
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 18 /NHK/. Солонгосын хойгт урьдчилан таамаглахын аргагүй гэнэтийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд хариу арга хэмжээ авах зорилго бүхий АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан хээрийн сургуулилалт эхэллээ.
“Эрх чөлөөний бамбай-Ульчи” гэдэг нэртэй жил тутмын сургуулилалт өнөөдөр эхэлж, 28-ны өдөр хүртэл үргэлжлэх ажээ. Энэ бол Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён 6 дугаар сард албан тушаалдаа орсноос хойш болж буй анхны хамтарсан хээрийн сургууль юм.
Сургуулилалт өмнө нь болж байсантай ижил цар хүрээнд явагдана гэдгийг Өмнөд Солонгосын армийн штаб мэдээлсэн байна. Хоёр улсын цэргүүд Умард Солонгос, Оросын цэргийн хэлхээ холбоо гүнзгийрч буй өнөөгийн нөхцөлд цөмийн, пуужингийн ба нисгэгчгүй нисэх аппаратуудын дайралтыг няцаахад бэлэн байх тактикийг боловсруулах юм.
Гэхдээ төлөвлөөд буй 40 орчим хээрийн дадлагаас хагасыг нь 9 дүгээр сард хийхээр хойшлуулжээ. Өмнөд Солонгост ер бусын их халуун болж байгаа болон бусад хүчин зүйлийг харгалзан үзсэний үндсэн дээр энэхүү шийдвэрийг гаргасан байна. Бусад хүчин зүйл гэдэг нь Ли Жэ Мёны засаг захиргаа Умард Солонгостой яриа хэлэлцээгээ сэргээхийг оролдож буйг хэлж байгаа бололтой гэж Өмнөд Солонгосын зарим хэвлэлд бичжээ.
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны дүү, Солонгосын Хөдөлмөрийн намын өндөр албан тушаалтан Ким Ё Жон хэдхэн хоногийн өмнө хийсэн мэдэгдэлдээ уг шийдвэрийг дурдаад, Пхеньяны хувьд Сөүлтэй яриа хэлэлцээ хийх сонирхол алга гэсэн байна.
Умардын тал АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан хээрийн сургуулийг эрс буруушаадаг бөгөөд ямар ч эргэлзээгүйгээр хариу арга хэмжээ авна гэдгээ байнга мэдэгддэг.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0