sonin.mn

СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 18 /Yonhap/. Солонгосын тусгаар тогтнолын төлөө, Японы колоничлолын эсрэг тэмцэгчдийн талаар өгүүлэх баримтат киног Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, тэргүүн хатагтай Ким Хи Кён нар ням гарагт үзэж сонирхжээ. Хэдхэн хоногийн өмнө улс орон даяар Солонгосыг Чөлөөлсний 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн юм.  




Ли Жэ Мён, Ким Хи Кён нар 1910-1945 оны Японы колоничлолоос чөлөөлөгдсөний ойн өдрийг тохиолдуулан Сөүл хотын нэгэн театрт толилуулсан тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Хон Бомдогийн түүхийг өгүүлэх “La Resistance” киног үзжээ. Уг киног найруулагч Мун Сын Вүүк, баримтат кинонд өгүүлэгчээр оролцсон жүжигчин Чо Жин Вун, мөн киног үзэх хүсэлт гаргасан 119 хүн хамтдаа үзсэн байна.




Ли Жэ Мён иргэдэд хандан тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийг дурсаж хүндэтгэх арга хэмжээнд оролцохыг нийгмийн сүлжээний хаягаараа дамжуулан бямба гарагт урьсан байна. “La Resistance” кинонд 1920 онд Японы армийн эсрэг Бонго-дунгийн тулалдаанд Хон Бомдогийн байгуулсан ялалт болон Солонгосын Цэргийн академид түүний цээж баримлыг шилжүүлэн байрлуулахтай холбоотой саяхан дэгдсэн маргааны талаар өгүүлжээ.



Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг