
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 21 /Kyodo/. Японы төвийн нутгийн нэгэн хотод ухаалаг гар утас хэрэглэх хугацааг ажил, сургуулиас гадуур өдөрт хоёр цаг болгож хязгаарлахыг бүх оршин суугчид сануулсан зөвлөмжийг гаргахаар төлөвлөж байна. Технологийн хэт их хэрэглээнээс үүдэлтэй нөлөөллөөс зайлсхийж буй үед эл шийдвэрийг гаргажээ.
Айчи мужийн Тоёакэ хотын захиргаанаас боловсруулсан энэхүү дүрэм нь Японд ухаалаг гар утас болон бусад электрон төхөөрөмжүүдийн хэрэглээг хязгаарласан хотын түвшний анхны зохицуулалт байх болно гэж хотын захиргаа мэдэгдсэн байна. Орон нутгийн ассамблейгээр батлагдвал уг дүрэм ирэх 10 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
“Бид энэхүү дүрмээрээ дамжуулан ухаалаг гар утсаа хэрхэн ашигладаг тухайд тунгаан бодох боломжийг хүмүүст олгохыг хүсэж байна” гэж нэгэн албаны хүн хэлжээ. Дүрмийн төсөлд хүүхдүүдийг сайн унтаж амраах үүднээс бага ангийн сурагчдад оройн 21:00 цагаас хойш ухаалаг утас хэрэглэхгүй байхыг уриалсан бол дунд, ахлах ангийн сурагчид болон түүнээс дээш насныхан оройн 22 цаг гэхэд аливаа төхөөрөмжийг хэрэглэхээ зогсоохыг зөвлөжээ.
Уг төсөлд ухаалаг утас, суурин компьютер, таблет нь зайлшгүй шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч нийгмийн сүлжээ, видео стриминг үйлчилгээнүүдийг хэтрүүлэн ашиглах нь эрүүл мэнд, гэр бүлийн амьдралд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулсан байна. Мөн цахим төхөөрөмжүүдийн зохистой хэрэглээг сурталчлан таниулахын тулд сургууль, эцэг эхчүүдтэй хамтран ажиллахаар тусгажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
манайх ч гэсэн дууриахад болохоор зөв арга хэмжээ байна ...