2025 оны 8-р сарын 19-ний өдөр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Шинэ Дели дэх Ерөнхий сайдын ордонд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад хэрэг эрхэлсэн хорооны тамгын газрын дарга Ван И-г хүлээн авч уулзав.
Ши Жиньпин дарга болон ерөнхий сайд Ли Чян нарт чин сэтгэлийн мэндчилгээг нь дамжуулахыг Нарендра Моди Ван И-гээс хүсээд, Хятад улсад очиж ШХАБ-ын Тяньжиний дээд хэмжээний уулзалтад оролцохын зэрэгцээ Ши Жиньпин даргатай уулзахыг маш их хүсэн хүлээж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр мөн, ШХАБ-ын ээлжит дарга орон болох Хятадын талын ажлыг Энэтхэг улс бүрэн дэмжиж, дээд хэмжээний уулзалт бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг баталгаажуулах болно гэжээ.
Нарендра Моди хэлэхдээ: "Энэтхэг Хятад хоёр орон бол эртний соёл иргэншилтэй орнууд бөгөөд найрсаг солилцооны урт удаан түүхтэй. Ноднингийн 10-р сард Казань хотод болсон хоёр орны удирдагчдын уулзалт хоёр орны харилцааг сайжруулан хөгжүүлэхэд эргэлтийн цэг болсон юм. Энэтхэг, Хятад хоёр орон бол өрсөлдөгч биш харин түншүүд бөгөөд хоёулаа хөгжлийг хурдасгах нийтлэг үүрэг зорилттой нүүрлэж байна. Солилцоогоо эрчимжүүлж, ойлголтоо нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа өргөтгөж, Энэтхэг, Хятадын хамтын ажиллагааны асар их нөөц бололцоо, гэрэл гэгээтэй хэтийн төлөвийг дэлхий нийтэд харуулах ёстой. Хоёр тал мөн хилийн асуудлыг эв зүйтэй хянан зохицуулж, санал зөрөлдөөнөөс зөрчил маргаан үүсэхээс сэргийлэх ёстой гэв. Ши Жиньпин дарга, Ли Чян ерөнхий сайд нарын найрсаг дотнын мэндчилгээг Ван И Нарендра Модид дамжуулаад, ерөнхий сайд Нарендра Модиг Хятад улсад хүрэлцэн ирж, ШХАБ-ын Тяньжиний дээд хэмжээний уулзалтад оролцохыг урив.
Ван И хэлэхдээ: ноднингийн 10-р сард хоёр орны удирдагчид Казань хотод амжилттай уулзалт хийж, Хятад Энэтхэгийн харилцааг удирдан чиглүүлж шинэ гарааг эхлүүлсэн юм. Хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хоёр тал нямбай сайтар хэрэгжүүлж, хоёр орны харилцааг сайжруулж хөгжүүлэх шинэ үйл явцыг урагш ахиулав. Энэ байдал хялбархан олдоогүй тул нандигнах нь зүйтэй. Энэ удаад урилгаар Энэтхэгт ирж хилийн асуудлаарх тусгай төлөөлөгчдийн уулзалтад оролцсон бөгөөд энэ нь мөн хоёр орны өндөр түвшний харилцаанд урьдчилсан бэлтгэл хийсэн явдал болов. Бүх талаар, гүнзгий харилцахаар дамжин хоёр талт харилцааны талаар бид төрөл бүрийн салбарын яриа хэлцлийн механизмыг сэргээх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон талт үзлийг баримтлах, дэлхийн сорилтын эсрэг хамтдаа тэмцэх, ганц талын дээрэлхэх үйлдлийг эсэргүүцэхэд санал нэгдэв. Хилийн асуудлаар, бид байнгын хяналт удирдлагыг хэрэгжүүлэх, хил орчмын бүс нутаг дахь энх тайван, амар амгалан байдлыг хамгаалах, эмзэг цэгүүдийг зөв зүйтэй зохицуулах, шаардлага хангасан бүсэд хилийн заагийг тогтоох хэлэлцээрийг эхлүүлэх талаар шинэ нийтлэг ойлголтод хүрсэн гэв.
Даваа - 03 сарын 30,
2026
Сэтгэгдэл0