sonin.mn

АСТАНА, 2025 оны долоодугаар сарын 23 /Kazinform/. Тувалу улсын 5000 гаруй иргэн уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврын улмаас Австралид шилжин сууьших онцгой визийн хүсэлтийг гаргаад байгаа тухай "Live Science" сэтгүүлд бичжээ. Визийн хүсэлтийг зургаадугаар сарын 16-наас энэ сарын 18-ны хооронд хүлээн авсан байна.


Энэхүү хөтөлбөрийн дагуу 2025 оноос эхлэн Тувалугийн 280 иргэн жил бүр сугалааны зарчмаар Австралид шилжин суурьших боломжтой болох ажээ. Визийн хүсэлтийг хүлээж авч эхэлснээс хойших эхний 4 хоногт л гэхэд уг хөтөлбөрт оролцохоор 3 125 хүн бүртгүүлсэн нь тус улсын нийт 11 000 хүн амын гуравны нэг орчимтой тэнцэх тоо юм. "Nikkei Asia" сонинд бичсэнээр, долоодугаар сарын 11 гэхэд хүсэлт гаргасан хүмүүсийн тоо 5 157-д хүрсэн байна.



"Энэ бол уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар улам бүр ноцтой болж буй энэ үед хүмүүс шилжин суурьших боломжоор хангагдах дэлхий дээрх анхны гэрээ юм" хэмээн Австралийн засгийн газрын төлөөлөгчид "New Scientist" сэтгүүлд мэдэгджээ.



Тувалу бол Номхон далайн өмнөд хэсэгт Австрали ба Хавайн арлуудын дунд оршдог улс юм. Тус улсын хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс ердөө 4.5 метр бөгөөд газар нутаг нь дунджаар 2 метрийн өндөрт оршдог тул далайн түвшин нэмэгдэх, үер, далайн шуурга зэрэг гамшигт нэрвэгдэх магадлал маш өндөр. 2023 онд Тувалугийн эргэн тойрон дахь далайн түвшин 30 жилийн өмнөхөөс 15 см-ээр нэмэгдсэн нь судалгаагаар тогтоогджээ. Мөн 2050 он гэхэд тус улсын газар нутгийн ихэнх хэсэг болон чухал дэд бүтцүүд усанд автах төлөвтэй байна.


Дээр дурдсан визийн шинэ хөтөлбөрийг "Австрали, Тувалугийн хооронд байгуулсан Фалепили холбооны гэрээ” (Australia–Tuvalu Falepili Union treaty) гэж нэрлэжээ. Энэ бол улсын хэмжээнд урьдчилан төлөвлөсөн анхны шилжин суурьших хөтөлбөр бөгөөд Тувалугийн иргэдэд Австралид амьдрах, суралцах, ажиллах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах эрхийг австраличуудтай адил тэгш олгож буйгаараа онцлог. Мөн виз авсан иргэд хүссэн үедээ нутаг буцаж боломжтой.

Энэ жилийн сугалааг долоодугаар сарын эцсээр зарлах төлөвтэй бөгөөд анхны шилжин суурьшигчид 2025 оны сүүлчээр Австралид очно.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг