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдол бүхий төмөр замын суурь бүтцийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар цогцоор нь барьж байгуулах зорилгоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталж, Шинэ төмөр зам төслийн хүрээнд Даланзадгад-Тавантолгой-Сайншанд, Сайншанд-Хөөт, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт, Хөөт-Нөмрөг, Нарийнсухайт-Шивээхүрэн, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн нийт 2000 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолоор нэг болон хоёрдугаар үе шат болох Ухаахудаг-Гашуунсухайт, Тавантолгой-Сайншанд-Хөөт, Хөөт-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгоод байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих 225 км төмөр замын дээд, доод бүтцийн ажил 2014 оны эцсийн байдлаар 51.84 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Энэ нь төлөвлөгөөнөөс 48 хувийн хоцрогдолтой байна гэсэн үг.
Мөн Зүүн чиглэлийн Эрээнцав-Чойбалсан, Хөөт-Нөмрөг, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замуудын суурь судалгааны ажлууд болох техник-эдийн засгийн үндэслэлийг “Монголын төмөр зам” ТӨХК хийж гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар “Улаанбаатар төмөр зам”-ын харьяанд Эрээнцав-Чойбалсан чиглэлийн төмөр зам байгаа. Үүнийгээ сайжруулан шинэчилж Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн шинэ төмөр зам байгуулж, зүүн коридорын төмөр зам бий болох боломжтой. Уг төмөр зам нь зөвхөн Монгол Улсаар хязгаарлагдахгүй, цааш үргэлжлээд Оросын талд Соловьёвск, Өвөр Байгалийн төмөр зам хүртэл, Хятадын талын Жиньжоу далайн боомт руу одоо баригдаад байгаа төмөр замын сүлжээтэй холбогдож цогц тээврийн коридор болох юм.
-Тэгвэл баруун чиглэлд барих төмөр замын тал дээр ямар бодлого барьж байна вэ?
-Баруун чиглэлийн Хөөт-Нөмрөг-Зүүн хойд Хятад чиглэлийн төмөр замын тухайд Монгол Улсын төмөр замын бодлогод баруун босоо чиглэлийн зам байгуулна гэснээс өөр тодорхой чиглэл байдаггүй. Гэхдээ 2015 онд УИХ-аар баталсан Эрдэнэт-Арцсуурь гэсэн шинэ чиглэл бий. Тэгэхээр Арцсуурь дээр төмөр замын хилийн гарц байх нь тодорхой боллоо. Тус боомт нь эдийн засгийн хувьд ч ихээхэн ашигтай байх боломжтой. Учир нь яг Арцсуурийн боомттой Тува залгадаг. Тувагийн Кызыл орчимд Улуг-Хемийн нүүрсний сав газар бий.
Эл сав газрын нийт нүүрсний таамаг нөөц нь 14 тэрбум тонн. Энэ их нөөц баялгийг Монгол Улсаар дамжуулан Хятадын зах зээл, цаашлаад Энэтхэг, Пакистанд хүргэх сонирхол оросуудад байдаг. Тиймээс Арцсуурийн боомтоос урагш Хятадын Шинжаан-Уйгарын автономит бүс нутаг руу чиглэсэн төмөр замыг бүтээн байгуулах санал яригдаж байгаа. Энэ чиглэлд Монголын талын “Аспайр Майнинг” компанийн төмөр зам барих ажил эхэлсэн. Энэ зунаас газар дээрх ажил эхэлнэ. Монгол-Оросын тал хамтран Овоот-Кызыл чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг хийх бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
-БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 онд Монгол Улсад айлчлах үеэр тухайн үеийн Зам, тээврийн сайд байсанА.Гансүх маш чухал баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ ажил одоо ямар шатанд яваа вэ?
-Монгол Улс БНХАУ-тай яриа хэлэлцээрээ амжилттай өрнүүлж, БНХАУ-ын дарга Си Зиньпиний төрийн айлчлалын үеэр Монгол Улсын далайд гарах таатай, хөнгөлөлттэй урт хугацааны нөхцөлийг бүрдүүлсэн хэлэлцээр, баримт бичгийг байгуулсан. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолоор Тавантолгойн ордыг ашиглах эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах, мэргэшсэн удирдлагын багийг бүрдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байдлаар шийдвэрлэх зорилгоор Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол баталж төмөр замын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр болсон.
-Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын төсөл дээр ямар компаниуд ажиллаж байгаа вэ.Ажил нь эхэлсэн үү?
-Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр зам барих асуудлыг шийдвэрлүүлэхээр Зам, тээврийн яаманд хүсэлт гаргаснаар энэ төсөл дээр Зам, тээврийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК болон “Монгол алт” групп хамтран ажиллаж байна. Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын суурь бүтцийн техник-эдийн засгийн үндэслэлийг хийж гүйцэтгэн, Нарийнсухайт-Сэхэгийн боомт хооронд шинээр байгуулагдах төмөр замын боомтын хил холбох цэгийг тодорхойлж баталгаажуулсан.
-Төмөр замын салбарын тухайд Эдийн засгийн коридор гэж маш том төсөл хөтөлбөрийн талаар яригдахболлоо. Засгийн газрын хуралдаанаар ч энэ төсөл хөтөлбөрийг дэмжчихлээ?
-Хил залгаа хөрш гурван улс Монгол, Орос, Хятад хамтран Ази, Европ тивийг холбосон Эдийн засгийн коридор байгуулах болсноо дэлхий дахинд тунхаглаад байна. Томоохон амбийцтай энэ хамтын ажиллагаанд газар нутгийн байршил нь Монгол Улсын давуу тал байх юм. Орос улс сүүлийн жилүүдэд Сибирь, Алс Дорнодын бүс нутгаа эрчимтэй хөгжүүлэх стратегийн бодлогын хүрээнд тус орны газар нутгаар хөндлөн явсан Транссибирийн төмөр зам болон Байгал-Амурын гол шугам дагуух коридорыг хөгжүүлэхээр “Евро азиа транзит тээвэр” санаачилгыг гаргасан юм. Харин Хятад улсын хувьд 2013 онд Хятад улсын дарга Си Зиньпин сонгогдохдоо “Торгоны замын эдийн засгийн бүс” байгуулах тухайгаа дэлхий нийтэд зарласан. “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг хил дамнуулан бүтээн байгуулахдаа үндэсний компаниудаа татан оролцуулах бодлого барьж байгаа юм билээ.
Ингэхдээ “Торгоны зам” сан байгуулан, түүгээр дамжуулан хөрөнгө оруулалт олгохдоо бүтээн байгуулалтад Хятадын компаниуд оролцоно гэсэн ерөнхий шаардлага тавьсан юм. Энэ нь 1.3 тэрбум иргэдээ ажилтай байлгахын тулд улс дамнасан тээврийн коридоруудыг байгуулж, түүхий эдийг Хятаддаа төвлөрүүлэх, эргээд зам тээврийн коридороо ашиглан бараа бүтээгдэхүүнээ дэлхийн улс орнуудын зах зээлд тараан нийлүүлэх зорилготой санаачилга юм. Гурван улс ийнхүү зам тээврийн коридорууд болоод түүнийг дагасан бүс нутгуудаа хөгжүүлэх гэсэн үндсэн зорилго дор нэгдсэн.
-Монгол Улс мөн “Талын зам” санаачилга гаргасан. Энэ санаачилгад Зам, тээврийн яам ямар үүрэгтэйоролцож байгаа вэ?
-Хөрш орнуудын хил дамнасан Эдийн засгийн коридор болон Монгол Улсын “Талын зам” санаачилгын хүрээнд хэрэгжих бүтээн байгуулалтын дийлэнх нь зам тээврийн салбартай холбоотой юм. “Талын зам” санаачилга нь зөвхөн Монголд хэрэгжих биш, хөрш хоёр оронтой холбогдож байж эдийн засгийн үр өгөөжтэй байх учраас уг санаачилгыг дангаар нь ярихаас илүүтэй гурван улсын Эдийн засгийн коридорын хүрээнд харах хэрэгтэй.
Шинэчлэлийн Засгийн газрын үед 2012 оноос идэвхтэй яригдаж эхэлсэн “Талын зам” санаачилгад төмөр болон авто зам, хий болон газрын тосны хоолой, эрчим хүчний сүлжээ гэсэн “5 шугам” багтдаг. Гэтэл зөвхөн эдгээр “5 шугам”-аар хязгаарлагдалгүй мэдээллийн өндөр хурдны сүлжээ, агаарын тээврээр холбогдох боломж байгаа юм. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн агуулгын 70-80 хувь нь зам тээврийн салбартай холбоотой. Үүнд төмөр зам болоод авто зам, агаарын тээврийн орон зай, хий болон газрын тосны дамжуулах хоолой, эрчим хүчний шугам, мэдээллийн өндөр хурдны сүлжээ зэрэг нь багтаж байна.
-ШХАБ-ын орнуудын ирэх зуны уулзалтын үеэр Эдийн засгийн коридор төсөл хөтөлбөрөө баталгаажуулж,гурван улсын тэргүүнүүд гарын үсэг зурахаар ярилцаж байгаа гэсэн?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар “Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын гурван талт хамтын ажиллагааны “Улаанбаатарын уулзалт”-ыг Тажикистан Улсын Душанбе хотноо 2014 оны есдүгээр сарын 11-ний өдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Дээд хэмжээний ээлжит 14 дүгээр хуралдааны үеэр зохион байгуулсан.
2015 оны долдугаар сарын 9-ний өдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Дээд хэмжээний 15 дугаар хуралдааны үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын хоёрдугаар гурван талт уулзалтыг зохион байгуулсан. Энэхүү уулзалтаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах тухай Санамж бичиг, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны хөгжлийг дэмжих таатай нөхцөл бүрдүүлэх талаар хамтран ажиллах тухай Санамж бичиг болон Хилийн боомтын хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай Ерөнхий хэлэлцээрийг тус тус байгуулсан байдаг.
Үүний дотор дэлхийн хамгийн том хоёр тивийг холбосон Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах тухай Санамж бичгийн дагуу гурван улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг боловсруулах зорилгоор гурван улсын Хамтарсан ажлын хэсгийн уулзалтыг газрын захирлын төвшинд 2015 оны аравдугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо, 2015 оны арванхоёрдугаар сарын 8-9, 29-30-ны өдрүүдэд Москва хотноо тус тус зохион байгуулж, ерөнхий тохиролцоонд хүрсэн. Саяхан л гэхэд Монгол-Орос-Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах гурван улсын Хамтарсан ажлын хэсгийн уулзалт БНХАУ-ын Бээжин хотноо 2016 оны тавдугаар сарын 25-26-ны өдөр зохион байгуулж, хөтөлбөр болон төслүүдийн жагсаалтыг эцэслэн тохиролцлоо.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн уулзалтыг Узбекистан Улсын Ташкент хотноо 2016 оны зургадугаар сарын 23-24-ний өдөр болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулахаар тохиролцоод байна. Энэ уулзалтын үеэр Монгол Орос Хятадын хооронд байгуулах “Эдийн засгийн коридор”-ын хөтөлбөрт гарын үсэг зурахаар ажиллаж байна. Хөтөлбөрт гурван улсын нийгэм эдийн засгийн бүхий л салбарын хамтын ажиллагааны талаархи асуудлууд туссан талаар би дээр хэлсэн.
-Энэ төсөл хөтөлбөрийн хамгийн чухал зүйл заалт нь юу вэ?
-Тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудал гол байр суурь эзэлж байгаа. Үүний дотор гурван улсын нутаг дэвсгэрийг холбосон төмөр замын тээврийн төв, хойд, зүүн, зүүн өмнөд болон баруун чиглэлийн коридорыг байгуулж, харилцан уялдаатай хөгжүүлэх ажлын хүрээнд дараах төслүүдийг эцэслэн тохиролцсон. Тухайлбал, “Улаанбаатар төмөр зам”-ын хувь нийлүүлэгч нь Оросын тал. 2014 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад албан айлчлал хийх үеэр “Улаанбаатар төмөр зам”-ыг төвийн коридор болгон хөгжүүлэхээр тохиролцон гэрээ байгуулсан.
Гэрээний дагуу төвийн коридорыг үе шаттайгаар жилд 100 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай болгох зорилттой ажиллаж байна. Тэгвэл “Улаанбаатар төмөр зам”-ын коридор болох төмөр замын төв коридорыг, бүр тодруулбал, Улаан-Үд-Наушки-Сүхбаатар-Замын-Үүд-Эрээн-Жинин-Тяньжин далайн боомтыг цогцоор нь шинэчлэн хөгжүүлэх ажлын хүрээнд гурван улсын хамтын ажиллагааны хөтөлбөрт 30-аад жил яригдаж байсан Монгол Улсын төмөр замыг хос болгох, цахилгаанжуулах төслүүд хэрэгжихээр болсон.
Энэхүү ажлууд хийгдсэнээр транзит ачааны тээврийн хэмжээг нэмэгдүүлж, богино хугацаанд ачааг тээвэрлэх нөхцөл бүрдэнэ. Мөн төмөр замын хойд коридорыг байгуулъя гэж ярьж байна. Тодруулбал, Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Эрдэнэт-Салхит-Замын-Үүд-Эрээн-Бээжин-Тяньжин чиглэлээр төмөр зам байгуулахаар судлах, цаашилбал эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэхээр ярьж байна. Түүнчлэн төмөр замын баруун коридор Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Ховд-Өрөмч чиглэлийн төслийг ч судалж байна.
Төмөр замын зүүн коридорын тухайд Чита-Борзя-Соловьевск-Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт-Зүүнхатавч-Жиньжоу далайн боомт чиглэлийн төсөл дээр мөн ажиллаж эхэлсэн. Боломжтой гэж үзвэл хэрэгжүүлж эхлэх юм. Төмөр замын “Далайн эрэг-1” буюу Чойбалсан-Сүмбэр-Манжуур-Цицихар-Харбин-Владивосток коридор, Их түмэн санаачилгын хүрээнд хийгдэх тээврийн “Далайн эрэг-2 буюу Чита-Борзя-Соловьевск-Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Сүмбэр-Рашаан-Жининь-Зарубино далайн боомт гэсэн коридорыг ч судалж байна.
Үүн дээр нэмээд хэлэхэд, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайрч өнгөрөх Москва-Бээжин чиглэлийн өндөр хурдны төмөр замын шугамыг барих хэтийн төлөвийг судлах, транзит тээврийг нэмэгдүүлэх зорилготой гурван улсын төмөр замын тээвэр-логистикийн компанийг байгуулах талаар хамтарсан яриа хэлэлцээг явуулах, гурван улсын нутаг дэвсгэрийг дамнасан төмөр замын коридорыг хөгжүүлэх төслүүдийг бэлтгэх, тэдгээрийн урьдчилсан судалгааг хийх, эдийн засгийн үндэслэлийг тогтоох зорилгоор хөрөнгө оруулалт, зураг төслийн хамтарсан төвийг байгуулахаар тохиролцоод байна.
Б.Оюу
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Энэ нехер чинь юм олж харах чадваргуй, туслахууд нь гэж ЛОХ болсон юмуу даа. Юуч бутээх чадваргуй Та нарыг амныхаа хэмжээгээр хуцаж байх хооронд аль хэдэн жилийн емне Хятад-Казах-Азербайжан-Турк-ЕХ гээд темер, авто зам тавиад эхний туршилтыг хийчихсэн. Оросууд юу гэж Монголыг еерийн бизнес руу оруулах вэ дээ. Гадагшаа онгоцоор доншуучилж байхаар эхлээд Улаан-Ууд руу поездоор яв. Наушки-Улаан-Уудийн зам хос болж тавигдаагуй байхад Та нар хичнээн хуцаад нэмэргуй шуу дээ.
Нэг л том ярисан хүн.Энэ нөхөр зураг авахаас өөр ажил 4 жил хийсэнгүй.
Технологийн хөгжил мөнгөний хөгжил хоёрыг ялгахгүй худлаа шаах юм
Технологийн хөгжил мөнгөний хөгжил хоёрыг ялгахгүй худлаа шаах юм