sonin.mn

Өнөөдөр БНХАУ-ын Бээжин хотноо Япон Дэлхийн II дайнд бууж өгсний 80 жилийн ойд зориулсан цэргийн парад боллоо. Энэ арга хэмжээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Владимир Путин, Ким Жон Ун нартай хамт ил гарч, Орос, Хойд Солонгостой хамт байгаагаа харуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг татав.

Парад дээр БНХАУ цэргийн шинэ үеийн дэвшилтэт зэвсэглэлээ — гипер хурдны пуужин, дрон, кибер нэгжүүд, пуужингийн эсрэг хамгаалалт зэргийг үзүүлсэн нь АНУ болон холбоотнуудад хүчтэй мессеж илгээсэн үйл явдал болсон.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү парадтай холбоотойгоор өөрийн сошиал сүлжээнд:
“АНУ-ын эсрэг хуйвалдаж байгаа Ши, Путин, Ким нарт халуун мэндийг минь дамжуулаарай” гэж жиргэжээ.


Тэрээр Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр:


“Би үүнийг (парадыг) АНУ-д сорилт гэж огт үзэхгүй байна” гэж мэдэгджээ.


Мөн “Хятадад бид илүү хэрэгтэй. Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй миний харилцаа сайн байгаа ч үнэндээ тэд биднээс илүү их хамааралтай” гэж онцолсон байна.

Трамп бас АНУ-ын Дэлхийн II дайнд Хятадыг чөлөөлөхөд үзүүлсэн хувь нэмрийг сануулж:

“АНУ Хятадад асар их тус хүргэсэн. Тэр золиос, тэр дэмжлэгийг тэд хүлээн зөвшөөрнө гэж найдаж байна” гэжээ.


М.Чойжал