sonin.mn

Увс аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхланд Ардын жүжигчин цол хүртээлээ. Энэхүү хүндэт цол нь зөвхөн уран бүтээлчийн олон жилийн хөдөлмөрийг үнэлсэн төдийгүй ард түмний олон жилийн хүлээлт, үнэлэмжийн илэрхийлэл болж байна.


С.Жавхлан нь сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд зөвхөн Монголын төдийгүй Хамаг Монголын ард түмэнд үндэсний язгуур урлаг, эх оронч сэтгэлгээ, монгол ахуйг тээсэн дуугаараа хүрч, шинэ үеийн Монгол дуучдын дундаас маш онцгой байр суурийг эзэлсээр ирсэн. Түүний бүтээлүүд зөвхөн хөгжим, аялгуу төдийгүй Монгол хүний үнэт зүйл, соёлын өв, уран сайхны өвөрмөц өнгийг хадгалдаг.



Ард түмэн түүний олон дууг хамтдаа дуулж, уран бүтээлийг нь өөрийн амьдралын нэг хэсэг мэт хүлээн авдаг.



Ардын жүжигчин цол хүртсэн нь С.Жавхлангийн уран бүтээлийн үнэ цэнийг төрийн түвшинд баталгаажуулж, залуу уран бүтээлчдэд үндэсний соёлоо эрхэмлэж, түгээн дэлгэрүүлэх урам зориг өгсөн чухал үйл явдал болж байна.

Энэ бол зөвхөн нэг дуучны шагнал биш, харин түүний уран бүтээлийг үнэлж, хайрлаж ирсэн ард түмний ч хүлээсэн шагнал гэдэгтэй олон хүн санал нийлэх нь гарцаагүй.



Н.Отгончимэг