sonin.mn

Есдүгээр сард Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганы үеэр манай улс Палестин улсыг хүлээн зөвшөөрнө гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдлээ.

“Ойрх Дорнодод шударга, бат бөх энх тайвныг тогтоох түүхэн үүрэгтээ үнэнч байгаагийн хувьд миний бие Палестин улсыг Франц улс хүлээн зөвшөөрөх шийдвэрийг гаргалаа” гэж Францын төрийн тэргүүн Х нийгмийн сүлжээн дэх хуудсандаа бичээд, Палестины өөртөө засах засаг захиргааны тэргүүн Махмуд Аббаст илгээх захидлаа хавсаргажээ.




“Нэн даруй гал зогсоож, барьцаанд байгаа бүх хүнийг суллаж, Газын зурвасын иргэдэд өргөн хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай, мөн ХАМАС-ыг цэрэггүйжүүлж, Газад аюулгүй байдлыг хангаж, сэргээн босгох хэрэгтэй” хэмээн Макрон бичсэн байна.




Палестины албаны хүмүүс Макроны шийдвэрт баяр хүргэсэн бол Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху мэдэгдэхдээ “энэ бол террор үйлдсэний нь төлөөх шагнал” гэжээ. “Палестинчууд Израилтай хөрш зэргэлдээ улс байгуулахыг хүсэхгүй байна, тэд Израилын оронд улс байгуулахыг эрмэлзэж байна” гэж Нетаньяхугийн мэдэгдэлд дурдсан байна.  




Одоогийн байдлаар, НҮБ-ын гишүүн 193 улсаас 140 гаруй нь Палестин улсыг хүлээн зөвшөөрөөд байгаагийн дотор ОХУ, БНХАУ болон Польш, Испани зэрэг Европын Холбооны гишүүн хэд хэдэн улс байна.

Харин АНУ, Их Британи хоёр хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. 


Б.Адъяахүү