sonin.mn

БНХАУ-ын Ардын Банк гурван үндсэн чиглэлд 10 арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өнөөдөр болсон Хятадын Төрийн Зөвлөлийн Мэдээллийн албаны хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Ардын банк, Улсын санхүүгийн хяналт удирдлагын ерөнхий газар, Хятадын үнэт цаасны хяналт зохицуулалтын хорооны дарга нар "зах зээл, хүлээлтийг тогтворжуулах санхүүгийн багц бодлого"-ын холбогдох байдлыг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

Энэ үеэр БНХАУ-ын Ардын Банк эдийн засгийг идэвхжүүлэх зорилгоор гурван үндсэн чиглэлд нийт 10 төрлийн бодлогын арга хэмжээ авч буйгаа мэдэгдлээ:


1. Тооцоо ба хэмжээг тохируулах бодлого (Quantity-type policy)


Бэлэн мөнгөний хангалттай байдалд анхаарна. Банкны нөөцийн шаардлагыг 0.5 нэгж хувиар бууруулж, зах зээлд 1 их наяд юанийн урт хугацааны хөрвөх чадвар бүхий санхүүжилт нийлүүлнэ.


Автомашины санхүүжилт, банк санхүүгийн түрээсийн компаниудын нөөцийн шаардлагыг түр хугацаанд 5%-аас 0% болтол бууруулна.


2. Үнэ ханшид нөлөөлөх бодлого (Price-type policy)


Бодлогын хүүг 0.1 нэгж хувиар бууруулж, 7 хоногийн хугацаатай нээлттэй зах зээлийн арилжааны хүүг 1.5%-аас 1.4% болгож бууруулна. Энэ нь зээлийн жишиг хүү (LPR)-г дагаж буурахад нөлөөлнө.


Бүтцийн чанартай зээлжүүлэлтийн хүүг 0.25 нэгж хувиар бууруулж, бага хэмжээний хөдөө аж ахуйн зээлд дэмжлэг үзүүлэх нөхцөлийг сайжруулна.


Мөн ипотекийн зээлийн (5-аас дээш жилийн) хүү 2.85%-аас 2.6% болж буурна.


3. Бүтцийн бодлого (Structural policy)


Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн шинэчлэлд зориулсан дахин зээлийн хэмжээ 500 тэрбум юаниас 800 тэрбум юань болж нэмэгдэнэ.

Үйлчилгээний хэрэглээ болон өндөр настны халамжийн салбарт зориулсан 500 тэрбум юанийн шинэ дахин зээлийн хөтөлбөр эхлүүлнэ.

Жижиг дунд бизнес, хөдөө аж ахуйд зориулсан дахин зээлийн хэмжээ 300 тэрбум юаниар нэмэгдэнэ.

Хөрөнгийн зах зээлийг дэмжих хоёр бодлогын хэрэгслийг нэгтгэж, нийт 800 тэрбум юанийн дэмжлэг үзүүлнэ.

Шинжлэх ухааны инновацын бондын эрсдэл хуваах хэрэгсэл шинээр бий болгож, төв банк хямд өртөгтэй дахин санхүүжилтээр дэмжлэг үзүүлнэ. Энэхүү хэрэгсэл нь орон нутгийн засаг захиргаа болон зах зээлийн батлан даалтын байгууллагуудтай хамтран ажиллах бөгөөд өндөр эрсдэлтэй, урт хугацааны шинжлэх ухааны бонд гаргах орчныг бүрдүүлнэ.