sonin.mn

Гүүний саам уухын ач тус, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаарх Анагаах ухааны доктор, хоол боловсруулах эрхтэн судлалын эмч Т.Цэрэнтогтохын зөвлөгөөг хүргэж байна


 


-Гүүний саам бусад сүүнээс юугаараа онцлог давуу байдаг вэ?


-Сүүг уургийн найрлагаар нь казеин агуулсан болон альбумин агуулсан гэж хоёр ангилдаг. Казеин агуулсан сүүний уургийн агууламж их тул хурдан гашилдаг. Харин альбумин уурагтай сүү шар сүүний агууламж ихтэй тул гашилдаггүй. Эхийн сүү болон гүүний саам нь альбумин суурьтай байдаг тул найрлагын хувьд адилхан. Саам нь бусад сүүнд маш бага агуулагдах лизоцим гэх нянгийн эсрэг фермент агуулдаг.


-Саам уух нь ямар ашиг тустай вэ?


-Зөв хэрэглэвэл саам эрүүл мэндэд маш тустай. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй буюу дархлааг дэмждэг. Өдөрт хоёр аяга саам ууснаар нэг өдрийн витамин C болон Д нөхөгддөг. Түүнчлэн, жингийн илүүдэл элэгний өөхлөлтийн үндсэн эмчилгээ нь хордлого тайлах. Гүүний саам нь хордлого тайлах, таргалалтад маш сайн үйлчилгээтэй. Тиймээс яг зэлэн дээрээс буюу дөнгөж саасан бүлээн саам уугаарай. 


-Зарим хүмүүс саам уусны дараа гэдэс нь гүйлгэдэг. Мөн хууч өвчин хөдөлгөдөг гэдэг. Энэ нь юунаас болдог вэ?


-Гэдэс гүйлгэх нь биед цэвэрлэгээ явагдаж байгаагийн шинж юм. Тухайн хүнд саам хэрхэн нөлөөж буйгаас хамаарч хүн бүрд өөр өөрөөр илэрдэг. Ихэвчлэн сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэдэг, цөс, нойр булчирхайн өвчтэй болон уураг шингээх чадвар муу хүмүүс саам уусны дараа гүйлгэдэг. Саам нь хүний биед эд эсийн түвшинд цэвэрлэгээ хийдэг учраас гүйлгэх нь хэвийн зүйл. Гэхдээ хараа хяналтгүй хэтрүүлэн хэрэглэвэл саамын хордлого ч болох тохиолдол байдаг учраас тунг нь тааруулах хэрэгтэй.


-Саам ууснаар өвчин нь эдгэрсэн тохиолдлууд бий юу?


-Би дөрөв дэх жилдээ гүүний саам ашиглан хүний биеийг эмчилдэг сувилалд ажиллаж байна. Энэ хугацаанд сувилалд маань элэгний хүнд өвчтэй хэд хэдэн хүн ирж байсан. Тэдгээр тохиолдлуудаас дурдвал, ковид цар тахлын үед хэвлийд нь ус үүсэн даамжирсан, хаван хөөх эмд тэсвэртэй болчихсон, бүтэн биеийн шарлалттай хүн ирж байсан. Бид 12 хоног системтэйгээр саам уулган хянаж эхэлснээс гурав дахь хоногтоо хэвлий усгүй болж зургаа дахь өдрөө биеийн шарлалт нь бүрэн алга болсон. Түүнчлэн саам уусны дараа В вирусийн тоо багассан тохиолдол ч гарсан.


 


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин