
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 19 /BBC/. АНУ-ын хууль тогтоомжийг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр гадаадын 6000 гаруй оюутны визийг хүчингүй болгосон гэж Төрийн департаментаас ВВС телевизэд мэдээлжээ.
Мэдээлэлд дурдсанаар, зөрчлийн дийлэнх нь танхайрсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хулгай хийсэн, “терроризмыг дэмжсэн” зэрэг үйлдлүүд байв. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа цагаачид болон гадаадын оюутнуудын эсрэг хатуу арга хэмжээг үргэлжлүүлэн авч байгаа үед ийм алхмыг хийжээ.
Төрийн департамент “терроризмыг дэмжсэн” гэдэг нь ямар утгатай болохыг тодорхой дурдаагүй боловч Д.Трампын засаг захиргаа Палестиныг дэмжин жагсаал хийсэн зарим оюутныг еврейн эсрэг үйлдэл хийсэн гэж үзэн визийг нь хүчингүй болгосон байна.
Нийт 6000 оюутны визийг цуцалснаас 4000 орчим хүний виз хууль зөрчсөний улмаас хүчингүй болсон гэж Төрийн департамент мэдэгджээ. Мөн “терроризм үйлдсэн” гэсэн үндэслэлээр мөн 200-300 хүний визийг цуцалсан гэдгийг дурдсан байна.
Энэ оны эхээр Д.Трампын засаг захиргаа гадаадын оюутнуудад визийн ярилцлагын цаг товлохоо түр зогсоосон юм. Харин зургаадугаар сард цаг товлохыг сэргээхдээ бүх өргөдөл гаргагчаас нийгмийн сүлжээний хаягуудаа олон нийтэд нээлттэй болгохыг хүсжээ. Ингэхдээ “Америкийн иргэд, соёл, засгийн газар, институци, үүсгэн байгуулах зарчмуудад дайсагнасан шинж тэмдэг байгаа эсэхийг хайж олно” гэж мэдэгдсэн байна.
Төрийн департаментын ажилтнуудад мөн “гадаадын террористууд болон үндэсний аюулгүй байдалд учирч буй бусад аюул заналхийллийг дэвэргэж, тусалж дэмжиж байгаа, эсхүл еврейчүүдийн эсрэг дарамт үзүүлж, хүчирхийлэл үйлдэж буй хүмүүсийг” шалгахыг үүрэг болгожээ.
Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тавдугаар сард хууль тогтоогчдод хандан хэлэхдээ, нэгдүгээр сараас хойш “олон мянган” оюутны визийг хүчингүй болгосныг мэдээлжээ. Харин Ардчилсан намынхан оюутны визийг хүчингүй болгож буй Д.Трампын засаг захиргааны шийдвэрийг эсэргүүцэж байна.
2023-2024 оны хичээлийн жилд дэлхийн 210 гаруй орны 1.1 сая гаруй оюутан АНУ-ын коллежуудад элсэн суралцсан болохыг гадаад оюутнуудын талаарх мэдээллийг цуглуулдаг “Open Doors” байгууллагын мэдээлэлд дурдсан байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Хятад оюутан байхгүй хэцүүдсэн. Хятадын ардын чөлөөлөх армийн тагнуул хийж мэдэх оюутан олон байдаг биз.