sonin.mn

СУКРЕ, 2025 оны наймдугаар сарын 18 /DW/. Боливийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт явагдаж магадгүй байгааг сонгогчид саналаа өгсний дараа авсан санал асуулгын дүн харуулжээ. Эрх баригч зүүний нам сүүлийн жилүүдэд үзэгдээгүй томоохон ялагдал хүлээх төлөвтэй байна. 

Ipsos, Captura санал асуулгын фирмүүдээс танилцуулсан хэсэгчилсэн дүнд үндэслэсэн таамаглалаар бол, төвч үзэлт сенатч Родриго Паз 32 гаруй хувийн санал авч тэргүүлжээ. Түүний араас 2001 онд тус улсыг богино хугацаанд удирдаж байсан барууны үзэл баримтлагч, Ерөнхийлөгч асан Хорхе “Туто” Куирога 26 орчим хувийн саналаар хоёрдугаарт жагссан байна.




Бизнесийн магнат Самуэл Дориа Медина сонгуулийн өмнөх санал асуулгаар нэгдүгээрт бичигдэнэ хэмээн таамаглаж байсан боловч тэрбээр гуравдугаар байр руу ухарчээ. Харин эрх баригч “Социализмын төлөөх хөдөлгөөн” нам 20 шахам жил ноёрхсоныхоо дараа эрх мэдлээ алдаж магадгүй болоод байна.




Эхний шатанд аль нэгэн нэр дэвшигч сонгогдоход шаардлагатай олонхын саналыг авна гэж ажиглагчид үзэхгүй байна. Хоёр дахь шатны санал хураалтаас зайлсхийхийн тулд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид 50-иас дээш хувийн санал авах эсвэл 40 гаруй хувийн санал авч, удаах өрсөлдөгчөөс 10 хувийн саналаар давамгайлах шаардлагатай.




Ингэснээр ирэх 10 дугаар сарын 19-нд товлогдсон хоёр дахь шатны сонгууль нь тус улсын түүхэнд байгаагүй санал хураалт болох юм. Ням гарагт болсон Боливийн бүх нийтийн сонгууль сүүлийн 40 жилд тохиолдоогүй эдийн засгийн хямрал нүүрлэсэн, мөн зүүний үзэлт ерөнхийлөгч асан Эво Моралес нэр дэвшээгүй зэрэг дуулианы сүрэнд дарагджээ.




Ням гарагт болсон сонгууль Андын үндэстний зүүний үзэл баримтлалыг зогсоож магадгүй юм. Сүүлийн 20 жилийн турш Боливийн улс төрийн өнгө төрхийг эрх баригч “Социализмын төлөөх хөдөлгөөн” нам тодорхойлсоор ирсэн билээ. Боливийн Үндсэн хуулийн цэц тус намыг үүсгэн байгуулагч Э.Моралесийг энэ удаагийн сонгуульд оролцохыг хориглосон юм. Гурван удаа дараалан сонгогдсон Э.Моралесын зүгээс өөрийнх нь эрхийг хассаныг эсэргүүцэж, цагаан хуудсаар хоосон санал өгөхийг уриалсан байна.


 


Э.Моралестай таагүй харилцаатай болсон одоогийн социалист үзэлт Ерөнхийлөгч Луис Арсегийн хувьд нэр хүнд нь унасан тул дахин сонгогдохгүй байхаар шийджээ. Тэрбээр өөрийнхөө оронд засгийн газрын сайд Эдуардо дель Кастилогийн нэрийг дэвшүүлсэн юм. Гэвч тэрбээр ердөө 3 гаруй хувийн санал авах төлөвтэй байна.



Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг