
АНКАРА, 2025 оны долоодугаар сарын 29 /NDTV World/. Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх Android Earthquake Alerts (AEA) систем нь 2023 оны хоёрдугаар сарын 6-нд Туркт болсон байгалийн гамшгийн талаар иргэдэд зохих ёсоор анхааруулга өгч чадаагүй гэдгийг технологийн Google компани албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Энэхүү гамшгийн улмаас 55 мянга гаруй хүн амиа алдаж, нэг сая гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
Орон нутгийн цагаар өглөө эрт 04:17 цагийн үед Туркийнн зүүн өмнөд нутаг, Сирийн хойд нутагт 7,8 баллын хүчтэй газрын хөдлөлт болсны улмаас олон арван мянган байшин барилга нурж, унтаж байсан олон сая хүн гамшигт өртсөн юм. Үүний дараа 7,5 баллын хүчтэй газар хөдлөлтүүд болсон байна.
Хэдийгээр AEA систем бодит цагийн горимоор ажиллаж байсан боловч эхний газар хөдлөлтийг 4,5-4,9 баллын хүчтэй гэж илт дутуу үнэлсэн байна. Газар хөдлөлтийн голомтоос 160 км-ийн радиуст байсан 10 сая хэрэглэгчээс ердөө 469 нь “арга хэмжээ аваарай” гэсэн дохиог хүлээн авсан бол 500 мянган хүн “анхааралтай байгаарай” гэсэн сэрэмжлүүлгийг дуут дохиогүйгээр хүлээн авчээ.
Google AEA системийг ухаалаг гар утасны Android системд суулгадаг бөгөөд Туркийн хэрэглэгчдийн 70 гаруй хувь нь энэ системийг хэрэглэдэг байна. AEA систем нь газар хөдлөлтийн эхний түлхэлтэд дүн шинжилгээ хийж, сейсмийн хүчтэй долгион үүсэхээс өмнө анхааруулгыг яаралтай илгээх зориулалттай юм.
“Шинээр үүссэн газар хөдлөлт бүрийн талаарх өгөгдлүүдэд тулгуурлан бид системээ шинэчилсээр байна” гэж Гүүглийн төлөөлөгч ярилаа. Байгалийн гамшгийн дараа Гүүгл компани системээ шинэчилж, нэмэлт загварчлалыг хийсэн байна. Ингэснээр тус алгоритм нь 10 сая анхааруулга, 67 стандарт мэдээллийг илгээх боломжтой болжээ. Өнөөдрийн байдлаар, Android Earthquake Alerts системийг дэлхийн 98 улсад ашиглаж байгаа бөгөөд Туркт болсон гамшгийн дараа алгоритмыг сайжруулж, өгөгдлүүдийн үнэлгээ, шүүлтүүрүүдийг боловсронгуй болгосон байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0