sonin.mn

2025 оны 8 дугаар сарын 16-нд БНХАУ-ын Гадаад харилцааны яам хэвлэлийн бага хурал хийжээ. Энэ үеэр "8 дугаар сарын 15 бол Япон улс ялагдлаа зарлан бууж өгсөн өдөр. Энэ өдөр Японы Ерөнхий сайд Ишиба Шигэру Ясукуни сүмд тахилга өргөж, Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, усан бүтээгдэхүүний сайд Коизүми Шинжиро, Сангийн сайд Като Кацунонобү болон барууны үзэлтэй улс төрчид болох Кобаяши Такаюки, Хагиуда Коити нар уг сүмд мөргөл хийсэн байна. Үүнд Хятадын тал ямар байр суурьтай байна вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад БНХАУ-ын ГХЯ-ыхэвлэлийн төлөөлөгч хариулахдаа: "Ясукуни сүм бол Японы цэрэгжилтийн гадаад түрэмгий дайныг өдөөхөд ашиглагдсан сэтгэл зүйн хэрэгсэл, бэлгэдэл бөгөөд тэнд түрэмгий дайнд ноцтой гэмт хэрэг үйлдсэн 14 А зэрэглэлийн дайны гэмт хэрэгтнийг тахиж байдаг. Японы талын энэхүү үйлдэл нь түүхийн шударга ёс, хүн төрөлхтний ухамсрыг илтэд үл хүндэтгэсэн үйлдэл бөгөөд Хятадын тал хүчтэй дургүйцэж, хатуу эсэргүүцлээ илэрхийлсэн.


Энэ жил Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн болон дэлхийн фашизмыг эсэргүүцсэн дайнд ялалт байгуулсны 80 жилийн ой.


Түүхийг зөв, үнэнээр танин хүлээн зөвшөөрөх нь Япон улс дайны дараа олон улсын хамтын нийгэмлэгт эргэн нэгдэх чухал нөхцөл, хөрш орнуудтай харилцаагаа хөгжүүлэх улс төрийн суурь бөгөөд мөн Япон улс энх тайвнаар хөгжих амлалтаа сахин биелүүлж чадах эсэхийг шалгах гол хэмжүүр юм.


Хятадын тал Япон улсыг түрэмгий дайны түүхтэйгээ шударгаар нүүр тулж, гүнзгий эргэцүүлэн бодож, Ясукуни сүм зэрэг түүхийн асуудлаар үг, үйлдлээ хариуцлагатайгаар цэгнэж, цэрэгжилттэй бүрэн таслан салж, энх тайвнаар хөгжих замыг тууштай баримтлан, бодит үйл ажиллагаагаараа Азийн хөрш орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг хүлээхийг уриалж байна" гэжээ.


Г.Бямба