2025 оны 8 дугаар сарын 21-нд болсон БНХАУ-ын Худалдааны яамны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Юнчянь мэдэгдэхдээ, энэ он гарснаас хойш олон улсын эдийн засаг, худалдааны хөгжилд тулгарах эрсдэл, сорилтууд нэмэгдэж буй ч БНХАУ-ын гадаад худалдаа тогтвортой өсөх ерөнхий чиг хандлагаа хадгалан, эхний 7 сард 3.5 хувийн өсөлт үзүүлж, тоо хэмжээ болон чанарын хувьд зэрэг ахиц гаргасан байна гэжээ.
Хэ Юнчянь тэмдэглэхдээ, өнгөрсөн оны 4 дүгээр улирлаас эхлэн Хятадын Худалдааны яам холбогдох байгууллагуудтай хамтран гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийн захиалга, хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах чиглэлээр бодлогын дэмжлэгийг тасралтгүй бэхжүүлж ирсэн гэв.
Энэ оны эхний 7 сард БНХАУ-ын шинэ тулгар хөгжиж буй зах зээл болон бусад зах зээлтэй хийсэн импорт, экспорт 5 хувиар өсөж, нийт гадаад худалдааны 65.5 хувийг эзэлжээ. Тухайлбал, АСЕАН-ы орнуудтай хийсэн худалдаа 9.4%-иар, Африк тивтэй хийсэн худалдаа 17.2%-иар тус тус нэмэгдсэн нь нийт дүнгээсээ мэдэгдэхүйц өндөр үзүүлэлт болсон байна.
Мөн эхний 7 сарын хугацаанд БНХАУ-ын машин, цахилгаан тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүний экспорт 9.3%-иар өсөж, нийт экспортын 60 хувийг бүрдүүлсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 1.1 нэгжээр нэмэгджээ. Ухаалаг гэр ахуйн бүтээгдэхүүн, цахилгаан автомашин, аж үйлдвэрийн робот, хөлөг онгоц зэрэг өндөр технологи, өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспорт тогтвортой өндөр өсөлтөө барьсан байна.
Хэ Юнчянь цааш нь, дэлхийн худалдаанд уруудах эрсдэл оршсоор байгаа ч БНХАУ өндөр түвшний гадаад нээлттэй байдлаа тууштай өргөжүүлж, гадаад худалдааг тогтвортой өсгөж, чанарыг нь ахиулах бүрэн итгэл, бололцоотой бөгөөд олон худалдааны түнштэй хамтран бэрхшээлийг даван туулж, хөгжлийн боломжийг хамтдаа хуваалцах болно гэдгээ онцлон тэмдэглэв.
Даваа - 03 сарын 30,
2026
Сэтгэгдэл0