sonin.mn

БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орон (ӨЗО) байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэ өдрүүдэд Төвөдийн Лхас хотноо болж буй түүхэн ойн хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцож байна.

Өнгөрсөн нэгэн жарны хугацаанд Төвөдийн ӨЗО нь Хятадын Коммунист Намын удирдлага дор социалист тогтолцоо, орон нутгийн онцлогтой ардчилсан засаглалыг байгуулж, өөрчлөлт шинэчлэлийн нээлттэй бодлогуудыг хэрэгжүүлж, бүх талаараа цэцэглэн хөгжсөн чинээлэг дундаж давхарга бүхий нийгмийг цогцлоож, хоцрогдсон байдлаас хөгжил дэвшил рүү, тусгаарлагдмал байдлаас нээлттэй байдалд шилжиж, ард иргэд нь амин зуулгаа арайхийн залгуулж байсан нөхцөл байдлаасаа гаран амьжиргааны түвшнээ эрс ахиулан хөгжил цэцэглэлтийн замд орсон түүхэн өөрчлөлтийг хийж чадсан юм. Тухайлбал, статистик мэдээнээс үзвэл, Төвөдийн ӨЗО-ы дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 онд 276.5 тэрбум юань болсон нь 1965 оныхтой харьцуулахад даруй 154 дахин өссөн үзүүлэлт бөгөөд ДНБ-ий жилийн дундаж өсөлт нь 8.9 хувьд хүрч эдийн засгийн өсөлтийн хурдаараа улсдаа тэргүүлэх бүс нутгийн нэг болоод байна. Мөн өнгөрсөн 60 жилийн хугацаанд хотын оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 122 дахин, хөдөөгийн оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 200 дахин өссөн нь тус ӨЗО-ы хөгжлийн тод жишээ, бодит үр дүн юм.




Ардчилал ба оролцоо


Төвөдийн ӨЗО-д өдгөө ардчилсан оролцоо бодитоор хэрэгжиж байна. Жишээлбэл, Төвөдийн хот, сянь болон бусад түвшний ардын их хурлын нийт төлөөлөгчийн 89.2 хувь, БНХАУ-ын 14 дэх удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралд Төвөдөөс оролцож буй төлөөлөгчдийн 68 хувийг төвөдүүд болон тус ӨЗО дахь бусад үндэстний цөөнх бүрдүүлж байна. Энэ нь үндэстний цөөнхүүдийн дуу хоолой бодлогын түвшинд бүрэн хүрч буйн нэгэн илрэл болно.


Эрх чөлөө ба олон талт оршихуй


Эрх чөлөө бол Төвөдийн ӨЗО-ы өнгөрсөн нэгэн жарны хөгжлийн тулгын чулууны нэг юм. Өнгөрсөн хугацаанд Төвөдөд буддизм, хэл, соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх эрх хууль ёсоор баталгаажсан байна. Өдгөө Төвөдөд 46 мянга гаруй лам хувраг, 12 мянган мусульман шашинтан, 700 гаруй католик сүсэгтэн өөрийн итгэл үнэмшлээ даган шашин шүтэх эрх чөлөөгөө эдэлж байна. Төвөдийн сүм хийдийн 98 гаруй хувь нь засмал зам, цахилгаан, цэвэр болон бохир усны шугамд холбогдож, телевиз, радиогийн хүртээмжийг бий болгосон нь орчин үеийн хөгжил ба уламжлалт итгэл үнэмшлийн уялдаа болж байна. Түүнчлэн Засгийн газраас жил бүр 26 сая юанийг бүртгэлтэй лам хуврагуудын нийгмийн даатгал, эрүүл мэнд, тэтгэвэр зэрэгт зориулан төсөвлөж буй нь нийгмийн халамжийн бас нэгэн чухал бодлого болжээ.



Эдийн засгийн шинэ боломжууд


Сүүлийн жилүүдэд Төвөдийн ӨЗО бүс нутгийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцож, нээлттэй хөгжлийн шинэ замд ороод буй юм. Тус ӨЗО-д бүс нутгийн аялал жуулчлалын хөгжил эрчимжиж, Лхас зэрэг хотууд соёл, худалдааны төв болон хөгжиж байна. Энэ оны хоёрдугаар сард л гэхэд Төвөд–Хонконгийг холбосон анхны арилжааны нислэг үйлчилгээнд гарсан нь Төвөдийн аялал жуулчлалын хөгжлийг хөхиүлэн дэмжиж, Гуандун-Хонконг-Макаогийн Их булангийн бүстэй харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд ихээхэн түлхэц болж байна.


Түүнчлэн, “Бүс ба Зам” санаачилга нь Төвөдийг Хятад болон Өмнөд Азийг холбох чухал стратегийн ач холбогдол бүхий коридор болгон хувиргаж, худалдаа, хөрөнгө оруулалт, соёлын солилцоо, ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлж байна.


Байгаль экологи, сайн сайхан аж амьдрал


Өдгөө Төвөдийн ӨЗО зам тээвэр, эрчим хүч, дижитал эдийн засаг, ногоон аж үйлдвэр зэрэг салбарт үсрэнгүй амжилт гаргаж, өндөрлөгийн онцлогтой цэвэр эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарыг эрчимтэй хөгжүүлж байна. Байгаль хамгааллын томоохон төслүүд хэрэгжүүлснээр өндөрлөг нутгийг цэнгэг ус, цэлмэг тэнгэр, ногоон тал хөндий чимэн байна.

Мөн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлснээр 1965 онд ердөө 35 жил байсан Төвөдийн ард иргэдийн дундаж наслалт өдгөө хоёр дахин нэмэгдэн 72.5 жил болоод буй юм.


Өнгөрсөн оны байдлаар, Төвөд нь янз бүрийн түвшний 3,618 сургууль, 96,600 багш ажилтантай, нийт 97,0000 суралцагчтай байсан бөгөөд энэ нь тус ӨЗО-ы нийт хүн амын 25 гаруй хувийг эзэлж байна. Нэгэн жарны хугацаанд боловсролын салбарт гарсан түүхэн үсрэлт нь тус ӨЗО-ы хүний нөөцийг дэмжиж, бүс нутгийн урт хугацааны тогтвортой байдал, өндөр чанартай хөгжилд ихээхэн эрч хүч нэмж байна.

Ийнхүү ардчилал, эрх чөлөө, соёлын олон янз байдал, эдийн засгийн хүчирхэг өсөлт нь өнөөдөр өндөрлөг газрын Төвөд орон хөгжлийн шинэ өндөрлөгт хүрснийг илтгэн харуулж байна.


Төвөдийн ӨЗО-ы 60 жилийн ой бол өнгөрсөн нэгэн жарны дурсамж, ололт амжилтын гэрч төдийгүй шинэ жарны хөгжлийн эхлэл юм.


 


Г.Солонго