sonin.mn

ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 22 /NHK/. Японд ачааны машины жолооч нар дутагдаж буй асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэхийн тулд автомат жолоодлоготой ачааны машин ашиглан хол зайд тээвэр хийж эхэлжээ. Энэхүү санаачилгын үйл явцыг пүрэв гарагт Токиогийн хойд хэсэгт орших Ибараки мужид хэвлэлийнхэнд үзүүлсэн байна.


Энэ оны долоодугаар сараас эхлүүлсэн уг төсөлд Токиогийн автомат жолоодлогын систем хөгжүүлэгч “T2”, “Sagawa Express” зэрэг таван томоохон логистикийн компани оролцож байна. Ибараки дахь туршилтын талбай дээр хийсэн танилцуулгын үеэр ачааны машин II түвшний автомат жолоодлогын тусламжтайгаар явж байгааг харуулжээ. Энэ түвшинд жолооч нь машины бүхээгт байх боловч жолооны хүрдэнд хүрдэггүй.


Тээврийн хэрэгсэл цагт 70 км хурдалж, тахир замыг автоматаар туулж, эгнээ солихын тулд хурдаа сааруулсан байна. Ачааны машиныг Токио болон Нагояг холбосон Томей хурдны замд өнгөрсөн сараас хойш долоо хоногт ойролцоогоор тав орчим удаа ашиглаж байгаа ажээ. Мөн Токио, Осака зэрэг Канто болон Кансай бүсүүдийн хооронд ачаа тээвэрлэж байна.


Төслийн одоогийн шатанд жолооч машины бүхээгт байсаар байх бол IV түвшний жолоочгүй ачааны машиныг 2027 он гэхэд арилжааны зориулалтаар ашиглахыг зорьж байгаа ажээ. “T2” компанийн бизнесийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Күнитоши Кэн хэлэхдээ, логистикийн салбарт ажиллах хүчний хомсдол ихээхэн тулгамдсан асуудал болж байгаа тул алдах цаг бага байгааг онцолжээ. Улмаар 2027 он гэхэд бүрэн автоматжуулалтыг нэвтрүүлснээр Японы логистикийн салбарын тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байгаагаа тэрбээр илэрхийлжээ. 



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг