sonin.mn
ОХУ-ын Сочи хотноо “Дэлхийн цом 2021” долдугаар сарын 10-наас наймдугаар сарын 8-ны хооронд болсон. Зөвхөн өндөр зэрэглэлийн шатарчид оролцдог дэлхийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчдын нэг их мастер Д.Батсүрэнтэй ярилцлаа.
 
-Чансаа өндөр тэмцээнд оролцох эрхийг хэрхэн өвөртлөв. Мөн тэмцээнийхээ талаар ярихгүй юу?
 
-Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “Дэлхийн цом-2021” тэмцээнд дэлхийн 100 гаруй орны шилдэг шатарчид оролцсон. Дэлхийн шилдэг 39 улсын шатрын холбоодод эрэгтэй, эмэгтэй нэг шатарчин нэр дэвшүүлэх эрхийн дагуу Монголын шатрын холбооноос сонгон шалгаруулж эрэгтэй ангилалд нь шалгарсан. Миний хувьд 1997 онд их мастерын болзол хангаж, “гадаад стандарт” чансаагаараа 82 оноогоор илүү өрсөлдөгчтэй таарч ялагдал хүлээсэн. 
 
-COVID-ийн үед бэлтгэлээ хэрхэн базаав. Нүүдлээ яаж төлөвлөж, тоглолтоо үргэлжлүүлэв?
 
-Коронавирусаас шалтгаалж бэлтгэлээ санасандаа тултал хийж чадаагүй. Тактикийн хувьд өрсөлдөгчөө сайн судалсан. Гэвч ширээний наана цаана гарсан тохиолдолд өөр. Ямар ч үед  тактикаа хэрэгжүүлэх нь чухал боловч  нүүдлээс шалтгаалдаг.  Тиймээс зөвхөн нүүдлээ л бодох хэрэгтэй.
 
Эхний даваан дээрээ хар талыг авч тоглосон. Энэ бол шатрын спортод маш чухал зүйлийн нэг байдаг. Тактикийн цохилтууд давамгайлсан өрөгт ноёноо сэлгэлгүйгээр өрсөлдөгчөөс давуу байрлал олж авсан ч байрлалаа сайжруулж чадалгүй сүүлийн мөчид хожигдол хүлээсэн. Дараагийн стандарт өрөгт заавал хожих хүндхэн даалгавартай нүүр тулж, улмаар цагаан талаас айлын хүлээж авсан бэрсний гамбит гарааны эсрэг бэрсээ сольсон ч хөнгөн боднуудаар тоглолт үүсгэж болохуйц хувилбарт алдаа гаргаж стратегийн хүнд өрөгт тэсэж үлдэн тухайн өргөө тэнцээгээр өндөрлүүлснээр үндсэн дүнгээр 1.5:0.5 онооны харьцаатай ялагдал хүлээсэн.
Энэ жил өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцогчдын тоог нэмэгдүүлж шагналын санг 50 хувиар өсгөсөн. Өмнө нь 1-2  шатарчин эрхээ авдаг байсан бол дэлхийн цом тэмцээний дэргэд “Анхдугаар эмэгтэйчүүдийн дэлхийн цом-2021”-ийг зохион байгуулж, хувцаслалтын өндөр дэг журмыг мөрдөж буйгаараа онцлогтой байлаа.
 
-Таны хамгийн том зорилгыг сонирхоё?
 
-Шатрын спортод тооцоолол маш чухал. Тиймээс математик, шатар уялдаа холбоотой гэж боддог. Шатрын спортоор хичээллэхдээ цолтой болох юмсан гэсэн зорилго тавьсан. Энэ зорилгодоо хүрсэн. Удалгүй хамгийн том цол болох их мастерын зорилгын төлөө хичээллэсэн. Түүндээ ч хүрч чадсан. Бас олон улсын чансаа маань 2500 хүрсэнд баяртай байгаа. Одоогийн зорилго гэвэл олон улсын чансаагаа 2700-д буюу элит түвшинд хүргэхийг зорьж байна.
 
 
Д.Дарамбазар
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин