sonin.mn

КУАЛА-ЛУМПУР, 2025 оны долоодугаар сарын 29 /DW/. Тайланд, Камбожийн талууд нөхцөл болзолгүйгээр гал зогсоох тохиролцоонд хүрлээ гэж Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим даваа гарагт мэдэгдлээ. Малайзад зуучлан зохион байгуулсан хэлэлцээний дараа тэрбээр хэлэхдээ, Камбож, Тайланд хоёр нэгдсэн шийдвэрт хүрсэн, нэн даруй, нөхцөл болзолгүйгээр гал зогсоох тохиролцоо өнөө орой буюу долоодугаар сарын 28-ны шөнө дундаас хэрэгжиж эхэлнэ гэв.


Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд талуудын хооронд үргэлжилсэн мөргөлдөөний улмаас 35 хүн амиа алдаж, 200 мянга орчим хүн дүрвэсэн байна. Зүүн Өмнөд Азийн хоёр хөрш орны хоорондох хилийн маргаан олон арван жилийн тэртээгээс эхлэлтэй бөгөөд энэ оны тавдугаар сарын сүүлчээр нэгэн камбож цэрэг мөргөлдөөний үеэр амиа алдсанаас хойш хурцадмал байдал даамжирчээ.


Өнгөрсөн пүрэв гарагт хил дээр тавьсан минад өртөн Тайландын нэг цэрэг хөлгүй болж, хоёр тал бие биенээ буруутгаснаар өнгөрсөн долоо хоногийн мөргөлдөөн эхэлсэн байна. Улмаар агаарын цохилт өгөх, пуужингийн дайралт хийх зэргээр ширүүн тулаан өрнөж байв. Хоёр улс Элчин сайдуудаа эргүүлэн татсан бөгөөд Тайланд улс Камбожтой хиллэдэг бүх боомтоо хаасны сацуу Камбожийн цагаач ажилчдыг нутаг буцахыг зөвшөөрсөн юм. 


Удаан үргэлжилсэн хилийн маргааны эцэст пүрэв гарагт болсон мөргөлдөөний дараахан И.Анвар гал зогсоох хэлэлцээ хийхийг санал болгосон юм. Хятад, АНУ мөн хэлэлцээнд дэмжлэг үзүүлэх санал тавьжээ. Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр орны удирдагчидтай ярилцаж, хэрэв мөргөлдөөн зогсохгүй бол тус хоёр улстай хийх худалдааны хэлэлцээг зогсооно гэж анхааруулсан юм.


Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоог /АСЕАН/ даргалж буй И.Анварын мэдэгдсэнээр, Тайландын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Пхумтам Вечаячай, Камбожийн Ерөнхий сайд Хун Манет нар гал зогсоох талаар харилцан ойлголцолд хүрчээ. Хэлэлцээний дараа И.Анвар хэлэхдээ, энэ бол эхний чухал алхам гээд, хоёр удирдагч нэн даруй гал зогсоож, хурцадмал байдлыг намжааж, энх тайван, аюулгүй байдлыг сэргээх чиглэлд өөрсдийн байр суурь, хүсэл эрмэлзэлээ илэрхийлсэн хэмээн нэмж хэлсэн байна.


“Ерөнхий сайд Анварын саяхан зарласан шийдэл нь харилцааг хэвийн болгоход чиглэсэн хоёр талын яриа хэлэлцээг урагшлуулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж Хун Манет мэдэгджээ. Харин Тайландын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч хэлэхдээ, гал зогсоох тохиролцоог “хоёр тал сайн санааны үүднээс амжилттай хэрэгжүүлж чадна” гэлээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг