АРДЫН ЖУРАМТ ЦЭРГИЙН АЛДАРТ ЖАНЖИН ХАСБААТАР
1921 оны үед цагаантны дээрэмчдийг бут ниргэж Ардын хувьсгалын ялалтыг баруун нутагт гарамгай зохион байгуулсан төр, цэргийн цөөн зүтгэлтнүүдийн жагсаалтад Ц.Хасбаатарын нэр, баатарлаг гавьяа зүй ёсоор багтдаг. Толбо нуурын тулалдаан буюу тус улсын тусгаар тогтнолын түүхэнд мөнхөрсөн 42 хоногийн бүслэлтийн тухай дурдатгал, түүх, шинжилгээ судалгааны бүтээлүүдэд энэ эрхэм алдар нэр ямагт дурдагдсаар иржээ. Гэтэл ер орчим жил өнгөрөхөд партизаны чөлөөлөх отрядын захирагч, эх орныхоо атга шорооны төлөө алтан амиа зориулсан тэр баатар эрийг зарим нэгэн мэдэмхийрэгчид үнэн учир байдлыг нягтлан судлаагүй буюу дутуу дулимаг судалсны харгайгаар дээр дурдсан бүслэлтээс оргон гарсан урвагч мэтээр харуулдаг болсон нь түүхэн үнэнг гуйвуулж, эрхэм нэрийг сэвтээх оролдлого болж байна.
Ц.Хасбаатар 1921 онд 37 настай, Ордос нутгийн хүн байжээ. 1911 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцож, 1913 онд Хятадын цэргийн эсрэг байлдаанд манлай баатар Дамдинсүрэнгийн ангид багтан орж гавьяа байгуулж нэр нь тодорчээ. Түүнийг ядуувтар амьдралтай ардын эмч лам, сайн морь, буу хоёрт дуртай ханхар цээжтэй, хатан зоригтой хүн байсан гэж ярьдаг. Их жанжин Д.Сүхбаатартай 1921 онд цэрэг эрсийг элсүүлж явах үеэр нь анх нүүр учирч, ардын журамт цэрэгт дуртайяа элсчээ. Тэгээд ч Сүхбаатараас: "Хасбаатарт ойр орчмын итгэлтэй хүмүүсийг элсүүлэн, буу зэвсэгтэй хүмүүст эл учраа сэмээр сайтар ухуулан хэлж хуралдуулан энэ хэрэгт үнэн санаа няцалтгүй зүтгэх нөхөд олныг олж ирэхийг даалган явуулжээ. Хасбаатар даалгаврыг сайн биелүүлж, Ардын журамт цэрэгт элссэндээ баярлан, Манай Хүдэр харуулд Ардын намын төлөөлөгч Сүхбаатар биеэрээ очиж бидний хэдэн хүнийг цэрэгт элсүүлэхээр ухуулан хэлсэнд бид 19 хүн цөөн тооны буу олж уналга морьдыг бэлтгэн засацгааж түүний хэлсэн есоор энэ Хяраа харуул дээр ирээд байна гэж бахархан ярьж байжээ". (МАХН-ын түүхэнд холбогдол бүхий зүйлүүд.1928 он,8-р тал).
Түүний дараахан тэр Бургаастын тулаанд оролцон анхныхаа ялалтыг байгуулжээ. Улмаар цэргийн анхны дөрвөн хорооны нэгийг захирч Хиагтыг чөлөөлөх тулалдаанд оролцон гарамгай сайн байлдсан тухай хувьсгалын түүхэнд тэмдэглэсэн байна. 1921 онд Ардын түр засгийн газар байгуулагдахад төлөөлөгчөөр оролцон Засгийн газрын гишүүн болсон байна. Ингээд ард иргэдийг зэвсэгт тэмцэлд уриалан дуудах, цэргээ байлдааны урлагт сургах үүргийг нарийн чанд гүйцэтгэж байв. Энэ үед баруун нутгаар цагааны дээрэмчид олноор нэвтэрч, улс орны байдал улам хурцдаж, Кайгародов, Казанцевын ангиуд Ховдод төвлөрөн, Бакичийн үлэмж тооны цэрэг Шинжианыг дайран түйвээгээд наашаа эргэн Ирмэгтийн даваагаар давж ирээд тэдэнтэй нийлж, Унгернд хүч нэмэгдүүлэхээр завдаж байв. Иймд тэдний хоорондын холбоог таслах, баруун нутгийг чөлөөлөн аврах зорилгоор баруун хязгаарын цэргийг захирах Жанжин яам байгуулсан байв. Хувьсгалын энэ их хэргийн бүрэн эрхт төлөөлөгчөөр Хасбаатарыг, комиссараар нэрт нам төрийн зүтгэлтэн Ц.Дамбадорж, улаан цэргийн дарга Полянский нарын хүмүүсийг томилон Сүхбаатар, Чойбалсан нар хүндэтгэлтэйгээр үдэн мордуулжээ. Тэд тус бүр гурван морь хөлөглөсөн гурван тэргэнд сууцгааж ОХУ-ын Тройцк хот, Кошагач районаар дамжин коминтерний төлөөлөгч хэлмэрч Нацов нартай уулзан чөлөөлөх тэмцлээ хэрхэн хийхээ зөвлөлдөн тохиролцоод баруун нутагт ирж зорьсон хэргээ шуурхайлан хийж эхэлжээ. Нутгийн дөрвөд, казах, урианхай ноёдтой уулзан хэлэлцээд богино хугацаанд хэдэн зуун цэрэг элсүүлээд цагаантны оргодлуудыг хэсэг хэсгээр нь бут ниргэж эхэлсэн тухай түүхэн баримт бичгүүд, Ц.Дамбадоржийн "Толбо нуур" түүхэн баримтат тууж, К.К.Байкаловын дурдатгалын бүтээлүүдэд тодорхой бичигдсэн байдаг.
Баян-Өлгий аймгийн болон Бугат сумын төвөөс холгүй, арав орчим км зайтай Ховд болон Хатуугийн голын эрэг орчим "Хасбаатарын хар толгой" гэдэг газар байдаг. Богд хаант засгийн үед тэнд баруун хязгаарыг хамгаалдаг цэргийн төв байрлаж байснаар өмнө нь "Цэргийн хар толгой" гэж нэрлэгдэж байсан гэдэг. Хасбаатар нар тэнд хүрэлцэн ирж төвлөрөөд Монголын баруун хязгаар дахь намын хороо, хязгаарын цэргийн жанжин штаб байгуулан, Баруун Монголын хувьсгалын төв штабын гал голомтыг бий болгооод Хиагт дахь нам засгийн төвтэй эндээс холбоо барин харилцаж байжээ. Ингээд Ардын журамт цэргийн отряд Ховд хотод төвлөрсөн цагаантны бүлэглэлүүдтэй Улаангом, Улаан байшинт, Ховд, Улиастай хоорондын удам нутагт олон дахин тулалдсаар Толбын Бураат дахь Саруул гүний хүрээнд хүрээд очиход тэр хошууны ноён Гомбожавтай хамсан генерал Бакичийн хүрч ирэхийг хүлээн хүнсээ базааж хүч хуралдуулж байсан цагаантны хэд дахин давуу хүчний бүслэлтэд орж уг бүслэлт 43 хоног үргэлжилсэн Толбо нуурын тулалдаан хэмээх үйл явдлын үнэн түүх байдаг. Энэ бүслэлтэд орсон Хасбаатар, Байкалов нарын отряд дайсантай үе үе буудалцан үхэж, шархтаж, өлсөж цангаж намрын хүйтэнд дайрагдан аргаа барсан дөч хоногийг өнгөрөөхөд сая л юутай ч гэсэн энд өлбөрч үхэхээс бүслэлтийг сэтэлж амь аврах юм уу буудалцсаар үхэх нь дээр юм байна гэсэн шийдэлд сая хүрч морилохоор зориг шулуудсан үеэр Кошагачийн зүгээс улаан армийн Исаков нараар командалсан ангиуд ялгуулсан тугаа намируулсаар хүрэлцэн ирж цагаантнуудыг түрэн гаргаж оргодлуудыг хяр цохисон байдаг.
Дэлхийн хоёрдугаар дайнд улаан армийг ялалтад хүргэсэн гэж Сталиныг түүхчдийн ихэнх хэсэг өндөр үнэлдэг хэрнээ байлдааны ажиллагааг буруу удирдсанаар хэт сунжруулж үй олон хүний амь насыг хорогдуулсан гэж шүүмжилдэг нь ч цөөнгүй. Үүнтэй нэгэн адил бүслэлтэд ормогц хэдхэн хоногийн дараа цаг үеийн байдал, дайсны арав дахин давуу хүчний байдлыг бүрэн сайн мэдэж,, энэ бүслэлт дунд бид буудалцсаар байж дээрэмчдийг дийлэхгүй тул хүч нийлүүлэн бүслэлтийг сэтэлж гарцгаая гэсэн Хасбаатарын саналыг Байкалов, Дамбадорж нар хүлээн зөвшөөрсөнгүй, өөрөөр хэлбэл энэ отрядын гол удирдагч, баруун нутгийн бүх цэргийн командлагч Хасбаатарын тушаалыг биелүүлээгүй. Энэ бол түүний зөв шийдэл, харин дээд тушаалын даргынхаа байлдааны үүргийг биелүүлээгүй цэргийн дүрэм зөрчиж, давшилт хийх тэнхээгүй атлаа зөвхөн хамгаалалт хийж үлдсэн нөхдийнх нь буруу гэсэн дүгнэлт хийвэл үнэнд нийцэх талтай. Байкалов бол хэргэм зэргийн хувьд түүнтэй адилхан байлаа ч тэр бол гадны хүн учир Монгол нутагт ирээд асуудлын үндсэн голыг шийдэх нь зүйд нийцэхгүй бөгөөд энэ асуудал дээр Хасбаатарын санал гарцаагүй зөв байсныг болсон үйл явдлын өрнөл баталсан мэт харагддаг. Өөрөөр хэлбэл бүслэлтийг сэтэлж гарах нь зөв юм байна гэдгийг Хасбаатараас гучин хэдэн хоног хожуу ойлгож шийдээд одоо л зугтан гарч амиа аврахаар завдахад хойноос нэмэлт хүч ороод ирсэн. Ингээд Хасбаатар хэсэг цэргийг шөнө дагуулан морилж бүслэлтийг сэтэлж гарах үеэр хажуугийн нөхдийн ихэнх нь буудалцсаар суманд өртөж зоригт жанжин өөрөө хүнд шархдаад дал орчим км зам туулж "Цэргийн хар толгой" дахь төв байрандаа ирлээ ч төв эзгүй байжээ.
"Хасбаатар нэг майхан шиг оромжинд байрлаж гуяныхаа хүнд шархаа өөрөө эмчлээд ч тус болсонгүй өвчин нь улам хүндэрсээр хэвтэрт орсон. Хүүхдүүд бид түүнд хоол унд хүргэж өгч тусалдаг байлаа. Удсан ч үгүй өвлийн эхээр нэг өдөр тэр хүн нас барсан байлаа" гэж энэ нутгийн уугуул С.Шошай гэдэг өвгөн хуучилдаг билээ. 1937-1938 онд Алтай хааны хошууны бага сургууль (одоогийн Өлгийд байрлаж байсан)-д багшилж байсан Ховд аймгийн харьяат Цэрэндаш гар бичмэл дурдатгалдаа бичихдээ: "Би Алтай хааны бага сургуульд Мишиг, Ломбодорж бид гурав багшаар ажиллаж байлаа. Биднийг партизан Ш.Тэвэгт гуай(Улсын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцож үг хэлсэн) дагуулан Ховд голын доод цагаан гатлагаар уснаас мориор гарч голын цаад талд Их буланд байсан булшнаас Хасбаатарын толгойн яс олж бидэнд үзүүлж, түүний нас барсан газрыг бидэнд зааж өгч байлаа" гэж өгүүлсэн байдаг.
Толбо нуурын тулалдаанд ялалт байгуулж баруун нутгийг чөлөөлсөн Монгол,Орос хоёр ард түмний дайчин эрсийн баатарлаг гавьяа, бат найрамдлын бэлгэ тэмдэг болгож 1957 онд Өлгий хотын төв талбайд, 1980-аад онд Толбо сумын төвд томоохон дурсгалын хөшөө босгожээ. 1960-аад оны дунд үеэр залуучуудын байгууллагаас санаачлан өрнүүлсэн эх оронч дайчин уламжлалын мөрөөр аялал зохиох, хувьсгалт түүхэн газруудыг тодруулан тогтоох ажлын хүрээнд Ховд голын эрэг дээрх "Хар толгой"-н өндөрлөгт тэдний хүчээр Хасбаатарын түүхэн дурсгалд зориулан түүхий туйпуугаар хүүхэлдэй маягийн үзэмж тааруу бунхан босгосон нь одоо болтол байж л байдаг.
Эл дашрамд хэлэхэд, энэ газар шороо, ард түмний төлөө онцын гавьяа байгуулаагүй Ленин багшаас эхлээд аль овсгоотой нэгний эцэг дээдэс цөөнгүй хүмүүсийн дурсгалын хөшөө Өлгий сумын хүндэтгэлтэй талбай дээр ар араасаа босч бурханчлагдахад ихээхэн хөрөнгө мөнгө цацагдсаар байна. Бараг гудамж болгоныг хүмүүсийн алдраар нэрлээд байхад тэр их хүнийг нутгийн иргэд өөрсдөө санаачлан Хасбаатарын нэрийг оноосон нүцгэн хар хаднаас ондоо нэрэмжит зүйл гэж нэг ч алга. Баруун Монголыг дайсны савраас аврах гол үүргийг биелүүлсээр явж амь насаа алдан эх орныхоо зүүн хязгаараас баруун хязгаарт ирж мөнх нойрссон Хасбаатарын булшин дээр тавь орчим жилийн турш нэг удаа боловч атга цэцэг өргөөгүй нь хэний буруу юм бол доо? Аль эсвэл түүнийг анх өвөрлөгч орноос орж ирсэн лам хүн байсан хэмээн ялгварлан гадуурхдаг хуучин сэтгэлгээ арилаагүй байгаагийн илрэл үү? Хэнбугай ч бай үүсэл гарвал, үзэл бодлоороо бус хийж бүтээсэн ажил үйлс, байгуулсан гавьяагаараа шударгаар үнэлэгдэх учиртай. Тэгвэл үндэсний үнэт баялгийн дээд нь болох улс орны тусгаар тогтнолыг хамгаалан ард түмнийг дарлал мөлжлөг, эзэрхийллээс чөлөөлөхөөс илүү эрхэм ямар гавьяа байх билээ?! Энэ нутагт байрлаж буй дөрвөн том цэргийн ангийн аль нэгийг түүний нэрэмжит болгох юм биш үү? Тэгвэл буянтай л үйлс болох сон.
Ш.Айбек
Эх сурвалж: "Монцамэ"
Сэтгэгдэл0
сайн байна уу? надтай холбогдоно уу? Минмй фэйсбүүк хаяг Tamir Bold
Би удмынх нь үргэлжлэл