
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 23 /BBC/. АНУ-ын хамгийн том худалдааны түншүүдийн нэг болох Япон улстай худалдааны “томоохон” гэрээ байгуулахаар тохиролцлоо гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Гэрээний Японы тал АНУ-д 550 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 15 хувийн татвар төлнө гэж Д.Трамп олон нийтийн сүлжээндээ бичсэн байна. Мөн Япон улс авто машин, ачааны авто машин, цагаан будаа, хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүн зэрэг АНУ-ын бараа бүтээгдэхүүнд зах зээлээ нээнэ гэдгийг тэрбээр нэмж хэлжээ.
Харин Японы тал одоогоор уг хэлэлцээр болон Д.Трампын мэдээллүүдийг хараахан батлаагүй байна. ВВС телевиз энэ талаар тодруулахаар Вашингтон дахь Японы Элчин сайдын яаманд ханджээ.
Мягмар гаргийн орой Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр Д.Трамп хэлэхдээ, би саяхан түүхэн дэх хамгийн том худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа, энэ бол Японтой байгуулсан түүхэн дэх хамгийн том хэлэлцээр байж магадгүй гэсэн байна. “Тэд хамгийн шилдэг хүмүүсээ нааш нь илгээсэн бөгөөд бид үүн дээр удаан, шаргуу ажилласан. Энэ бол маш сайн тохиролцоо. Аливаа тохиролцоо нь бүх хүний хувьд гайхалтай байх ёстой гэж би үргэлж хэлдэг. Энэ бол гайхалтай тохиролцоо” хэмээн тэрбээр нэмж хэлжээ.
Д.Трамп мөн Европын Холбоотой хийх худалдааны хэлэлцээрийг лхагва гарагт зарлаж, ойрын хугацаанд илүү олон хэлэлцээрийг байгуулах болно гэж мэдэгджээ. Тэрбээр энэ сард Японы талд илгээсэн захидалдаа хэрэв наймдугаар сарын 1-нээс өмнө худалдааны шинэ хэлэлцээр байгуулахгүй бол тус улсаас АНУ руу экспортлох бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулна гэсэн байна. Энэ нь дөрөвдүгээр сарын 2-нд зарласан 24 хувийн татвараас нэг хувиар илүү байв.
Дэлхий даяарх АНУ-ын худалдааны түншүүдэд ногдуулах татварын талаарх шийдвэрийг дөрөвдүгээр сард танилцуулсныхаа дараа Д.Трамп шийдвэр хэрэгжиж эхлэх хугацааг 90 хоногоор хойшлуулсан юм. Энэ нь Вашингтоны түншүүдтэйгээ хэлэлцээр хийх боломжийг Японы талд олгосон билээ.
Японд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон сонгуулиар Либерал ардчилсан нам /ЛАН/ тус улсын парламентын дээд танхимд олонх болж чадаагүй тул Ерөнхий сайд Ишиба Шигэрү албан тушаалаасаа огцрох шахалтад өртөөд буй энэ үед дээрх тохиролцоонд хүрчээ. ЛАН өнгөрсөн онд Японы парламентын доод танхимд олонхын байр сууриа алдсан билээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Монголыг ямар байдлаар дэглэх бол?