sonin.mn

Олон галбын тэртээд оршиж байсан гэх Дивангар бурханы нэр монголчуудын ярианд "Маш эрт" гэдэг утгаар шилжсэн нь "аль дивангарт" юм. Энэ нь монголчууд "социализмын үед", "бариа тавианы үед", "зудны жил", "түймрийн жил" гэхчлэн цаг хугацааг онцгой содон үе, үйл явдлаар нэрлэж ярьж, ойлголцдог соёлын эртний нэг жишээ л дээ. 


Нэгэн бярман Дивангарт таван ширхэг лянхуа барьсанд ихэд хөхин “Чи ирээдүйд Шагжамуни нэрт бурхан болон Замбуутивд мэндэлнэ” хэмээснээр олон галбын дараа Бурхан багш мэндэлсэн гэх домогтой. Буддын шашинд лянхуа цэцгийг дээдлэн эрхэмлэдгийн нэг учиг нь энэ юм. Бас Дивангарын үе гэдэг Буддагийн үеэс хэр эрт вэ гэдэг баримжааг энэ домог илэрхийлдэг. Үүнийг орхиод өөр нэгэн түүх өгүүлье. 



XVIII зууны сүүлээр Засагт хан аймгийн Итгэмжит засгийн хошууны нутаг( Говь-Алтай аймгийн Цогт сум)-ын нутагт байгуулагдсан Төгрөгийн хийдийн гол шүтээн нь Дивангар бурхан байв. 



Тус хийдэд энэ бурхан анх хэрхэн ирсэн тухай домог бий. Одоогийн Цогт сумын төвд байгаа газар Доод голын аманд аргал түүж явсан эмгэний дэргэд ачаатай цагаан тэмээ хүрч ирээд явахгүй болохоор ачааг нь задалтал нэгэн бурхан, мөн хүрэл тогоо тулга байжээ. Тэдгээрийг улаан эсгийгээр ороож бүтээснийх нь наранд ил хэсэг гандан цайж, нар үзээгүй хэсэг улаанаараа байхыг үзвэл тэмээнд ачаастай удсан бололтой гэнэ.


Хошуу нутгаараа Дивангар бурхан манайд өөрөө залран ирэв хэмээн бэлгэшээж, хүрээ хийддээ аваачихаар болтол мэргэч төлгөч, увдис шидтэнүүд сүмийн газарт биш, харин эсгий гэрт залж шүтвэл зохимжтой гэж айлдсан тул хийдийн хойно шүтээний тусгай өргөө байгуулж залжээ. 


Цогт сум бол улсын баруун өмнөд хилийн сум, хорьдугаар зууны эхэн хагасын үймээнт цаг дор нааш цааш ихэд холхиж, хулгай дээрэм, аллага таллага нүүрлэсэн газар байсан гэдэг. 


Ардын хувьсгалын эсэргүү Хайдав, Товуужав нарын бүлэгт элссэн Довдон гэдэг хүн 1932 онд Төгрөгийн хүрээний Дивангар бурханыг хулуун авч урагшаа гаргахаар явж байгаад Захуйн голын Цагдуулын урд толгойд ардын цэрэгтэй тааралдан буудалцаж, 3 цэрэг хороогоод гадагш гарсан тухайгаа хожим баригдаад мэдүүлэг өгсөн байдаг. Тэгэхэд Дивангар бурханыг авч гарч чадсан эсэх талаар мэдүүлэгт тодорхой дурдаагүй ч үлдээсэн байх магадлалтай нь дараах үйл явдлаас харагдана.  



Төгрөгийн хийдийг 1937 онд тараахад Осор гэдэг лам гол шүтээн Дивангар бурхнаа тэмээнд ачин хил гарах гэж яваад тэмээгээ алдан өөрөө явганаар хил давжээ. 



Ийнхүү хоёр удаагийн оролдлогоор хил давуулах гээд чадаагүй Дивангар бурханыг нутгийн нэгэн эмэгтэй хадгалж байгаад 1990-ээд оны эхээр бурхан шашин сэргэх үед шинээр үүдээ нээсэн Төгрөгийн хийдэд өгч, гол шүтээн болгон залж байгаад хулгайд алдсан гэдэг. Нутгаас гараагүй байгаа, хэнд байгааг нь багцаалдаж байна гэцгээх нь ч бий.



Өмнө нь хоёронтоо хил давуулах гээд чадаагүй болохоор ямартаа ч харьд гаргаад зарчихаагүй байх гэсэн итгэл төрдөг. Дивангар бурхныг цаг нь болохоор энэ нутгийн гаралтай, туулай жилтэй эмэгтэй хүн амилуулна гэсэн аман яриа бас бий.



Нэгэн удган эмэгтэйд сахиус болж буух тэмдэг дохио өнгөрөгч бар жилээс нэлээд тодорхой илэрч, их л шахаж байгаа анзаарагдсан. Юу болж төгссөнийг мэдэхгүй. 


Төгрөгийн хийдийн сүүлчийн гэгээнтэн Содын Дашцэрэнг 1937 онд 12 настайд нь Өвөрмонгол руу дүрвүүлэн гаргасан байдаг. Дивангар бурханыг 1932, 1937 онуудад урагш авч гарах гэж хоёронтоо оролдсон нь энэ гэгээнтнийг дүрвүүлэх бэлтгэл ажилтай холбоотой байсан байж магадгүй гэж би дотроо боддог. Дашцэрэн гэгээнтэн урагшаа гарч Толь гүний хүрээ, улмаар Гүнбүмд очиж суужээ.


Тэрээр 1993, 1995 онуудад нутагтаа ирж, насны бөгсөнд бууриа эргэсэн гэх юм билээ. Бууриа тууриа ч эргэсэн байх, хийдийнхээ гол шүтээн байсан Дивангар бурханаа ч эргэсэн байх. 


Энэ мэтээр бичээд байвал сонин хачин зүйл их л байна.



Урианхан Б.ГАЛААРИД 

2025.09.03.