sonin.mn

НЕЙПИДО, 2025 оны долоодугаар сарын 31 /Kyodo/. Мьянмарын эрх баригч цэргийн хунтынхан тус улсад дөрвөн жил хагасын турш тогтоосон онц байдлыг өнөөдөр цуцалжээ. Ингэснээр иргэний дайн үргэлжилж буй энэ үед бүх нийтийн сонгууль явуулахад зайлшгүй шаардлагатай алхмыг хийлээ. 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Аун Сан Су Чи тэргүүтэй ард түмнээс сонгогдсон засгийн газрыг түлхэн унагасан төрийн эргэлт гарснаас хойш зэвсэг барин тэмцэж буй ардчиллыг дэмжигч иргэд болон цэргийнхний хооронд удаан үргэлжилсэн мөргөлдөөний улмаас онц байдлыг удаа дараа сунгасаар ирсэн юм.


Армийн хэвлэлийн төлөөлөгч Зав Мин Тун Үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлөөс онц байдлыг цуцлах шийдвэр гаргасны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, улс орон олон намтай ардчилсан тогтолцоо руу шилжих хэрэгтэй гэжээ. Тус улсын шийдвэр гаргах дээд байгууллага болох тус зөвлөлийн бүрэлдэхүүнд цэргийн хунтын удирдагч Мин Аун Хлаин ордог.


Харин цэргийнхэн одоо хоригдож буй Аун Сан Су Чигийн намыг сонгуульд оролцуулахгүй байх төлөвтэй байна. Түүний нам “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам 2020 оны бүх нийтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан боловч 2023 онд цэргийн хунтын томилсон сонгуулийн хороо тус намыг татан буулгажээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг