
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 23 /DW/. Колумбийн их сургуулийн захиргаанаас тавдугаар сарын эхээр сургуулийн төв номын сангийн барилгын тодорхой хэсгийг эзлэн авсан, мөн 2024 оны хавар оюутны хотхонд болсон Палестиныг дэмжсэн жагсаалд оролцсон оюутнуудын сурах эрхийг хязгаарлаж, сургуулиас хөөжээ. Даваа гарагт 80 орчим оюутанд шийтгэл оногдуулсан тухай тус сургуулийн оюутны холбооноос мэдээлсэн байна. Зарим оюутанд туршилтын хугацаа олгосон бол заримыг нь нэгээс гурван жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, заримынх нь эрдмийн зэргийг хүчингүй болгож, сургуулиас хөөх хүртэл арга хэмжээ авчээ.
Эсэргүүцлийн дараа дүрэм зөрчсөн эсэхийг сургуулийн зүгээс шалгаж эхэлсэн бөгөөд жагсаалд оролцогчдыг хотхоноос гаргахыг хориглож, түр хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Мөн оюутнуудыг тус тусад нь шалгаж, байр сууриа илэрхийлэх боломж олгожээ. Ийнхүү олон долоо хоног үргэлжилсэн хяналт шалгалтын дүнд мягмар гарагт эцсийн шийдвэрийг гаргажээ.
Газын зурвас дахь дайны эсрэг өнгөрсөн онд их сургуулиудын хотхонд өрнөсөн жагсаалын гол төв нь Колумбийн их сургууль байсан юм. Трампын засаг захиргааны зүгээс нэр хүндтэй их сургуулиуд болон холбогдох хүмүүсийг антисемитизмтэй тэмцэж чадаагүй хэмээн буруутгаж хүчтэй шахалт үзүүлж байна. Мөн тус их сургуулийн холбооны санхүүжилтийг 400 сая ам.доллароор танажээ. Улмаар Колумбийн их сургуулийн захиргаа холбооны санхүүжилтийг эргүүлэн авахын тулд хэд хэдэн бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Үүнд оюутнуудын сахилга баттай холбоотой дүрэм журмыг шинэчлэх, антисемитизм буюу еврейчүүдийг үзэн ядах үзлийн талаарх шинэ тодорхойлолтыг батлах зэрэг багтжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
ZUV PALESTIN ARAVUUDIIG HUUJ GARGAH HTEI