sonin.mn

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Бас түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхийн тухай их уншдаг. 



Энэ өдрүүдэд түүхт ой тохиож байна. 1968 оны 8 дугаар сарын 21-нд Зөвлөлтийн арми Варшавын Гэрээгээр халхавчлан асар их хүчээр (500 мянган цэрэг, 2000 гаруй танк) Чехословак улсад цөмрөн орж “Прагийн хавар” гэх ард түмний ардчилсан хувьсгалыг нь нухчин даржээ.


“Комсомольская правда” сонины дугаарт:–Вологда, Волгоград, Москвагийн залуу хөвгүүд манай ард түмнийг, манай энхийг эрхэмлэгч бүх армийг тэнд нэр төртэй төлөөлж байна. Зөвхөн социализм цаашид хадгалагдаасай, манай найрамдалт Чехословак улс хөгжөөсэй гэж Зөвлөлтийн ард түмэн санаа тавьсандаа манай арми тэнд явж орсныг манай залуус алхам тутамдаа тайлбарлан таниулж явна гэж бичиж байжээ. 



“Энхийг эрхэмлэгч арми” гэдэг алдраа бадруулан 1981 онд Польшид цэргийн эргэлт хийхээ шахсан, “Энхийг эрхэмлэгч арми” 1979 онд Афганистанд цэргийн тусгай ажиллагаа явуулж ороод бараг 10 жил байлдаад үндсэндээ ялагдаад буцаад гарсан. “Энхийг эрхэмлэгч арми” нь 1953, 1956 онд Зүүн Герман, Унгарын ард түмний бослогыг цус урсган дарсан.



“Энхийг эрхэмлэгч арми” одоо Украинд цусан далайн намагт шигдээд гарч чадахгүй зууралдан байна.



Оросын энхийг эрхэмлэгч шилдэг армийн ноён нуруу Украины фронт дээр хугарсан. “Энхийг эрхэмлэгч арми” гэдгийг нь яг эсрэгээр нь ойлгочихож болно. Энэ бол зүгээр л пропаганда юм. Тархи угаах цол чимэг.



Тэгвэл 7 хоногийнх нь ойн өдөр тохиож байгаа гэдгээр Аляскийн уулзалтын тухай Йелийн их сургуулийн түүхийн профессор Тимоти Снайдер гэдэг эрдэмтнээс сонирхоё. “Оросын хувьд Трамп бол хамгийн гол боломж, Трампад нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх хүсэл алга байгаа учраас Орост боломж л олгож байна” гэж ярьсан нь английн “Гардиан” сонины сайтад байна. 



Трамп өөрийгөө түүхэнд нэрээ дуурсгах энхийг эрхэмлэгч, энхийг цогцлуулагч гэж мөнхлөхөөр шийджээ.



Гэвч дайн энхийн асуудалтай холбогдох өнгөрсөн ба одоогийн бодит фактыг Трамп тооцоолж үзэхгүй байгаагаас энхийг бүтээх гэдэг нь огтоос боломжгүй юм. Тэгж яривал Трамп энэ дайныг (Украин дахь) сунгасан, нөхцөл байдлыг хэрэг дээрээ бүр дордуулсан гэж дүгнэжээ. Цааш нь юу гэж ярьсан гээч. 


Тимоти Снайдер:–Москвагийн өнцгөөс бол Трамп нь урьдын адил энэ дайныг дэмжин сайшаах эх сурвалж хэвээрээ байна. Тэр одоогийн байгаа шигээ үргэлжлэн тэгж авирлах аваас дайн үргэлжлэх болно. Цэргийн гэмт хэрэгт яллагдсан нөхрийг АНУ-ын цэргийн баазад урьж аваачад бүр өөрийнхөө лимузинд авч суулган давхина гэдэг энх тайвны тухай дохио сануулга огт биш. Харин ч бүр эсрэгээр нь илтгэн харууллаа. 


Энэ юу харуулав? Трамп зөвхөн өөрийгөө бодоод байна. Путинтэй зэрэгцэж зогсоод түүнд ямар нэгэн таатай зүйл хэлж, бүр хөзөр атгуулах амлалт өгч, бусад ертөнц яах нь хамаагүй мэт авирлалаа. Хамгийн гол нь Трамп юу ч хийсэнгүй гэдгээрээ Байденаасаа ялгарч байна. Байден бол Оросын талаар ямар нэгэн бодлого боловсруулан явуулсан хүн шүү дээ. Харин Трамп санкц одоо хүртэл тавьсангүй. Оросын активыг царцаах тухай ярьсангүй. Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэх талаар бас ярьсангүй. 



Харин бүр эсрэгээрээ Орост асар том буулт хийлээ. Хэлэлцэх хэргээс НАТО-г хасч хаяхаар завдлаа. Дайны төлбөр төлүүлэх тухай ярихгүй байна. Дайн дууссаны дараа түрэмгийлэгчийг ямар нэг хэлбэрээр шийтгэх тухай ярьсангүй. Энэ мэтээр том ухралт хийлээ. Тийм учраас Трампын учрыг олж болно гэж оросууд ойлгож авлаа. Зүгээр л магтаад байхад болох юм байна гэдэгт оросууд итгэлээ. Дараа нь Трампыг зурагтаар хэрхэн шившиглэх вэ гэдэгтээ оросууд итгэлтэй байна. Өнөө орой, цаашдаа ч өөрсөддөө ашигтай байдлаар Трампыг даапаалах юм байна.



Хэрэв Трамп Украин дахь дайныг үнэхээр эцэслүүлэхийг хүсч байгаа бол Украины байр суурийг бэхжүүлэх хэрэгтэй. Украинд өөрийгөө хамгаалах боломж олгох ёстой. Тэгж байж л дайн дуусна.



Энэ бол бааз суурь нь болох геополитикийн бодит байдал гэж би итгэж байна, Трамптай хамт байгаа олон хүн үүнийг маш сайн ойлгож байгаа.


Зеленскийн хувьд дайныг дуусгах цорын ганц арга нь бууж өгөх биш юм. Капитуляц болчих л юм бол энэ нь зөвхөн дайн үргэлжлүүлэх шинж тэмдэг болно. Дайн, шинэ шинэ яргалал, ирээдүйн олон мөргөлдөөнийг өөгшүүлэх болно. Хэрэв бид Зеленскийн байр суурийг бэхжүүлж, түүний талд, украинчуудын талд зогсож, тэдэнд өөрсдийгөө хамгаалахад нь туслаж, хүчний тэнцвэрийг өөрчилж чадвал дайныг зогсоож болно. Энэ бол бидний хийж чадах гол зүйл. Одоогоор бид Орост ашигтайгаар хүчний тэнцвэрийг өөрчлөөд байна. Тиймдээ ч украинчуудад дайныг дуусгах боломжгүй болгочихоод байна хэмээн америк профессор Тимоти Снайдер ярьжээ. 


Энд би юу хөрвүүлж буулгав. Хараал урсгалгүйгээр эрүүлээр сэтгээд үзэхэд Украинд энх тайван тогтоох нэгдүгээр оролцогч нь украинчууд өөрсдөө юм байна. Трамп нь түрэмгийлэгч армийг энхийг эрхэмлэгч арми, түрэмгийлэгч Путиныг энхийг эрхэмлэгч Путин гэж харах гээд үнэхээр хөгийн байдалд орж байна гэдгийг дээр хэллээ. Дайныг ялалтаар дуусгах тухай Путины хүсэлд Трамп итгэл өгсөн ч Украин–Европын эв нэгдэл, нэгдсэн их хүчийг Трамп ойлгох цаг ирэх болов уу.  



Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)