sonin.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, 2026 оны улсын төсвийн талаар чухал чиглэлүүдийг Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулжээ. Тэрбээр ирэх оны төсвийг “иргэдийн оролцоог дээд зэргээр хангасан, бодит, нээлттэй төсөв” байхаар боловсруулах үүргийг Засгийн газрын гишүүдэд онцгойлон өгсөн байна.

Ерөнхий сайдын хэлснээр, төсвийн төлөвлөлт, хуваарилалтын бүхий л шатанд олон нийтийн оролцоог хуулийн хүрээнд бүрэн хангах ёстой. Иймээс ч төсөв боловсруулах эхний шатнаас эхлэн хоёр үе шаттай олон нийтийн санал авах ажиллагааг яам, агентлаг бүр нэн яаралтай зохион байгуулахыг үүрэг болгосон байна.


Сангийн яам 2026 оны төсвийн төслийг наймдугаар сарын 15-нд Засгийн газрын хуралдаанд өргөн мэдүүлж, улмаар есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барих товтой. Үүний өмнө хоёр дахь шатны хэлэлцүүлгийг олон нийтийн танхим хэлбэрээр зохион байгуулахыг Ерөнхий сайд сайд нарт үүрэгджээ. Энэхүү хэлэлцүүлгээр эдийн засгийн үр ашиггүй, нийгмийн шүүмжлэл дагуулсан зардлыг бууруулах, эрэмбэлэх, төсвийн бүтцийг оновчтой болгох асуудалд иргэдийн санал, оролцоог нэн тэргүүнд харгалзах нь чухал гэнэ.


Мөн Ерөнхий сайд төсвийн үр ашиггүй зардал, хэмнэж болох хэсгийг оновчтой ангилж, эдийн засгийн болон нийгмийн хувьд өгөөжтэй төсөл хөтөлбөрүүдийг түлхүү тусгах шаардлагатайг тодотгож, “Төсвийг шахсан бяслаг шиг, үр ашигтайгаар шахаж оруулж ир” гэсэн зүйрлэлээр үүрэг өгсөн нь анхаарал татаж байна.


Түүнчлэн Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газар хүний хөгжлийг хамгийн том МЕГА төсөл хэмээн зарлаж, төрийн бүтцийг цомхон, ил тод, шинэчлэлтэй болгох, төрийн өмчит компаниудыг бодит засаглалтай, тооны хувьд оновчтой болгох зорилтуудыг хэрэгжүүлж байгаатай төсвийн хандлага нягт уялдаж байна.


Энэ бүхний үндэс нь — иргэдийн татварын мөнгөөр бүрдэж буй улсын төсвийг иргэд өөрсдөө төлөвлөх, хянах оролцоог хангах шинэ үеийн төсөвлөлтийн эхлэл гэдгийг Ерөнхий сайд тодотгосон байна.


М.Чойжал